Америкийн алдарт реппер Lil Pump-ийг Украины “Миротворец” буюу “Peacemaker” цахим мэдээллийн санд бүртгэсэн талаар Оросын TASS агентлаг мэдээллээ. Тус цахим хуудсанд түүнийг ОХУ-ыг олон нийтийн өмнө дэмжсэн гэх үндэслэлээр мэдээллийн санд оруулсан байна.
“Миротворец” сайт нь 2014 онд байгуулагдсан бөгөөд Украины үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гэж үзсэн хүмүүсийн талаарх мэдээллийг нийтэлдэг. Тус мэдээллийн санд өмнө нь Крым болон Донбасст зорчсон, мөн Украины эрх баригчид болон тус улсын байр суурийг шүүмжилсэн гэж үзсэн сэтгүүлчид, улс төрчид, уран бүтээлчдийн нэр багтаж байжээ.
Жинхэнэ нэр нь Газзи Гарсиа болох Lil Pump нь “SoundCloud” платформоор дамжуулан уран бүтээлээ түгээж, 2010-аад оны дунд үеэс олонд танигдсан юм. Түүний “Gucci Gang” дуу олон улсад хит болж, анхны цомог нь “Billboard 200” жагсаалтын эхний гуравт бичигдэж байсан билээ.
TASS агентлагийн мэдээлснээр Lil Pump наймдугаар сарын 20-нд Москвад хүрэлцэн ирсэн бөгөөд наймдугаар сарын 22-нд ОХУ-д анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Тэрбээр өмнө нь ОХУ-д очиж, тус улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байсан бөгөөд Орос дахь шүтэн бишрэгчдэдээ хайртайгаа илэрхийлж байжээ.
Мөн Lil Pump TASS-д өгсөн ярилцлагадаа ОХУ-ыг өөрийн тоглолт хийж байсан улс орнуудаас хамгийн шилдэг нь хэмээн онцолсон байна.

