Шинэ Гвинейд урьд өмнө шинжлэх ухаанд бүртгэгдээгүй могойн шинэ зүйл илрүүлж, алдарт “Guns N’ Roses” хамтлагийн гитарчин Slash-ийн нэрээр нэрлэжээ.
АНУ-ын Чикаго хот дахь Байгалийн түүхийн хээрийн музейн судлаачид Шинэ Гвинейгээс шинэ төрлийн газрын могой илрүүлсэн байна. Судлаачид уг могойг “Lielaphis slashi”, харин түгээмэл нэрийг нь “Slash’s groundsnake” хэмээн нэрлэжээ. Шинэ зүйл нь хоргүй бөгөөд хүний хувьд аюулгүй аж. Хар хүрэн өнгийн бие, бор шаргал хэвлийтэй бөгөөд Шинэ Гвинейн байгалийн орчинд амьдардаг байна.
“Guns N’ Roses” хамтлагийн гитарчин Slash өөрийн нэрээр шинэ төрлийн могойг нэрлэсэнд баяртай байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Би олон жилийн турш мөлхөгч амьтдыг сонирхож ирсэн. Миний нэрээр шинэ төрлийн могойг нэрлэсэнд үнэхээр их баярлаж байна” гэсэн байна.
Slash багаасаа могой болон бусад мөлхөгч амьтдыг сонирхдог байсан бөгөөд энэ сонирхол нь түүний уран бүтээлд ч тусгалаа олжээ. Тухайлбал, тэрбээр 1994 онд “Slash’s Snakepit” нэртэй рок хамтлаг байгуулж байсан юм.
Могойг Slash-ийн нэрээр нэрлэх санааг АНУ-ын Чикаго хот дахь Байгалийн түүхийн хээрийн музейн герпетологийн ахлах куратор Сара Руэйн гаргасан байна. Тэрбээр Slash-ийн мөлхөгч амьтдад дуртай, музей болон байгалийн түүхийг сонирхдог талаар өмнө нь ярьж байсан нь шинэ зүйлд түүний нэрийг өгөхөд нөлөөлсөн гэжээ.
Чикагогийн Байгалийн түүхийн хээрийн музей, Ратгерсийн их сургууль, Луизиана мужийн их сургуулийн Байгалийн шинжлэх ухааны музей, Папуа Шинэ Гвинейн Үндэсний музей, уран зургийн галерей-н судлаачид шинэ могойн талаарх судалгааг хамтран хийжээ. Судалгааны үр дүнг шинжлэх ухааны “Zootaxa” сэтгүүлд нийтэлсэн байна.

