Завхан голын хөвөөнд, Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт өнгөрсөн түүхийн ул мөрийг хадгалан үлдсэн нэгэн өвөрмөц дурсгал бий. Энэ бол Наро Банчэн хутагтын хүрээний туурь юм.
Эртний Засагт хан аймгийн нутагт Наро Банчэн хутагтын шавийн хүрээ оршин тогтнож байсан бөгөөд одоогийн Тайшир сумын төвөөс 18 орчим км зайд, Завхан голын хойд эрэг, Чандмань уулын өвөрт анх байгуулагдсан түүхтэй. Түүхэн баримтад тэмдэглэснээр, 1802 онд Наро Банчэн хутагт Агваанчойрогдашжамц сүм хийд байгуулж, Манжийн хааны зарлигаар “Соёлыг бадруулагч сүм” хэмээн нэр шагнуулжээ.
Тус хүрээ цаг хугацааны явцад өргөжин тэлж, Цогчин, Хангал, Ганжуур, Хайлан зэрэг хурал ном тогтмол хурдаг болжээ. Улмаар 1864 онд Цанидын дацан, 1880 онд Жүдийн дацан байгуулагдсан нь хүрээний шашин номын үйл ажиллагаа өргөжин хөгжсөнийг илтгэнэ.
ХХ зууны эхэн үед Наро Банчэн хутагтын хүрээ 7-8 сүм, дугантай, Ламрим, Ложин, Цанидын номын сургуультай, Дончид, Найданчога, Манла, Нүгнээ зэрэг олон төрлийн хурал ном тогтмол хурдаг, 300 орчим ламын данстай томоохон хүрээ болон өргөжжээ.
Тухайн үеийн ахмадын хууч ярианд Наро Банчэн хутагтын хүрээний алтан ганжир нар мандах, нар жаргахын алдад алсаас түмэн зул асаасан мэт шаргалтан, яралзан харагддаг байсан хэмээн өгүүлдэг. Өнөөдөр хүрээний туурь л үлдсэн ч энэ хууч яриа нь нэгэн цагт Завхан голын хөвөөнд орших хүрээ хийд ямар сүрлэг, уран хийцтэй байсныг төсөөлүүлэх түүхэн дурсамж болон үлджээ.

Наро Банчэн хутагтын хүрээ нь зөвхөн шашин номын төв байгаад зогсохгүй, олон нутгаас хүмүүс эргэл мөргөлөөр зорин ирж, суурьшин амьдрах болсон томоохон төв байжээ. Түүхэн баримтад Халхын 13 тамгатай хутагтын хоёр нь нэг хүрээнд зэрэгцэн сууж байсан нь ховор тохиолдол байсан хэмээн тэмдэглэсэн байна.
Гэвч ХХ зууны эхэн үеэс шашин, сүм хийдийг хавчин хязгаарлах бодлого эрчимжиж, 1929 онд Дилав хутагт Жамсранжав хүрээнээсээ баривчлагджээ. Улмаар 1937 онд хүрээний хурал номыг тарааж, 1939-1940 онд сүм, дугануудыг нураан буулгасан байна.
Өнөөдөр тус хүрээний туурьд Цогчин дуганы дөрвөн хана босоо хэвээр үлдэж, бусад сүм, дуганы суурь, туурь л хадгалагдан үлджээ. Нэгэн цагт шашин ном, эрдэм боловсрол, худалдаа арилжаа, олон нутгийн иргэдийн хөл хөдөлгөөн төвлөрч байсан энэ хүрээний үлдэгдэл нь Алтай нутгийн түүх, шашин, соёлын үнэ цэнтэй дурсгалын нэг юм.

