Их Британи, АНУ, Хятад, Испанийн эрдэмтдээс бүрдсэн олон улсын судалгааны баг ойролцоогоор 324 сая жилийн өмнө амьдарч байсан эртний шавжийн шинэ төрөл зүйл илрүүлжээ. Уг олдвор шавжууд усан орчноос хуурай газрын амьдралд нэг дор бус, аажмаар дасан зохицсон болохыг харуулах чухал баримт болж байна.
АНУ-ын Техас мужаас олдсон уг шавжийг Чоша прекурсор (Chosha praecursor) хэмээн нэрлэсэн байна. Судлаачдын тогтоосноор энэ шавж орчин үеийн шавжуудын нэгэн адил цээжний хэсэгтээ алхах зориулалттай гурван хос хөлтэй байжээ. Харин хэвлийн хэсэгтээ усанд хөдөлгөөн хийхэд зохицсон олон үет нэмэлт хөл, сэлүүр хэлбэрийн бүтэц хадгалсан байсан нь онцлог аж.
Энэ бүтэц нь Чоша прекурсор бүрэн хуурай газрын амьтан болоогүй, ус болон хуурай газрын аль алинд дасан зохицсон хагас усны амьдралтай байсныг илтгэнэ. Судлаачид эртний шавжууд усан орчинд хэрэгтэй байсан эрхтнүүдээ шууд алдаагүй, харин тэдгээрийг өөрчлөн ашиглаж, олон сая жилийн туршид хуурай газрын амьдралд шилжсэн гэж үзжээ.
Олдвор нь Карбоны галавын Теснусын давхаргаас илэрсэн бөгөөд биеийн нарийн бүтцийг тусгай гэрлийн дүрслэлийн аргаар судалсан байна. Өмнө нь зарим ийм олдворыг хавч хэлбэртний авгалдай гэж ташаа ангилж байсныг шинэ судалгаагаар залруулжээ.
Судалгааны үр дүнг наймдугаар сарын 26-нд “Nature” сэтгүүлд нийтэлсэн бөгөөд эртний шавжуудын биеийн бүтэц хэрхэн өөрчлөгдөж, уснаас хуурай газарт шилжсэн хувьслын түүхийг илүү тодорхой болгоход чухал ач холбогдолтой гэж эрдэмтэд үзэж байна.

