Дэлхий орчмын орон зайд буй Рюгү (162173) солироос авсан дээжүүдэд ДНХ ба РНХ үүсэхэд оролцдог бүх таван нуклеин хүчил агуулагдаж байгаа тухай Японы далай тэнгис, газрын шинжлэх ухаан, технологийн агентлагийн (JAMSTEC) мэргэжилтнүүд, мөн Хоккайдо, Кейо, Кюшюү их сургуулиудын эрдэмтэд мэдээлжээ.
Японы сансар судлалын JAXA агентлагийн “Hayabusa2” хөтөлбөрийн хүрээнд уг солироос авсан дээжүүдийг судалсан байна. “Энэхүү судалгаагаар бид C ангилалд (162173) хамаарах Рюгү солироос авчирсан дээжүүдэд агуулагдаж буй бүх таван үндсэн нуклеин хүчил болох пүринүүд (аденин ба гуанин), пиримидинүүдийг (цитозин, тимин ба урацил) тодорхойллоо” гэж Nature сэтгүүлд нийтлэгдсэн эрдэмтдийн өгүүлэлд дурджээ.
Судлаачид мөн Бенну, Оргей солируудаас авсан дээжүүдтэй харьцуулсан судалгааг хийсэн бөгөөд гурван астероидын дээжүүдэд пүринүүд ба пиримидинүүдийн харьцаа аммиактай хамааралгүй болохыг тогтоожээ. Гэсэн хэдий ч Рюгү астероидын дээжүүд бусдаас ялгаатай нь гэвэл, пүринүүд ба пиримидинүүдийн харьцаа ижил байсан байна.
Дээр дурдсан нэгдлүүдийг илрүүлсэн нь тэдгээр нь Нарны аймагт өргөн тархсан болохыг харуулж байгаагаас гадна C ангиллын (нүүрстөрөгч ихээр агуулсан) астероидууд Дэлхий дээр амьдрал үүсэн бий болоход нөлөөлсөн гэх таамгийг баталж байна.
Рюгү солирыг 1999 онд нээсэн бөгөөд 0.92 орчим км диаметртэй, конус хэлбэртэй ажээ. Тойрог зам нь сунасан байрлалтай учир Дэлхий ба Ангараг гаргийн тойрог замыг дайран өнгөрдөг бол Нарыг тойрон эргэх хугацаа нь 474 хоногтой тэнцдэг байна.

