Огшуун нулимсаа залгилж зүүднээсээ би сэрлээ
Орой болгон духыг минь үнэрлэдэг аавыгаа зүүдэллээ
Омголон хэрнээ тайвуухан хоолойгоор аялгуу хөглөж
Оройтсон гэмшил болсон сэтгэлийн минь гунигийг тайлчихлаа
Тэргүүндээ мандсан буурал сорондоо нулимсыг минь шингээж
Тэвчээртэй байгаарай охин минь гэхдээн
Тэнгэрт дүүлэх бүргэдийг аваад хүзүүнд минь зүүчихлээ
Тэр бүргэдийн эрч хүчээр биеэн би сэлбэж
Тэвчинээ гээд аавыгаа харан инээмсэглэлээ
Амгалан харцандаа гэрэлтэх эцгийнхээ хайранд зовлонг минь шингээж
Алтан нар шиг мандаж яваарай үр минь гэхдээн
Алс тэнгэрт мандсан нарыг аваад нүдэнд минь аргамжчихаад
Аавын охин алзахгүй ээ гээд үсийг минь үнэрлэн босоход
Амьдралд охин нь бүдрэхгүй ээ гэж аавдаа хэлэн тэврээд
Ариун нулимсанд хөвж амтат зүүднээс сэрчихлээ
Ардын дуундаа уярдаг ч ардынхаа төлөө тангараг өргөсөн
Аавыгаа зүүдэллээ, амьдрах итгэлээр сэтгэлээ чангаллаа
www.URLAG.mn