Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ
Нээлт эхлэхэд хэдхэн цаг үлдлээ. Нээлт гэдэг нь өмнөх тэмдэглэлд дурдсанчлан Санкт Петербург хот дахь Александринский үндэсний драмын театрт зохион байгуулагдах 17 дугаар олон улсын жүжгийн фестивалийн нээлтийг хэлж байна. Энэ наадмыг манай улсын драмын театрын “Сын Тенгри” жүжгийн тоглолтоор нээх зар театрын гадаах том баганад хадсан байх ба биднийг очиход хоёр өдрийн тоглолтын тасалбар хэдийнээ зарагдаж дууссан байлаа. Театрын үүдэнд “Манай тайзнаа Монгол Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид тавтай морилно уу” хэмээн монгол хэлээр бичсэн хөл самбар тавьсан байна. Тоглолтын зам зардал, буудал гээд бүх зардлыг цаанаас дааж урьжээ. Хүндлэлийг хүндлэлээр, соёлыг соёлоор хариулъю, хүний газар Монгол хэмээх нэрийг өргөюү хэмээн хүн бүр дор бүрнээ хичээсээр нээлтийн өдөр тулж ирсэн нь энэ ээ.
Хөшиг нээгдэхийн өмнө монголчууд бид дэлхийн театр урлагт эзлэх энэ тайзны эрэмбийг мэдээд авах нь зүй. Элизабет хатан хааны зарлигаар 1756 онд байгуулагдсан Оросын хамгийн эртний улсын театр ба итали архитектороор бариулсан барилга нь UNESCO-ын соёлын өв, Оросын үндэсний өв эрдэнэд бүртгэлтэй байна. Түүнээс илүүтэй энэ тайз Чеховын Ивановыг тоглож байсан тайз. Пушкины Борис Годуновыг үе үеийн Оросын аварга амьтад амилуулсан тайз. Толстойн Догшин Иваны үхлийг дэглэсэн тайз. Достоевскийн Мөрийч, Гэм зэмийг тавьсан тайз. Дэлхийн театрын Олимп зохиогдож байсан тайз. Мейрьхолд домогт Маскарадаа 1917 оны хоёрдугаар сард Хаант оросын сүүлчийн жүжиг болгон тавьсан тайз. Үүнээс хэдхэн өдрийн дараа унаж цаазлуулсан Романовынхон 6 жил бэлтгэгдсэн энэ жүжгийг үзэх төлөвлөгөөтэй байсан гэгдэнэ. Хаан морилох байсан Царьский улаан танхимд нээлтээс өмнө морин хуур, монгол уртын дуу эгшиглэлээ.
Тиймдээ ч уг театр болшевикуудыг эсэргүүцэн бойкотлож түүхэндээ ганц удаа үүдээ хааж байжээ. Театр төдийгүй Санкт Петербург хот бүхэлдээ коммунист үеэсээ ичдэг ч юм шиг сэтгэгдэл төрлөө. Анхнаасаа Балтийн тэнгис рүү гарах хаалга, Европ руу харах цонх болгон Петр хааны байгуулсан хот билээ. Романовынхны хүндэтгэл ёслолын өргөөг Эрмитажийн сувд гэдэг юм байна. Тэр өргөөнд байх хааны сэнтийн дээр алтадсан титэм залсан байна. Энэ титмийг Зөвлөлтийн үед алх хадуураар сольж байрлуулсан байсныг 1990 оны өөрчлөлтийн дараа эргүүлээд титэм болгож сэргээн зассан байх жишээтэй. Эрмитажийг, ер нь хотыг хөл хүрэх газраар нэлээн нэгжсэн авч бидний танил Ленин, Сталиныг цөөхөн олж харав. Харин Петрийн буржгар үстэй толгойг бол хотын сувинер болгон дээр зуржээ. Петртэй тоо толгойгоор өрсөлдөх нь ганц Пушкин байна. Оросын ард түмэн Пушкиндаа ямар их хайртайг музей, номын сан төдийгүй архины ширээ, гудамжны мухлагаас ч харж болом. Манайхан Нацагдоржийнхоо ганц хөшөөг булаалдаад байгаа юм. Ерөөсөө нэмээд шинээр баримаар юм байна. Улаанбаатараар дүүрэн Нацагдорж байж яагаад болохгүй гэж? Пушкины араас мэдээж нөгөө аваргууд: Чехов, Булгаков, Достоевский, Толстой, Гоголь… ямар ч олуулаа юм, нэг бүр нь ямар ч агуу юм, агуу болгоноо ямар ч их хүндэлдэг юм, ямар ч залхуугүй юм болгонд мөнхөлдөг юм. Уухад хананаас Чехов ширтэж, шээхэд нойлд хэнийх нь ч юм бэ монолог тоглогдож байх ажээ, нээрээ.
Гоголь ресторанд зөөгчид нь 19 дүгээр зууны эмсийн дүрд тоглож байна. Ресторанд төгөлдөр хуур тоглож суух цагаан сахалтай өвгөн Чичиковт амигүй албатаа зарсан шинжтэй маадгар. Төгөлдөр хуурын дээр тортой шувуу шулганаад байна, Гоголийн монолог уншиж байвал гайхахгүй боллоо. Ширээн дээрх меню нь Амигүй Албат байна. Манайх уг зохиолыг 1959 онд орчуулан хэвлэхдээ тэндэх загвар, фонтыг баримталжээ гэж энд мэдэж авлаа.
Юу юугүй хөшиг нээгдэх нь, театртаа эргэж ирье. Оршин суугчид нь өөрсдөө Гогольд оролцон тоглож буй хотод, Гоголь өөрөө амьд сэрүүндээ Мөрдөгчөө оролцон найруулж байсан өндөр тайзанд хэдэн бор уран бүтээлч минь гарч ирэхэд хэдхэн хором үлдлээ… ээ бурхан минь. Янжинлхам бурхан минь аварч ивээ!
Хөшиг нээгдэж үзэгдэл эхэллээ. Монгол, Оросын соёлт хүмүүсийн буянаар хатан хааны театрын нэгдүгээр эгнээнд суулаа. Хамгийн урд суугаа тул бусад үзэгчид харагддаггүй. Ямаршуу байдалтай үзэж байна, эргээд хармаар байдаг, харахаас зовоод байдаг. Жүжгийн нэгдүгээр хэсэгт нэг тийм халуун пийшинд хайрагдсан мэт хавчганаж суулаа. Хавчигнаад байсан учраа ч үнэнээр нь хүлээсү. Нэг л их дэлхийд сурсан, нэг л их Гинзад, Вэстэндэд жүжиг үзсэн, нэг л их Дазаи, Ишигүро уншсан хүн Монголдоо итгэхгүй, Монголоосоо нэрэлхэн суугаа нь тэр зэрэг. Утаа май тавихад нь шоолж байгаа болов уу гэж зовлоо, цэрэг эрсийг тулалдахад зэрлэг балмад харагдаа болов уу гэж айлаа, эх үр харилцан ярихад энгийн, банал сонсогдов уу гэж түгшлээ. Хоёрдугаар хэсэг эхлээд төд удаагүй байтал хойшоо харах ч хэрэггүй боллоо. Хар аяндаа үзэгчид амьсгалаа түгжээд, хойшоо налах биш урагшаа хүзүүг сунгаж хамаг сүнсээ олзлуулах мэт болж автах нь мэдрэгдээд ирлээ. Тайз өөрөө театр дүүрэн үзэгчдээ яс үндэс, хэлний хана, ерөөсөө соёл болоод түүхийн аливаа хил хязгаарыг давуулан гэтэлгээд Янжинлхамын ивээл үү, Мейрьхолдын сүнс үү, ямарваа нэг ер бусын хүч ивээн бүхий чинад оронзайд хамтад нь урин оруулсан нь тэр болой. Би өөрөө ч хаана үзэж суугаагаа, хэн болохоо мартан алдаад, Модуныг шаналахад хамт шаналж, Модуныг уйлахад дагаж уйлж, Модуныг мандахад дагаж мандсаар нэг мэдэхэд хөшиг хаагдлаа. Ингээд нийт 13 минутын тасралтгүй алга ташилт, браво дор гурван удаа тайз эргэн нээгдэж ёсолгоо хийлээ.

Модун Шанью Баасанбуугийн Шинэбаяр хааны театрын тайзанд ийнхүү хаан суув. Тэрээр улс улсын хамгийн том театруудын хамгийн том жүжигчид нэрээ тамгалсан тайзнаа тэдний эгнээнд бүрэн тэмдэглэгдэн үлдэх үзүүлбэр бүтээж үзүүллээ. Тэнд Шинэбаярыг хаан суулгах гэж Баярцагааны Баатар найруулагч тэртээ 1996 онд Монголд анх удаа Хүннү теле дуурь тавьж, Мөнхзаяагийн Түвшинхүү тэгэхэд Модуны дүрийг анхлан бүтээжээ. Шинэбаярыг хаан суулгах гэж ардын жүжигчин Чойнхорын Найдандорж 1998 онд Тамгагүй төрийг анх найруулан тавьж, тэр мэт туршлага мэдлэгээсээ шавьдаа зааж өвлүүлжээ. Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Пүрэвдоржийн Цэрэндагва Лүүсүү вангийн дүрээр тайзнаа гарахад урвагчийн үзэгдэл бүр төгсөрч байлаа. Түүгээрээ тэрээр үл урвах, үл шарвах Модун Шинэбаярыг улам тодруулж ургуулж өглөө. Ардын жүжигчин Хасар Бэх-Очирын Жаргалсайхан туслах дүрээс гэхэд ханлиг сүрийг бадруулж, хаан Модуныг хэсэг зуурт хөвүүн болгон үзүүллээ. Ардын жүжигчин Жамсранжавын Оюундарь Модуны хатан эхийн дүрийг төгс бүтээх гэж, түүгээрээ харийн хатны үзэгчдийг олзлох гэж тэр мэт зовсон жаргасан эхийн дүрүүд авч сургуулилт хийжээ. Их зайран Жамсранжавын Пүрэвдорж, Шунхуй Отгонбаатарын Хонгорзул, Шагэ Пүрэвсүрэнгийн Мягмарсүрэн, Арваадай Тайванбаатарын Сэргэлэн гээд ахмад, залуу уран бүтээлчид цөм гойд сайхан жүжиглэж, тэдний бүтээсэн цул сайхны сэнтий дээр Модун Шинэбаяр хэмээх үзэгдэл Александринский театрын түүхэнд бичигдэн үлдлээ.




Кино найруулагч нар том жүжигчдийг хоршуулж, эс бол олноор нь зэрэгцүүлэн тавьдаг нь учиртай ажээ. Соосэкигийн бичсэнчлэн нэг сайхан нөгөө сайхнаа дардаггүй, нэг сайн нөгөө сайныг үгүйсгэдэггүй. Нэгийгээ улам тодруулж, нөгөөх нь улам өргөж, нэгдэн нийлээд үл үгүйсгэгдэх идеал руу, төгөлдөр сайхан руу тэмүүлдэг. Ай ямар сайхан… нэгээхэн төгөлдөр сайхны төлөө, нэжгээд төгс агшны төлөө нэгэн үеийн, нэг бус үеийн хөдөлмөр зүтгэлээр суурь өрдөг болохоор л тайз ийм өндөр, тайз ийм эрхэм. Ийм нэгэн өндөрлөгийг Александринский театрын тайзанд зангидсанаараа Намнангийн Наранбаатар улсын драмын театрт ч, улс Монголдоо ч түүхэн гавьяа байгуулж өглөө. Тэрээр би өөрийгөө биш дүрээ тодруулдаг, жүжигчнээ хайрладаг найруулагч гэж хэлдэг, хэлснээ хийж үзүүллээ. Нээлтийн тоглолтын дараа Оросын домогт найруулагч Фокин “Манай тайзанд тоглосон дэлхийд эрэмбэтэй театруудын эгнээнд нэгдсэнд баяр хүргэе” гэж хэллээ.
Хоёр дахь өдрийн тоглолтыг тайзны ард хүлээж үзлээ. Жүжигчин хүн гэдэг тайзнаа үзэгчдэд тэнхээ тамирыг бүрнээ шавхаж зориулаад бууж ирдэг болохыг тэнд харчихсан тусмаа энд толгой дараалан нэр дурдмаар. Хөгжмийн зохиолчид, дууны найруулга, гэрэл, техникийн албаныхны нөр их хөдөлмөрийг магтан алдаршуулмаар байвч зай талбай эс хүрэлцлээ, тэднээсээ хүлцэл өчмү.
Ингээд Монгол Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон дэлхийн хамгийн урлаглаг хотын үзэгчдийн 13 минутын алга ташилтаар миний Монголдоо үл итгэх үзлийг ялж өглөө. Ялагдлаа гэвч бор болжморыг хуарлаг болтол, хар хэрээг цагаан болтол урлагийн бурхнаа тойглосон хотыг шүтэх ба аюух айдас нэгмөр анилгүй эргэж ирлээ. Питерт хэд хономогц дайн ба улстөрчдөд тоомжиргүй, ангид харагдаж байсан хотод нэгэн зүйл нэг л биш байгааг анзаарч нүгэл үйлдлээ. Хаашаа ч орсон эмэгтэйчүүд… ялангуяа ахмад эрэгтэйчүүд барагтай үзэгдэхгүй юм. Эрмитажийн булан болгонд нэг эмэгтэй сууж байна, билетийн кассанд сууж байна… Ахматовагийн гал тогоонд уртаашаа 2 метр харанхуй зайд хоолны ширээнд сууж байсан эмэгтэйгээс үхтэл цочоод, тэр чигтээ цочоо гарсангүй. Хэзээнээс Орос хөвгүүдээ хайрладаггүй улс билээ. Толстой “Яагаад орос эхийн хөвгүүд, энэ амьдрал дахь тэдний ганцхан итгэл найдвар, бахархал болсон хөвгүүд дайнд үрэгдэх болсон билээ?” хэмээн асуусан. Хоёрдугаар дайны бүслэлтийг хөвгүүдийнхээ амиар төлж давсан хотын ээжүүд, эхнэр, эгч дүүс өнөөдөр ч энэ асуултад хариултаа эрж байж мэднэ ээ. Тэнгрийн хүү тэдний хувьд алдсан хөвүүд, төлсөн золиосоо нэгэн агшинд тайзнаа үзэж, нэгэн зүйл тайтгарал, нэгэн зүйл эдгэрэл мэдрэх боломж болов уу? Хэрэв тийм аваас бусдын эмзэглэл, сул талаас нэгээхэн хувь завшсан байх аваас тэр цэвэр урлагийн ялалт биш болно. Хэрэв би найруулагч бол энэ асуултад шаналж, шаралхаж, энд хариулт эрж энхийн цагт эргэж очиж хүчийг үзэх байсан. Энэ тухайд Модун Шинэбаяр хэмээх дүрийн хаанчлалд хоргодолгүйгээр даруу бөгөөд бодитой, өөрөө өөрсдөдөө шударга хандлагаар цэвэр урлаглаг эрэл хайгуул хийх нь жүжигчдийн бус критик, зохиолч, найруулагч бидний ажил аа.

