Холливудын жүжигчин Брендан Фрейзер “The Mummy” франчайзын дөрөвдүгээр ангид адал явдалт баатар Рик О’Коннелийн дүрээр эргэн ирж, киноны зураг авалт албан ёсоор эхэлжээ.
Фрейзер энэ талаар Францын Довильд болсон Америкийн кино наадмын үеэр ярьсан байна. Тэрбээр 27 жилийн дараа Рикийн дүрдээ эргэн тоглохыг “хуучин найзтайгаа дахин уулзаж байгаа мэт” хэмээн тодорхойлжээ.
Шинэ кинонд Фрейзерийн хамт Рэйчел Вайс мөн Эвелин Карнаханийн дүрээр эргэн тоглоно. Хос жүжигчин 1999 оны “The Mummy”, 2001 оны “The Mummy Returns” кинонд хамтран тоглосон ч Вайс 2008 оны “The Mummy: Tomb of the Dragon Emperor” гуравдугаар ангид оролцоогүй бөгөөд түүний дүрийг Мария Белло бүтээсэн юм. Шинэ бүтээлийн найруулагчаар “Radio Silence” нэрээр ажилладаг Мэтт Беттинелли-Олпин, Тайлер Жиллет нар ажиллаж, зохиолыг Дэвид Коггешалл бичжээ.
Найруулагчид шинэ кино нь өмнөх бүтээлүүдийн адал явдалт өнгө аясаас гадна дүрүүдийн сэтгэл хөдлөл, харилцаанд илүү төвлөрсөн, “зүрх сэтгэл, дүрийн хөгжлөөр дүүрэн” зохиолтой хэмээн онцолсон байна. Мөн гуравдугаар анги шинэ киноны үйл явдлын албан ёсны үргэлжлэлд тооцогдохгүй гэдгийг өмнө нь тайлбарласан.
“The Mummy 4” кино анх 2028 оны тавдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөгдөж байсан ч “Universal Pictures” нээлтийн товыг урагшлуулж, 2027 оны аравдугаар сарын 15-нд кино театруудаар гаргахаар баталгаажуулжээ.

