Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»“Өндөр гэгээн”-ий нөлөөлөл
Утга зохиол

“Өндөр гэгээн”-ий нөлөөлөл

Урлаг Урлаг21/09/2026Шинэчлэгдсэн:21/09/2026Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зохиолч Гомбожавын Мэнд-Ооёогийн уран бүтээлийн нэгэн чухал судлагдахуун бол романы ай сав юм. “Алтан овоо” (1993), “Гэгээнтэн” (2012), “Шилийн богд” (2015) тэргүүт романууд нь монголын утга зохиолд дорно дахины өв соёл, итгэл үнэмшил, үнэт зүйлсийн монгол хувилбарыг шингээснээрээ агуулгын хувьд цуврал бүтээлүүд бөгөөд “Өндөр Богд” (2026) роман түүний үргэлжлэл болон өнөөдөр уншигчдын хүртээл болж байна.

“Өндөр Богд” роман чухам энэ цаг үед зохиогдож олны хүртээл болж байгаа нь тохиолдлын зүйл биш юм. Энэ сэдвээр олон арван зохиол бичигдэж, роман хүртэл гарч байсныг бид санаж байна. Гэтэл энэ сэдвийг зохиогч яагаад дахин сэргээж, сэдрээж нийгэм, цаг үед сануулж, бас гарц гаргалгааг эрэлхийлэв гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Энэ талаар судалгааны хүрээнд олон зүйлийг ярьж болох боловч юуны өмнө гурван зүйлийн нөлөөллийг энэ удаа онцлон тэмдэглэхийг хүсч байна. Үүнд:

Нэгдүгээрт, уг романы нийгэм, цаг үеийн нөлөөлөл

Хоёрдугаарт, уг романы дүрийн харилцан нөлөөлөл

Гуравдугаарт, уг романы төрөл зүйлийн нөлөөлөл

“Өндөр Богд” роман өнөөдөр дэлхий дахинаа үүсээд байгаа улс төр, геополитикийн хямралын тааварлашгүй бэрх нөхцөл байдлын үед хэвлэгдэж байна. Ийм улс төр, шашны мөргөлдөөн, дайны нөхцөл байдал дэлхийн болон бүс нутгийн хүрээнд урд өмнө ч гарч байсан бөгөөд түүнийг даван туулахад дорно дахины оюун сэтгэлгээ, алсын ухаан, соёл гэгээрлийн зам мөр ямар туршлага хуримтлуулж он цагийг өртөөлөн туулж ирсныг энэ роман Та бидэнд, хүн төрөлхтөнд сануулж, анхааруулж байна.

Өндөр Богд Занабазарын амьдарч байсан тэр цаг үед манж, төвд, орос, зүүн гар улсуудын зөрчил туйлдаа хүртэл хурцдаж хөрш зэргэлдээ улсуудын тусгаар тогтнол хэврэгшиж улс төр, эдийн засаг, нийгэм, шашны харилцаа туйлын эмзэг байсан юм. Монгол орших уу, эс орших уу гэх нийгмийн хүрээний асуултын хариуг тэр үеийн төр, шашин, оюун санааны удирдагч Өндөр Богд Занабазар хэрхэн тайлж, улс үндэстнээ аварч үлдсэнийг энэхүү роман өгүүлж байна.

Өндөр Богдын энэхүү улс төрийн үйл ажиллагаа, шийдлийг тултал нь ойлгох үйл явц амаргүй бөгөөд эрдэмтэн мэргэд хүртэл эерэг, сөрөг талаас нь зөвтгөж, буруутгаж ирсэн онолын гэмээр маргаан одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Түүнд романч Г.Мэнд-Ооёо өөрийн байр сууриа илэрхийлж хариу өгч байна. Тэр хариу нь Занабазарын алсыг харсан зөнч мэргэн бодлого нь монгол үндэстний туурга тусгаарын баталгааг өв соёл, сэтгэлгээ, оюун санааны үнэт зүйлст шингээн авч үлдсэнийг энд тов тодорхой харуулж байна. Улс төр, шашны ийм оюун санааны их нүүдэл нь үндэсний хэмжээнд төдийгүй буддын шашны гурав дахь дэлгэрэлтийг монголд хэрэгжүүлж чадсан гэх дүгнэлтийг энэ бүтээл хийж байгаа юм. Энэ бол “Өндөр Богд” романы өнөө үеийн дэлхий дахины улс төрийн хурцадмал нөхцөл байдалд монгол зохиолчийн улс төр, нийгмийн дүгнэлт, нөлөөлөл гэж миний хувьд харж байна.

Зохиогч “Өндөр Богд” романд нийгэм, цаг үеийн энэхүү нөлөөллийг уран сайхны дүрээр дамжуулан дүрслэн харуулсан нь тодорхой юм. Романы гол баатар нь мэдээж Занабазар. Энэ дүрийг гадаад төрх, галбир хийц гэхээсээ илүү өөрийнх нь дотоод чанад, өгөгдөл, үзэл бодол, явдал мөрийг мөгшин хөөж дүрсэлсэн нь түмэнд ойрхон, түүхэнд нийцтэй болж чадсан юм. Тиймээс тэр цаг үеийн монгол лам нар, хутагт хувилгаад, гэгээнтэн түүхэн хүмүүсийн дүрийг нэг бүрчлэн шаглан бүтээж тэр дундаас Өндөр Богдын дүрийг ургуулан урласныг та бид энэ цаг үеийн өндөрлөгөөс тольдон харж байна. Роман бичлэгийн уламжлал шинэчлэлийн зохист харьцааг дүрийн харилцан нөлөөллийн энэхүү урланд хэрхэн амилааж монголын шашны соёл, урлагийг ямар түвшинд хүргэж, хөгжүүлж, төлөвшүүлж, төгөлдөршүүлж чадсаныг романч Г.Мэнд-Ооёогийн авъяас хэрхэн дэлгэрч, ямар түвшинд хүрч ирж буйн нэгэн сонгодог баталгаа гэж зэргэмжлэн, зэрэгцүүлэн тодолж болохоор байна.

Агуу Өндөр Богд Занабазар ямар хөрс суурин дээр төрж буй болсон түүхэн бүтээгдэхүүн болох, тэр харанхуй цаг үед дэлхийг дэлдийлгэх сонгодог бүтээл туурвилыг хэрхэн урлаж, үлдээж чадав гэх түүхэн гаргалгааг энд хангалттай сайн гаргасан гэж бодож байна. Мэдээж Занабазараас өмнө буддын шашин энэтхэг төвд балбад дэлгэрч буддын шашны урлаг маш өндөр хөгжсөн боловч Өндөр Богд нэгэн насны богинохон цаг хугацаанд тэднээс давсан агуу бүтээлүүдийг туурвиж чадсан бодит үнэн юм. Энэ бол монголын хөрсөн дээр буддизм, ардын гар урлаг, монголчуудын гоо сайхны сэтгэлгээний олон талын уулзвар дээр Өндөр Богд Занабазар буй болсныг Гомбожавын Мэнд-Ооёо XXI зууны хориод онд шинээр бүтээн туурвиж чадлаа. Тэгэхдээ энэ өндөр түвшинд хүрэхийн өмнөх монголын шашны өв, адис авшиг хэрхэн нөлөөлсныг дэлгэр сайхнаар дэвсгэрлэн дүрсэлсийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

“Өндөр Богд” романы бас нэгэн түүхэн нөлөөлөл нь түүхэн романы төрөл зүйлийн баяжилт гэж би харж байна. Зохиогч өөрөө энэ романаа түүхэн, баримтат, эссэ гэх мэтээр ямар нэгэн байдлаар тодорхойлсонгүй. Өөрөөр хэлбэл судлаачид, уншигчдад төрөл зүйлийн ангиллыг асуулт болгон үлдээж байна. Энэ бол роман судлалын бас нэгэн сонирхолтой хэлэлцүүлэг, нөлөөллийн хэлбэр болж болох юм.

Миний хувьд “Өндөр Богд” романыг юуны өмнө эрдэм судлалын нэгэн цогц бүтээл гэж харж байна. Энд дүрслэгдсэн буддын шашин соёлын бүхий л нэр томъёо, өвөрмөц хэлц, утгын гаргалгаанд зүүлт тайлбар хийвэл танин мэдэхүйн сонирхолтой хэрэглээний толь бичиг, гарын авлага, магадгүй сурах бичиг ч гарч ирмээр санагдаж байна. Энэ талаас нь ажвал “Өндөр Богд” роман танин мэдэхүйн эссэ роман гэж хэлж болмоор.

“Өндөр Богд” романыг бичвэр, хэл найруулга талаас нь харвал бас сонирхолтой зүйл гарч ирнэ. Төрөлх эх хэлээ баяжуулж, шинэ үг хэллэг зохиож, бас хэрэглээнээс гарсан хуучны үг хэллэгийг өөрийн цаг үед татан оруулах нь уран зохиолын түүхэн үүргийн нэг юм. Энэ үүргээ “Өндөр Богд” үлгэр жишээ биелүүлсэн гэж хэлж болно. Энд түүхэн баримтын боловсруулалт, шинжилгээ, уран сайхны чадавхийн шинэ боломжуудыг түлхүүр болгон ашигласан тэр ур чадварыг хамруулан хэлж байна. Монгол хэлний яруу, бас шавхагдашгүй шинжийг шавхан дайчилсан баримт, уран сайхны талаас нь харвал “Өндөр Богд”-ыг баримтат уран сайхны түүхэн роман гэж хэлж болохоор.

Миний санал бол “Өндөр Богд” түүхэн роман нь буддын шашны дэлгэрлийн нэгэн содон үеийг уран сайхны аргаар нээн дүрсэлсэн тул Бурхан шашны уран зохиолын хүрээнд оруулж, төрөл зүйлийн хувьд “Цадиг” гэж оноон зүйлчилмээр байгаа юм. Учир нь Цадиг гэдэг нь түүх, намтар, шастир болон шашны туужилсан, романчилсан зохиолын нэршил юм. Өндөр Богдын арав гаруй намтар, бусад түүхийн эх сурвалжуудыг шүүн тунгааж, уран сайхны аргаар нээн тодолж шинэ үеийн бүтээл туурвилын арга барилыг шингээж бичсэнээрээ, эртний уран зохиолын цадиг, түүхэн хүмүүсийн намтрыг бичдэг уламжлалыг сонгодог түвшинд сэргээн шинэчилснээрээ Гомбожавын Мэнд-Ооёогийн “Өндөр Богд” роман өнөө цагийн монголын уран зохиолд жин дарж байна.

Ү.Хүрэлбаатар

2026.09.17

Г.Мэнд-Ооёогийн “Өндөр Богд” романы нээлт

“Чингис хаан” үндэсний музейн номын сан.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Үй Хуагийн “Ахан дүүс” роман орчуулагч Мө.Батбаярын орчуулгаар уншигчдад хүрч байна

15/09/2026
Утга зохиол Урлаг

“Хаан заяа” роман мэндэллээ

15/09/2026
Утга зохиол Урлаг

40 дэх удаагийн “Номын баяр” энэ баасан гарагт эхэлнэ

14/09/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

“Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ

21/09/2026

“Өндөр гэгээн”-ий нөлөөлөл

21/09/2026

“Монгол хаан” жүжгийг ОХУ-ын алдарт Марийнский театрын Приморскийн тайзнаа тоглолоо

21/09/2026

“Маск” продакшн албан ёсоор тарлаа

21/09/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

21/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.