Их Британийн “Times Higher Education” сэтгүүл 2027 оны Дэлхийн шилдэг их сургуулиудыг есдүгээр сарын 30-ны өдөр зарлав. Энэ жагсаалтыг гаргахдаа сурч боловсрох орчин, судалгааны ажлын чанар, олон улсын үнэлгээ зэрэгт тулгуурладаг.
Их Британийн Оксфордын их сургууль уг жагсаалтыг 11 дэх жилдээ дараалан тэргүүлж байгаа бөгөөд хоёрдугаар байранд Массачусетсийн технологийн институт, гуравдугаар байранд Принстоны их сургууль, Стэнфордын их сургууль хоёр зуузай холбон оржээ. Энэ мэтчилэн жагсаалтын эхний 10 байранд Их Британи болон Америкийн их сургуулиуд түлхүү орсон байна.
Харин жагсаалтын эхний 15-д Ази тивээс гурван сургууль багтжээ. Тодруулбал, Хятадын Цинхуа их сургууль 11 дүгээр байранд, Бээжингийн их сургууль 13 дугаар байранд, Сингапурын үндэсний их сургууль 15 дугаар байранд тус тус орсон байна. Харин Японы Токиогийн их сургууль жагсаалтын 27, Киотогийн их сургууль 62-т бичигджээ.
Азийн их сургуулиудын чансаа ахиж буйг голчлон судалгааны үзүүлэлтүүд сайжирсантай холбон тайлбарлаж байна. Мөн АНУ-д улс төрийн хөндлөнгийн оролцоо нь шинжлэх ухааны өндөр түвшний судалгаа болон академик тогтолцоонд саад учруулж байгаа бол Их Британи болон бусад улс орон төсвийн ноцтой хүндрэлтэй тулгараад байгаа талаар тайланд дурджээ.

