Монголын хамгийн анхны дохионы хэлмэрчтэй “Гэмгүй” олон ангит уран сайхны кино өнгөрсөн пүрэв гараг /2026.10.01/-т нээлтээ хийжээ. Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийг киногоо мэдэрч ойлгоход туслахыг зорьж буйг кино багийнхан онцоллоо. Үзэгчдэд хүрэх хүртээмжтэй байдал нэмэгдэж буйгаараа онцлогтой.
“Гэмгүй” олон ангит уран сайхны кино нь VOO, “Green show” продакшн, “Lebu motion pictures”-ийн хамтын бүтээл бөгөөд зохиолч найруулагчаар Б.Оюунбаатар ажилласан байна. Гол дүрд жүжигчин Н.Цэнд-Аюуш, Н.Ялалт, Б.Батмэнд, Б.Ган-Өлзий, Б.Марал, М.Сүхбат, Б.Маралгуа, Ц.Нямжав нар ажиллажээ.
Сонсголын бэрхшээлтэй иргэд киноны агуулгыг илүү бүрэн ойлгож, соёлын үйлчилгээг бусадтай адил хүртэх боломжтой болно. Мөн урлаг, соёлын үйлчилгээ илүү хүртээмжтэй болж, нийгмийн тэгш оролцоог дэмжих давуу талтай юм.
“Гэмгүй” нь кино дохионы хэлмэрчтэйгээр нээлтээ хийж буй нь сонсголын бэрхшээлтэй иргэдийг кино урлагаас ангид орхихгүй байх, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх бодит алхам болж байна. Дэлхий нийт хүртээмжтэй контент бүтээхэд улам их анхаарах болсон энэ үед Монголын кино урлаг ч мөн адил бүх үзэгчдээ хамарсан шинэ жишгийг тогтоож эхэлж буй.
Уг киноны эхний хоёр ангийг шинэ үеийн өрхийн үйлчилгээ “Mobihome”-ийн VOO платформ, Youtube-ээс үзэх боломжтой. Мөн долоо хоног бүрийн пүрэв гарагт шинэ анги нэмэгдэнэ.

