Францын нэрт жүжигчин Жерар Депардье 2018 онд жүжигчин Шарлотт Арнульдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргийн шүүх хурлаас зайлсхийхээр гаргасан давж заалдах гомдлоо алдсан байна. Парисын давж заалдах шатны шүүх 2026 оны арваннэгдүгээр сарын 26-нд хэргийг эрүүгийн шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Тухайн үед 22 настай байсан Шарлотт Арнульд Жерар Депардье өөрийн Парис дахь гэрт нь 2018 оны наймдугаар сарын 7 болон 13-ны өдрүүдэд хоёр удаа хүчирхийлсэн гэж мэдүүлсэн юм. Тэрбээр уг хэргийг цагдаагийн байгууллагад мэдээлж, улмаар таван жилийн турш мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилжээ.
Давж заалдах шатны шүүхээс наймдугаар сарын 7-нд болсон гэх үйл явдалтай холбоотой хэргийг шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг хэвээр үлдээсэн бол наймдугаар сарын 13-ны өдрийн гэх үйл явдлын талаарх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Харин 77 настай жүжигчин өөрт нь холбогдох хүчингийн хэргийн буруутгалыг няцааж, тухайн харилцаа харилцан зөвшөөрөлтэй байсан гэж мэдэгдсээр иржээ. Түүний өмгөөлөгчид Францын Дээд шүүхэд хандах боломжийг судалж байгаа аж.
Хэрэв шүүхээс гэм буруутай гэж тогтоовол Жерар Депардье 15-20 жилийн хорих ял авах эрсдэлтэй байна.

