Поп од Ариана Гранде өөрийн “Eternal Sunshine” аялан тоглолтын бэлтгэл үйл явцыг харуулсан баримтат кино болон тоглолтоо кино болгон үзэгчдэд хүргэхээр болжээ.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 23-нд “The Eternal Sunshine Diaries: The Making of the Tour” нэртэй баримтат кино болон “The Eternal Sunshine Tour” киног зарласан байна. Хоёр бүтээл арванхоёрдугаар сарын 11, 12-нд “Peacock” стриминг платформоор тус тус нээлтээ хийх аж.
Баримтат кинонд Ариана Гранде тайзнаа эргэн ирэх бэлтгэлээ хэрхэн базааж буйг харуулах бөгөөд тоглолтын нээлтээс өмнөх 30 хоногийн үйл явдлыг онцлон өгүүлэх юм. Тэрбээр багийнхаа хамтаар томоохон хэмжээний тоглолтын бүтээн байгуулалтыг богино хугацаанд амжуулахын зэрэгцээ найм дахь студийн цомгийнхоо эцсийн ажлыг хийж буй үеийг уг бүтээлд буулгажээ.
Харин нөгөө кино нь Ариана Грандегийн амьдрал, уран бүтээлд чухал байр суурь эзэлдэг хөгжим, үзэгчидтэйгээ тогтоосон холбоо, сэтгэл зүйн эдгэрлийг илэрхийлсэн бүтээл байх аж.

