Хөгжмийн домог Дэвид Боуигийн 80 насны ойг тохиолдуулан “Bowie80” нэртэй дэлхий нийтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. 2027 оны турш Боуигийн уран бүтээл, өвийг тэмдэглэсэн концерт, үзэсгэлэн, тусгай бүтээл, шинэ хөгжмийн хувилбар болон олон төрлийн арга хэмжээ зохион байгуулах юм.
Дэвид Боуи 1947 оны нэгдүгээр сарын 8-нд төрсөн бөгөөд 2027 онд 80 нас хүрэх байлаа. Тэрбээр 2016 онд 69 насандаа таалал төгссөн ч хөгжмийн ертөнцөд үлдээсэн өвийг нь дэлхий даяар тэмдэглэсээр байна.
“Bowie80” хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын “Rock & Roll Hall of Fame”, “Morrison Hotel Gallery” болон бусад байгууллагууд тусгай арга хэмжээ, үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Кливленд дэх “Rock & Roll Hall of Fame” Боуигийн төрсөн өдрийн амралтын өдрүүдээр тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд үүнд хөгжмийн тоглолт, асуулт-хариултын тэмцээн, гэрэл зургийн үзэсгэлэн болон Боуигийн уран бүтээлийн талаарх танин мэдэхүйн хөтөлбөрүүд багтана.
Мөн “Morrison Hotel Gallery”-гаас “Strange Fascination” нэртэй үзэсгэлэнг Нью-Йорк болон Баруун Холливудад дэлгэнэ. Үзэсгэлэнд Боуигийн уран бүтээлийн өөр өөр үеийн ховор, өмнө нь олон нийтэд дэлгэгдэж байгаагүй гэрэл зургуудыг толилуулах аж.
Хөгжмийн хувьд “BOWIE (breaking) GLASS” нэртэй шинэ симфони төсөл хэрэгжих бөгөөд Боуигийн оригинал бичлэг, дуу хоолойг амьд хөгжимчид, дуучид болон найрал хөгжимтэй хослуулах юм. Энэхүү төслийн дэлхийн нээлтийг 2027 оны хавар Копенхагенд хийхээр төлөвлөжээ.
Түүнчлэн Лондонгийн “Lightroom”-д толилуулсан “David Bowie: You’re Not Alone” үзүүлбэрийг 2027 онд Манчестер, Брайтон болон Германы Гамбург хотод хүргэхээр болсон байна. Тус бүтээлд Боуигийн тоглолтын дүрс бичлэг, ховор ярилцлага, архивын материалыг орчин үеийн дүрс, дууны технологитой хослуулан үзүүлдэг.
Үүнээс гадна Лондон дахь “Victoria and Albert Museum”-ийн “David Bowie: On Tour” үзэсгэлэн Их Британийн хотуудаар аялах бөгөөд Боуигийн асар том архивын сангаас сонгосон хувцас, тайзны хэрэглэл, баримт болон бусад эд зүйлсийг үзэгчдэд хүргэх юм.
Мөн “Bowie80”-ийн хүрээнд Боуигийн нэр, уран бүтээлээс сэдэвлэсэн шинэ хувцас, аксессуар, дурсгалын бүтээгдэхүүнүүд худалдаанд гарах бөгөөд 2027 оны турш нэмэлт арга хэмжээ, үзүүлбэр, аудиовизуал төслүүдийг зарлахаар төлөвлөжээ.

