Зул сарын баярын уур амьсгалтай салшгүй холбоотой “Гэртээ ганцаараа” (Home Alone) киноны шинэ үргэлжлэлийг “Disney”-ийн “20th Century Studios” хөгжүүлж эхэлжээ. Анхны хоёр кинонд Кевин МакКалистерийн дүрийг бүтээсэн жүжигчин Маколэй Калкин шинэ бүтээлд эргэн тоглох бөгөөд зохиолыг Сет Роген, Эван Голдберг нар түүнтэй хамтран боловсруулж байна.
“Variety” сэтгүүлд мэдээлснээр, Сет Роген, Эван Голдберг нар шинэ киноны зохиол дээр ажиллаж, өөрсдийн “Point Grey Pictures” продакшнаар дамжуулан продюсероор оролцох ажээ. Маколэй Калкин ч мөн зохиол боловсруулах үйл явцад оролцож байгаа юм.
Шинэ киноны үйл явдал, бусад жүжигчдийн бүрэлдэхүүн одоогоор нууц хэвээр байна. Мөн найруулагч, зураг авалтын эхлэх хугацаа болон кино театруудад нээлтээ хийх товыг зарлаагүй байна.
Маколэй Калкин 1990 онд нээлтээ хийсэн “Гэртээ ганцаараа” кинонд есөн настайдаа тоглож, дэлхий даяар танигдсан билээ. Тэрбээр 1992 онд гарсан “Home Alone 2: Lost in New York” үргэлжлэлд Кевиний дүрээ дахин бүтээсэн ч түүнээс хойших цувралын кинонуудад оролцоогүй юм. Ийнхүү шинэ бүтээл хэрэгжвэл жүжигчин 34 жилийн дараа уг франчайзын бүрэн хэмжээний кинонд Кевиний дүрээр эргэн ирэх гэж байна.

