Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дагвын Цахилгаан 2026 оны аравдугаар сарын 16-нд таалал төгсжээ. Тэрбээр Монголын дипломат албанд олон жил ажиллаж, дэлхийн сонгодог утга зохиолын сор бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулсан нэрт орчуулагч, зохиолч, соён гэгээрүүлэгч байв.
Д.Цахилгаан 1941 оны аравдугаар сарын 25-нд Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд төрсөн. Тэрбээр 1959-1963 онд Монгол Улсын Их Сургуульд суралцаж, орос хэлний багш мэргэжил эзэмшсэн бөгөөд хожим Москва хотод үргэлжлүүлэн суралцаж, түүхийн ухааны дэд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр дипломат албанд олон жил ажиллаж, Монгол Улсын гадаад харилцааг хөгжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулсан юм. Дипломатчийн ажлынхаа зэрэгцээ утга зохиол, түүх судлал, орчуулгын чиглэлээр тууштай ажиллаж, өөрийн бүтээлүүдээрээ монгол хэл, соёлын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.
Д.Цахилгааны нэрийг Монголын орчуулгын урлагт тодоор үлдээсэн гол бүтээлүүд бол эртний Грекийн яруу найрагч Хомерын “Илиада”, “Одиссей”, Италийн суут зохиолч Данте Алигьерийн “Тэнгэрлэг туульс” юм. Эдгээр бүтээл нь дэлхийн утга зохиолын үнэт өвд тооцогддог бөгөөд олон зуун жилийн түүх, гүн ухаан, шашин, домог зүйн өргөн агуулгыг өөртөө шингээсэн байдаг. Д.Цахилгаан эдгээр зохиолыг монгол хэлнээ хөрвүүлснээр уншигчдад дэлхийн сонгодог утга зохиолын томоохон бүтээлүүдийг эх хэлээрээ унших боломж олгожээ. Хомерын “Одиссей” 2020 онд, “Илиада” 2021 онд, Данте Алигьерийн “Тэнгэрлэг туульс” 2024 онд хэвлэгдэн уншигчдын хүртээл болсон байна. Түүний орчуулгын ажлыг 2025 онд Монгол Улсын Төрийн шагналаар үнэлсэн нь олон жилийн хөдөлмөр, утга зохиолын салбарт оруулсан хувь нэмрийг нь хүлээн зөвшөөрсөн чухал үйл явдал байв.
Д.Цахилгааны хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсын Төрийн соёрхол хүртээж, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат дээд цол, Монгол Улсын Хүндэт дипломат хэргэм хүртээн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, “Алтан гадас “одон, Хөдөлмөрийн хүндэт медаль болон Ардын хувьсгалын ойн медалиудаар тус тус шагнаж байв.

