Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 70 жилийн ойг угтан Монгол хэл, бичиг, уран зохиолын багш М.Ганбагана, тус сургуулийн төгсөгч, дадлагын багш Б.Билгүүнсаран нар хамтран сургуулийн үүдний хүндэтгэлийн хэсгийн хоёр талын хана болон дугуй багануудад “Чингис хааны билиг сургаал”-аас монгол бичгээр бичиж чимэглэжээ.
Энэхүү бүтээл нь сургуулийн орчныг үндэсний өв соёлын агуулгаар баяжуулахаас гадна сурагчдад эх хэл, бичгээ эрхэмлэн дээдлэх, түүх, соёлын өв уламжлалаа танин мэдэх боломж бүрдүүлж буйгаараа онцлог юм. Мөн Чингис хааны билиг сургаалыг хүүхэд, залууст таниулахын зэрэгцээ монгол бичгийн хэрэглээ, уран бичлэгийн уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
М.Ганбагана, Б.Билгүүнсаран нар Монголын Каллиграфийн Урлагийн Нэгдсэн Холбооны гишүүд юм. М.Ганбагана багш Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг, үндэсний монгол бичгээрх 7 хоног тутмын “Хүмүүн бичиг” сониноос жил бүр зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаанд 2016, 2023 онд түрүүлж, хоёр удаа аварга болж байсан бол “Монгол бахархал” улсын уралдаанд 2017 онд тэргүүн, 2018 онд дэд байр эзэлж, “Мөнх тэнгэрийн бичиг” олон улсын уралдаанаас 2025 онд гуравдугаар байр хүртжээ.
Харин Б.Билгүүнсаран багш “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаанд 2023 онд тэргүүн байр, 2024, 2025 онд дэд байр, 2026 онд тусгай байр эзэлж, дөрвөн удаа шагналт байрт шалгарсан байна.



