Америкийн R&B дуучин Крис Браун 2023 онд Лондоны шөнийн клубт болсон халдлагын хэрэгт найман сарын хорих ял сонссон ч ялыг нь 12 сарын хугацаагаар түдгэлзүүлжээ. Ийнхүү тэрбээр шууд шоронд хоригдохоос зайлсхийсэн байна.
Грэммийн шагналт дуучин Крис Браун 2026 оны аравдугаар сарын 26-нд Лондон хотын Саутуаркын титмийн шүүхэд ял сонсжээ. Тэрбээр 2023 оны хоёрдугаар сард “Tape” шөнийн клубт хөгжмийн продюсер Абрахам Диаутай холбоотой гарсан зодооны хэрэгт нийтийн хэв журмыг зөрчсөн үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрсөн байна.
Прокурорын мэдээлснээр, Браун тухайн үед Диауг текила архины шилээр толгой руу нь хоёр удаа цохиж, улмаар дахин цохихоор оролдсон аж. Хохирогч толгой болон өвдөгний гэмтэл авсан байна. Уг хэргийн улмаас Браун 2025 оны тавдугаар сард Английн Манчестер хотод баривчлагдаж, хүнд гэмтэл учруулсан хэрэгт буруутгагдаж байв.
Шүүхээс түүнд найман сарын хорих ял оноосон ч 12 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн тул энэ хугацаанд ялын нөхцөлийг зөрчихгүй бол шоронд хоригдохгүй юм. Шүүгч Тони Баумгартнер дуучны нэр алдар, санхүүгийн амжилт нь түүнд бусдаас өөрөөр хандах үндэслэл болохгүйг онцолжээ.

