Рок-н-роллын хаан Элвис Преслигийн хөгжмийн бүтээлүүдийн эрх эзэмшигчид хиймэл оюуны “Claude” загварыг хөгжүүлэгч “Anthropic” компанийг 274 дууг зөвшөөрөлгүй ашигласан гэж буруутган шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчид зохиогчийн эрхийн зөрчилтэй холбоотойгоор хэдэн арван сая ам.долларын нөхөн төлбөр шаардсан байна.
АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, нэхэмжлэлд Элвис Преслигийн 274 дууны үгийг компанийн хиймэл оюуны загварыг сургахад зохих зөвшөөрөлгүй ашигласан гэж дурджээ. “Anthropic” нь “Claude” нэртэй хиймэл оюуны системийг хөгжүүлдэг бөгөөд тус компанийн эсрэг гаргасан нэхэмжлэл нь хөгжмийн бүтээлийг хиймэл оюуны сургалтад ашиглахтай холбоотой зохиогчийн эрхийн маргааны нэг болж байна.
Нэхэмжлэлд “Can’t Help Falling in Love”, “All Shook Up”, “Don’t Be Cruel”, “Return to Sender” зэрэг Преслигийн алдартай дуунууд багтсан гэж мэдээлжээ.
Эрх эзэмшигчдийн зүгээс хөгжмийн бүтээлийн үгийг зөвшөөрөлгүй хуулбарлан ашигласан нь зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа аж. Тэд хохирол болон хуульд заасан бусад төлбөрийг барагдуулахыг шаардсан байна. Хэвлэлүүдийн мэдээлэлд нөхөн төлбөрийн хэмжээ хэдэн арван сая ам.долларт хүрч болзошгүй гэж дурджээ.
Элвис Пресли 1977 онд нас барсан ч түүний хөгжмийн бүтээлүүдийг дэлхий даяар сонсогдсоор байна. Түүний дууны эрхтэй холбоотой энэ хэрэг нь хиймэл оюуны компаниуд болон зохиогчийн эрх эзэмшигчдийн хоорондын маргаанд анхаарал татахуйц шинэ жишээ болж магадгүй юм.

