Булган аймгийн Соёлын ордны дэргэдэх “Молор” хамтлагийн бүжигчид БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод энэ сарын 1-нд болсон олон улсын “Торгоны зам-4” бүжгийн уралдаанаас хүрэл медаль хүртэж, гоцлол бүжигчид нь алтан медалийн эзэд болжээ.
Дөрөв дэх удаагаа зохион байгуулсан тус уралдаанд Монгол, ОХУ, БНХАУ-ын 1000 гаруй хүүхэд, багачууд оролцож, бүжгийн ур чадвараа сорьсон байна.
“Молор” хамтлаг хамтлаг бүжгийн төрөлд хүрэл медаль хүртсэн бол гоцлол болон цөөхүүл бүжгийн төрөлд тус хамтлагийн суралцагч Мөнххүслэн, Маралмаа, Амарзул нар алтан медаль хүртжээ.
Тус хамтлаг Булган аймгийн Соёлын ордны бүжгийн дугуйланд суралцдаг 20-30 орчим хүүхдээс бүрддэг бөгөөд орон нутгийнхаа авьяаслаг бүжигчдийг нэгтгэн хөгжүүлж буй хамт олон юм.
Бүжигчдийг Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч Г.Сэлэнгэ болон Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, багш А.Шинэбаяр нар удирдан бэлтгэж, уралдаанд оролцуулсан байна.
Ийнхүү Булган аймгийн залуу бүжигчид олон улсын уралдаанд амжилттай оролцож, хамтлаг болон гоцлол бүжгийн төрлөөр шагнал хүртлээ.


