Булган аймгийн Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор нандин өвийг олон нийтэд таниулах зорилготой “Үл мартагдах өв” модон барын үзэсгэлэн нээлээ.
Тус үзэсгэлэнг “Соёлын бүтээлч сар”-ын аяны хүрээнд дэлгэсэн бөгөөд монголчуудын эртний ном хэвлэлийн соёл, модон барын ур хийц, түүхэн үнэ цэнийг харуулсан үзмэрүүдийг дэлгэжээ.
Модон бар нь ном судар, зураг, бичвэрийг модон хавтан дээр товойлгон сийлж, бэхээр дарж олшруулан хэвлэдэг уламжлалт арга юм. Монголчууд олон зууны турш ном зохиол, шашны судар, зураг дүрслэлийг энэ аргаар хувилан хэвлэж ирсэн түүхтэй.
Булган аймгийн музейн сан хөмрөгт шашны холбогдолтой таван дэсийн 43 модон бар хадгалагддаг. Үүнээс түүхэн ач холбогдол, ашиглаж байсан байдлыг нь харгалзан таван дэсийн 24 модон барыг сонгон энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэжээ.
Эдгээр модон бар нь хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуунд холбогдох бөгөөд XVII зууны хоёрдугаар хагасаас XX зууны эхэн үе хүртэлх цаг хугацааг хамарч байна. Энэ нь Монгол оронд шашин, соёл, сүм хийдийн үйл ажиллагаа өргөн дэлгэрч байсан үетэй давхцаж байгаа юм. Үзэсгэлэнд дэлгэсэн модон баруудын дийлэнхийг 1930-аад оны эхэн үе буюу сүм хийдүүдийг хааж, татан буулгах хүртэл ном хэвлэхэд идэвхтэй ашиглаж байжээ.
Үзэсгэлэнд өвчин эмгэг, гай барцдаас хамгаалах, мал сүргийг чонын аюулаас сэргийлэх утга бэлгэдэл бүхий хийморийн дарцаг, сахиусны модон баруудаас гадна Пүрэв сахиус, лууны хээ, Нанжбандан, соёмбо, хот мандалтай эдийн сахиус зэрэг шашны зан үйл, уламжлалтай холбоотой бүтээлүүдийг дэлгэжээ. Түүнчлэн модон бараар хэвлэсэн бурхны зураг, Дарь эхүүд болон дэлгэмэл бурхны бүтээлүүдийг олон нийтэд толилуулж байна.
Булган аймгийн музейн хамт олон соёлын биет өвийг хойч үедээ өвлүүлэн таниулах, эртний хэвлэлийн уламжлалыг сурталчлах зорилгоор уг үзэсгэлэнг дэлгэсэн бөгөөд иргэд модон барын ур хийц, түүхэн үнэ цэнэ, шашин соёлын уламжлалтай танилцах боломжтойг тус музейн сан хөмрөгч Э.Халиун мэдээллээ.


