Түүх, соёлын үнэт өв Эрдэнэ Зуу хийдийн хэрэмт суваргад монгол бичээс бүхий тусгайлан засаж тохижуулсан чулуун хавтангууд байдаг.
Гэвч өдгөө цөөн үлджээ. 1803 онд хийдийн VII Цорж Давгадаржаа 56 суваргыг босгож, бүгдэд ийм бичээс үлдээсэн байна. Үүний утга нь “Ува Сувашиди. Буяныг үзүүлэгч Шигмуни бурхан бээр Варнаси балгадад номын хүрдийг эргүүлсэн цагт Эвэй дэй бумба тэргүүтэн сүсэгтэн бээр босгож, Билгэ билгийн олон хаалгат хэмээн алдаршсан энэ шүтээнийг шашныг мандуулах, амьтныг жаргуулагч Жавзандамба хутагтын шавь дарга Дашринжав, гэлэн Жанчив, Эрдэнэ Зуугийн Ширээт номч цоржийн шавь шадар гэлэн Дондов нар Сайшаалт ерөөлтийн 7-р онд бүтээлгэвэй. Мангалам бавату” хэмээсэн байдаг.
Тодруулбал, Бурхан багшийн найман их үйл хэрэгт зориулан босгосон найман төрлийн эдгээр суваргыг босгоход хувь нэмэр оруулсан хошуу газар, ноёд, лам, шавь, өглөгийн эздийн нэр зэргийг дурджээ.
Алтан ургийн Автай Сайн хааны санаачилгаар 1586 онд байгуулсан Эрдэнэ Зуу хийдэд 1796 онд 7 дугаар ширээт лам Дагвадаржаагийн удирдлагаар их засвар хийж, Тахай балгасны хэрмэн нурангийг суурь болгон 50 суварга босгосон байдаг. Үүний дараа 1802 онд завсар хооронд дахин 56 суварга нэмж барьснаар өнөөдрийн бидний мэдэх дөрвөн талдаа асар хаалга бүхий 108 суваргат хэрмэн хашаа боссон түүхтэй.


