Монголын хошин урлагийн тайзнаас үзэгчдийн танил болсон уран бүтээлчдийн нэг бол Гавьяат жүжигчин Л.Баттулга буюу Аглуу. Өнөөдөр түүний өдөр.
Л.Баттулга 1975 оны энэ өдөр буюу арваннэгдүгээр сарын 6-нд төржээ. Тэрбээр 1993 онд Соёл урлагийн их сургуулийн кино драмын жүжигчний ангид элсэж. 1997 онд жүжигчний мэргэжлээр төгссөнөөр мэргэжлийн урлагийн замналаа эхлүүлжээ.
Түүний урлагийн карьер хошин урлагийн “Х-Түц” продакшнтай салшгүй холбоотой. Тус продакшнд ажиллах хугацаандаа олон төрлийн дүр бүтээж, тайзны хошин урлагийн үзэгчдэд өөрийн гэсэн танигдах хэв маягийг бий болгосон юм. Аглуугийн бүтээсэн дүрүүд өдөр тутмын амьдралд тохиолддог энгийн хүмүүсийн зан араншин, харилцаа, нийгмийн элдэв үзэгдлийг хошин өнгө аясаар харуулдгаараа онцлог. Тэрбээр нярай хүүхэд, бүтэлгүй нөхөр, согтуу эр, халамжтай аав, удирдах албан тушаалтан зэрэг харилцан адилгүй дүрээр үзэгчдийг инээлгэж иржээ.
2018 онд тэрбээр “Аглуу энтертайнмент”-ийг байгуулж, тайзны тоглолт болон дэлгэцийн бүтээлүүд туурвиж буй. Тус продакшн “Ханиа даргад үнсүүл”, “Супер аав”, “Шинэ шөл”, “Дэлхий даахгүй баян”, “Аавын дээл”, “Супер цагдаа” зэрэг дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэжээ.

