УДЭТ-ын уран бүтээлчид их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жил, УДЭТ-ын түүхт 95 жилийн ойд зориулан Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Ч.Түвшингийн найруулга, “Жаргаагүй нар” түүхэн, эмгэнэлт жүжгийг дахин олны хүртээл болгох гэж байна.
Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн энэхүү бүтээл нь нэгэн хүний хувь заяагаар дамжуулан цаг үеийн өнгө төрх, хүний сэтгэлийн эмзэглэл, амьдралын гашуун үнэнийг тайзнаа амилуулах бөгөөд гол дүрүүдийн нэг Хүн-Зөн хэмээх дүрд жүжигчин Э.Идэрболд 10 жилийн дараа дахин тоглох юм.
Э.Идэрболд УДЭТ-т туслах найруулагчаар ажиллах хугацаандаа театрын уран сан дахь ихэнх жүжигт оролцсоноос гадна “Black Box” театрын бүтээл “Хирс”, “Сандлууд”, “Аои”, “Ширэнгэд”, Жан Поль Сартрын зохиолоос сэдэвлэсэн “Тамын хаалга” тэргүүтэй жүжгүүдийн гол дүрд тогложээ.
Өдгөө тэрбээр “Монгол театр”-ыг толгойлон уран бүтээлээ туурвиж буй бөгөөд тус театр 2024 онд “Клеопатра” жүжгийг үзэгчдэд хүргэсэн бол тун удахгүй Америкийн нэрт зохиолч Альберт Рамсделл Гернийн “Love letters” жүжгийг албан ёсны онцгой эрхтэйгээр анх удаа Монголын театрын тайзнаа Э.Идэрболдын найруулгаар амилуулах гэж буй.

