Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан “Dolma” театрын бүтээл Жорж Оурэллийн “Амьтны ферм” мета драмын жүжгийн гол дүрээр тайзнаа гарч байна.
Тусгаар тогтнолын ордны тайзнаа Т.Цэнд-Аюушийн найруулгаар энэ арваннэгдүгээр сарын турш үзэгчдэд хүргэх “Амьтны ферм” мета драмын жүжгийн дүрүүдэд Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаанаас гадна жүжигчин Д.Батцэцэг, Ц.Ганзориг, Э.Намуун, М.Төгөлдөр, Г.Бямбадорж, Н.Даваадорж, бусад дүрд М.Бат-Эрдэнэ, Э.Мөнхшүр, О.Тэргэл, Д.Хуншагай, Д.Болд-Эрдэнэ, Х.Билгүүн нар тоглож буй.
Гавьяат жүжигчин П.Эрдэнэзааны тухайд үзэгчидтэй хамгийн сүүлд “Сүүлчийн шилийн сайн эрс” киногоор уулзсан. Эл кино нь “Маск” продакшн, “Reaction” продакшн, “Милл” кино компанийн хамтын бүтээл бөгөөд “Маск” продакшны 20 жилийн ойдоо зориулсан уран бүтээл, мөн тус хамт олны хамгийн сүүлчийн уран бүтээл гэдгээрээ онцлог байв. Учир нь 2006 оны наймдугаар сарын 7-нд үүсгэн байгуулагдаж, хошин урлагийн тоглолтууд, дэлгэцийн уран бүтээлүүдийг үзэгчдэдээ хүргэсээр ирсэн “Маск” продакшн өнгөрсөн есдүгээр сард албан ёсоор тарж буйгаа зарласан юм.

