Холливудын домогт жүжигчин Жеймс Стюартын амьдралаас сэдэвлэсэн “Jimmy” намтарчилсан кино шүүмжлэгчдээс таагүй үнэлгээ авч байна. “Variety” сэтгүүлийн кино шүүмжлэгч Гай Ложийн үзэж буйгаар тус бүтээл Стюартын ярианы өнгө, биеэ авч явах байдлыг амжилттай дуурайсан ч түүний уран бүтээлч чанар, дотоод ертөнцийг хангалттай харуулж чадаагүй аж.
Киноны гол дүрд “Riverdale” цувралаар танигдсан жүжигчин Кэй Жей Апа тоглож, найруулагчаар Аарон Бёрнс ажиллажээ. Зохиол нь Жеймс Стюарт 1941 онд Дэлхийн хоёрдугаар дайнд оролцохоор цэргийн албанд элссэн үеэс эхэлж, дайны дараа Холливудад эргэн ирж, найруулагч Фрэнк Капратай хамтран “It’s a Wonderful Life” киног бүтээх хүртэлх амьдралынх нь чухал үеийг өгүүлжээ.
Стюарт тухайн үедээ Холливудын нэр хүндтэй жүжигчдийн нэг байсан бөгөөд “The Philadelphia Story” киноны дүрээрээ”Оскар”-ын шагнал хүртсэнийхээ дараа цэргийн албанд явах шийдвэр гаргасан юм. Тэрбээр АНУ-ын Агаарын цэргийн хүчинд алба хааж, Англид байрласан бөмбөгдөгч онгоцны нисгэгчээр Дэлхийн хоёрдугаар дайны ажиллагаанд оролцжээ.
“Variety”-ийн шүүмжлэлд Кэй Жей Апа Стюартын өвөрмөц хоолойн өнгө, даруухан төрх, ярианы хэв маягийг сайн гаргасан ч дүрийнхээ цаадах хүнийг нээж чадсангүй хэмээн онцолсон байна. Мөн кино жүжигчний урлагийн замнал, уран бүтээлийн онцлогт бага анхаарч, цэргийн алба болон эх оронч үзлийг нь хэт өргөмжилсөн өнгө аястай дүрсэлжээ.
Жеймс Стюарт бол “Vertigo”, “Rear Window”, “Mr. Smith Goes to Washington”, “Harvey”, “The Shop Around the Corner” зэрэг кинонуудаараа кино урлагийн түүхэнд нэрээ үлдээсэн жүжигчин юм. Түүний дүрүүдэд энгийн, даруу атлаа ёс суртахууны хүчтэй байр суурьтай хүний төрх олонтаа илэрдэг.
“Jimmy” киног “Fathom Entertainment” түгээж байгаа бөгөөд АНУ-ын кино театруудаар үзэгчдийн хүртээл болж байна.

