“Бэтмэн” болон “Бүрэнхий” киноны од Роберт Паттинсон Францын алдарт “Dior” загварын ордны 2026 оны баярын сурталчилгааны “Christian Dior’s Night in Color” нэртэй богино хэмжээний анимэйшн кинонд дуу оруулжээ. Гэвч уг бүтээл цахим орчинд хиймэл оюун ухаан ашигласан гэх шүүмжлэл дагуулсан тул найруулагч Сильвен Шоме тайлбар хийж, бүх дүрсийг уран бүтээлчид гараар зурсан гэдгийг онцолсон байна.
Зургаан минут орчим үргэлжлэх тус бүтээлийг “Бельвиллийн гурвал” (The Triplets of Belleville), “Илбэчин” (The Illusionist) хүүхэлдэйн кинонуудаараа танигдсан, “Оскар”-т дөрвөн удаа нэр дэвшиж байсан Францын найруулагч Сильвен Шоме найруулжээ.
Роберт Паттинсоноос гадна Рианна, Жош О’Коннор, Лакит Стэнфилд, Луи Гаррель, Камий Коттен нар дуу оруулсан байна. Уг бүтээл “Dior”-ын 2026 оны баярын улирлын сурталчилгааны нэг хэсэг бөгөөд загварын ордны түүх, үүсгэн байгуулагч Кристиан Диорын Холливудтай тогтоосон харилцаа, жүжигчин Марлен Дитрихтэй нөхөрлөж байсан үе, 1949 онд урласан алдарт “Junon” даашинз зэргээс санаа авчээ.
Цахим хэрэглэгчид хүүхэлдэйн киноны зарим дүрслэл, тухайлбал зургаан хуруутай мэт харагдах гар зэрэг алдааг анзаарч, бүтээлийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн байж болзошгүй хэмээн шүүмжилсэн байна.
Роберт Паттинсоны хувьд 2026 он уран бүтээлийн хувьд онцгой завгүй жил болж өнгөрч байна. Тэрбээр Кристофер Ноланы найруулсан “The Odyssey” кинонд Антинойн дүр бүтээж, “The Drama” романтик инээдмийн драмд тогложээ.
Мөн Лэнс Оппенхаймын найруулсан “Primetime” кинонд Америкийн телевизийн хөтлөгч Крис Хансены дүрийг бүтээсэн төдийгүй тус киноны продюсероор ажилласан байна. Уг бүтээл 2026 оны есдүгээр сарын 25-нд АНУ-ын кино театруудаар нээлтээ хийсэн юм.
Түүнчлэн Денис Вильнёвын найруулсан “Dune: Part Three” кинонд Сайтейлийн дүрээр тоглож байгаа бөгөөд уг кино 2026 оны арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийхээр товлогджээ. Харин “The Batman Part II” кинонд Брюс Уэйн буюу Бэтмэний дүрдээ эргэн тоглох юм.

