“Зак, Коди хоёрын тансаг амьдрал” (The Suite Life of Zack & Cody) цувралын гол дүрийн жүжигчин Дилан Спроус тус бүтээлд тоглосныхоо дараа дахин гарсан ангиудаас авсан цорын ганц нэмэлт төлбөр нь ердөө таван цент байсан тухайгаа ярьжээ.
Тэрбээр хуучин хамтран тоглогч Фил Льюистэй “Wildmen” подкастад оролцох үеэрээ энэ талаар дурссан байна.
Дилан Спроусын хэлснээр, түүний авсан таван центийн төлбөр нь “Ханна Монтана” цувралтай хийсэн хамтарсан нэг ангитай холбоотой байжээ. Тэрбээр “Зак, Коди хоёрын тансаг амьдрал” цувралын бараг 190 ангид тоглосон ч дахин цацагдсан ангиудаас нэмэлт орлого бараг хүртэж байгаагүй аж.
Жүжигчин тухайн үед тус цуврал телевизийн үзэгчдийн тоогоор “The Sopranos” зэрэг алдартай бүтээлүүдтэй өрсөлдөхүйц амжилтад хүрч байсныг онцолсон байна. Гэсэн ч олон улсад өргөн хүрээнд цацагдаж, дахин дахин үзэгдэж байсан бүтээлээсээ зохих хэмжээний нэмэлт төлбөр авч чадаагүй нь түүний хувьд сонирхолтой дурсамж болж үлджээ.
Харин тус цувралд тоглосон жүжигчин, найруулагч Фил Льюис ч мөн нэмэлт төлбөрийн асуудлыг хөндсөн байна. Түүний тайлбарласнаар, зарим ангийн богино хэсгүүдийг тусад нь зураг авч, дараа нь нэгтгэн шинэ анги болгон гаргадаг байсан ч ийм бүтээлүүдэд оролцсон жүжигчдэд нэмэлт хөлс олгоогүй тохиолдол байжээ.
“The Suite Life of Zack & Cody” цуврал 2005-2008 онд “Disney Channel” сувгаар гарч, ихэр жүжигчин Дилан, Коул Спроус нарыг дэлхий даяар алдаршуулсан юм. Тус бүтээл олон орны үзэгчдэд хүрч, тухайн үеийн хүүхэд, өсвөр үеийнхний хамгийн алдартай телевизийн цувралуудын нэг болсон билээ.
