Поп хөгжмийн од Бритни Спирсийн 2001 онд гаргасан гурав дахь бие даасан цомог болох “Britney”-гийн 25 жилийн ойд зориулсан өргөтгөсөн хувилбар арваннэгдүгээр сарын 6-нд цахим платформуудаар цацагдлаа. Тус цомогт өмнө нь албан ёсоор нийтэд хүргэж байгаагүй таван дуу болон хоёр ремикс багтжээ.
“Britney (25th Anniversary Edition)” нэртэй шинэ хувилбарт “Right Now (Taste the Victory)”, “She’ll Never Be Me”, “Am I a Sinner”, “When I Say So”, “My Big Secret” хэмээх таван дуу багтсан байна. Харин “Overprotected” дууны Darkchild ремикс болон Фаррелл Уильямсын оролцсон “Boys” дууны Co-Ed ремиксийг мөн нэмжээ. Эдгээр таван бүтээл нь Бритни Спирсийн 2001 оны цомгийн бичлэгийн үеэр туурвисан боловч тухайн үед цомогт багтаагүй дуунууд юм.
“Britney” цомог 2001 оны арваннэгдүгээр сарын 6-нд худалдаанд гарсан бөгөөд тухайн үед 19 настай байсан дуучны уран бүтээлийн замналд чухал эргэлт болсон юм.
Цомгийн биет хувилбар болох CD болон пянз 2027 оны нэгдүгээр сарын 22-нд худалдаанд гарахаар товлогджээ. Шинэ хувилбарт цомгийн анхны дуунуудаас гадна бичлэгийн үеийн өмнө нийтэд үзүүлж байгаагүй гэрэл зургууд болон шинэ хавтасны загвар багтах аж.

