“The Beatles” хамтлагийн амьд үлдсэн хоёр гишүүн болох Пол Маккартни, Ринго Старр нар 2027 онд АНУ-ын Лас Вегас хотод болох нэг удаагийн тусгай тоглолтоор дахин нэг тайзнаа гарахаар болжээ.
Тэд ирэх оны нэгдүгээр сарын 29-нд “MGM Grand Garden Arena”-д зохион байгуулагдах “VetsAid 2027” хандивын тоглолтод “Eagles” хамтлагийн гитарчин Жо Уолштай хамт оролцоно. Жо Уолш уг наадмыг үүсгэн байгуулагч бөгөөд энэ удаагийн тоглолт “VetsAid” арга хэмжээний 10 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог юм.
Жо Уолш өөрийн цахим хуудсаар дамжуулан “Хөгжмийн баатрууд Пол, Ринго болон бусад гэнэтийн зочидтой хамт тайзан дээр уулзацгаая. Ахмад дайчдаа дэмжиж, бие биедээ тусалцгаая” хэмээн мэдэгджээ.
Пол Маккартни, Ринго Старр нар хамгийн сүүлд 2024 оны арванхоёрдугаар сард Лондонд хамт тайзнаа гарсан юм. Тухайн үед Ринго Старр Маккартнигийн “Got Back” аялан тоглолтын сүүлийн тоглолтод гэнэтийн зочноор оролцож, “Helter Skelter” болон “Sgt. Pepper’s Lonely Hearts Club Band (Reprise)” дуунуудыг хамтран амилуулсан билээ.
Пол Маккартни, Ринго Старр нарын хувьд Жон Леннон, Жорж Харрисон нар таалал төгссөнөөс хойш “The Beatles”-ийн хамт өнгөрүүлсэн дурсамж, түүхийг хуваалцаж чадах цорын ганц хоёр гишүүн болон үлдсэн. Тиймээс тэдний хамтарсан тоглолт бүр дэлхийн хөгжмийн ертөнцийн анхаарлыг татдаг билээ.
“VetsAid” нь АНУ-ын цэргийн ахмад дайчид болон тэдний гэр бүлд туслах зорилготой буяны арга хэмжээ юм. Тоглолтоос олсон цэвэр орлогыг ахмад дайчдад үйлчилгээ үзүүлдэг байгууллага, буяны үйлсэд хандивлах аж. Тасалбар арваннэгдүгээр сарын 13-наас AXS платформоор худалдаалагдаж эхэлнэ.

