Кантри хөгжмийн домогт дуучин Вилли Нелсон 2022 онд COVID-19-өөр өвчилж, амь насанд нь аюул учирсан хүнд үеийнхээ талаар шинэхэн номдоо дэлгэжээ. Тэрбээр өвчний улмаас маш их шаналж байхдаа эхнэр Анни Д’Анжелогоос хоёр удаа “Намайг үхүүлээч” хэмээн гуйж байсан тухайгаа дурдсан байна.
“People” сэтгүүлд нийтэлсэн түүний “The Last Leaf” шинэ номоос авсан хэсэгт өгүүлснээр, 2022 оны тавдугаар сард Вилли Нелсон аялан тоглолтын автобусандаа байх үедээ амьсгалж чадахгүй болжээ. Тухайн үед 89 настай байсан дуучны биеийн байдал улам дордож, COVID-19-ийн халдвар түүний хувьд жинхэнэ “хар дарсан зүүд” болсон байна.
Өвчний улмаас маш их өвдөж, бие нь улам муудах үед Вилли эхнэртээ хоёр удаа “Намайг үхүүлээч” хэмээн хэлжээ. Харин Анни нөхрийнхөө хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд “Чамайг үхвэл би өөрийгөө ална шүү” хэмээн хариулсан байна.
Вилли Нелсон номдоо эхнэрийнхээ тууштай халамж, дэмжлэг түүнийг амьд үлдэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцолжээ. Тэрбээр хоёр долоо хоног орчим хүнд өвдсөний эцэст бие нь сайжирсан байна.
“The Last Leaf” ном нь зөвхөн дуучны амьдрал, уран бүтээлийн тухай бус, түүний эхнэр Аннитай өнгөрүүлсэн хайр дурлал, хамтын амьдралын түүхийг ч өгүүлжээ.

