“Халамцуу салхи”, “Дурлал юу хүснэ вэ”, “Зочин” зэрэг алдартай уран бүтээлүүдээрээ хэдийнээ танил болсон продюсер, ая зохиогч Ганг буюу Ганбаатарын Ганхуяг агсанд хүндэтгэл үзүүлэх тоглолт энэ арваннэгдүгээр сарын 20-ны баасан гарагт “M Bank Arena”-д болох гэж байна.
Тоглолтын хөтлөгчөөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун ажиллах юм. Тэрбээр тоглолтын талаар “Бид өнгөрсөн жил энэ тоглолтыг хийхээр төлөвлөсөн ч тохироо нь бүрдээгүй. Харин “Бага Тойрог Лэйбл”-ийн залуучууд маань Монголын олон сайхан уран бүтээлчид, тэр дундаа амьд хөгжмөөр дагнасан залуучуудын ур чадварыг олон нийтэд хүргэх ажил хийж байгаа нь талархууштай.
Гангийн хийсэн уран бүтээлүүд “амьд” учраас цаг хугацааг туулсан ч өнөөг хүртэл эгшиглэсээр байна. Хэдийгээр найз маань бидний дунд өнөөдөр байхгүй ч гэсэн уран бүтээл нь “амьд” байгаа учраас энэ аяллыг нь үлдсэн бид үргэлжлүүлэх ёстой юм байна гэж бодсон юм” гэв.
“Халамцуу салхи Tribute to Gang” тоглолтод “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин, дуучин Д.Жаргалсайхан, дуучин Daisy буюу Д.Дэлгэрцэцэг, “A-Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, “Номин талст” хамтлагийн дуучин А.Хаянхярваа, дуучин Б.Баярцэцэг, Б.Хонгор, Б.Маралжингоо, Г.Тэнүүн, “The Pips” хамтлагийн дуучин Г.Билгүүн, артист Inga, “Nisvanis”, “Fire”, “Bulsara”, “The Lemons”, “Rec On”, “Kiwi”, “Honeymoon” хамтлагууд оролцоно.

