Испани улсын Мадрид хотын Торрехонд зохион байгуулсан “International Ice Festival-5th Edition” олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд Монголын уран бүтээлчид амжилттай оролцож, тэргүүн байрын шагнал хүртлээ. 14 орны 22 уран бүтээлчийн нийт 10 баг оролцсон тэмцээнд уран бүтээлч Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Доржнамжил нар “Тэнгисийн үнсэлт” нэртэй бүтээлээрээ өрсөлдөж, шилдгээр шалгарлаа.
Мөсөн урлаг нь богино хугацаанд асар их ур чадвар, нарийн ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ шаарддаг онцгой төрөл билээ. Монгол уран бүтээлчид энэхүү бүтээлээрээ олон улсын тайзнаа эх орныхоо нэрийг дуурсгаж, Монголын урлагийн дахин нэг өнгө төрхийг дэлхийд таниуллаа.
Мөсөн сийлбэрчид далайн амьтад, усан доорх ертөнц, домгийн амьтдыг дүрслэх сэдвийн хүрээнд бүтээлээ урлажээ. Баг бүрд 5х5 метр талбай, тус бүр нь 125 кг жинтэй 25 мөсөн блок олгосон бөгөөд уран бүтээлчид долоон өдрийн турш хөрөө, цүүц зэрэг багаж ашиглан бүтээлээ туурвисан байна.
Манай сийлбэрчид Испанид болсон тэмцээнд хоёр дахиа түрүүлж байгаа аж. Хоёр жилийн өмнө болсон гурав дахь удаагийн тэмцээнд манай сийлбэрчид “Алиса: гайхамшигт аялал” бүтээлээрээ тэргүүн байр эзэлснээс гадна үзэгчдийн нэрэмжит шагналыг хүртэж байсан юм.

