Дэлхийн тэргүүлэгч стриминг платформ “Netflix” өнгөрсөн 2025 онд “Physical: Asia” шоуг үзэгчдэд хүргэсэн. Энэхүү шоу нь 2023 онд цацагдсан “Physical: 100” цувралын өргөжүүлсэн, олон улсын хувилбар бөгөөд үзэлтээрээ олон оронд тэргүүлж, үзэгчдийг татаж чадсан юм.
“Physical: Asia 2 – Unbroken” нэртэй шинэ улирал 2027 онд дэлхийн үзэгчдэд хүрэхийг “Netflix”-ээс албан ёсоор зарласан бөгөөд шинэ улиралд Азийн улс орнуудын шилдэг тамирчид эх орныхоо нэрийн өмнөөс хүч чадал, тэсвэр хатуужил, хурд, авхаалж самбаа болон багийн ажиллагаагаа сорин өрсөлдөнө. Гэхдээ өмнөх улирлын сорилтуудыг давтахгүй, цоо шинэ орчин, өөр төрлийн даалгавар, өрсөлдөөний шинэ стратегиудыг нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Шоуны эхний улирлыг найруулсан Жан Хо Ги хоёрдугаар улиралд мөн найруулагчаар ажиллана. Тэрбээр шинэ улирлын талаар ярихдаа “Бид өмнөх улирлуудаас тэс өөр ертөнцийг бүтээж, ‘Physical’ цувралын шинэ онцлог болж чадах сорилтуудыг боловсруулсан. Зөвхөн цар хүрээг нэмэгдүүлэх бус, улс хоорондын өрсөлдөөний форматаас үүдэх шинэ стратеги, тулааны хослол, урьдчилан таамаглахын аргагүй үр дүнг үзүүлэхийг зорьж байна” хэмээн мэдэгджээ.
Харин хоёрдугаар улиралд Монгол Улс дахин оролцох эсэх, ямар улс орнуудын баг өрсөлдөх, тамирчдын нэрс болон багийн бүрэлдэхүүнийг “Netflix” одоогоор зарлаагүй байна.

