Монголын инди рок уран бүтээлч Magnolian буюу Б.Дөлгөөн Японы жазз дуучин Карен Аоки (Karen Aoki)-тай хамтран бүтээсэн “Hundred Birds” шинэ синглээ олон нийтэд хүргэлээ. Энэ нь хоёр уран бүтээлчийн 2023 оноос эхэлсэн хамтын ажиллагааны хүрээнд гаргаж буй гурав дахь сингл бөгөөд арванхоёрдугаар сарын 2-нд нээлтээ хийх ижил нэрт EP цомгийн гол бүтээл юм.
“Hundred Birds” дуугаа Magnolian “Сүрлэг, алсын зүг нисэн одох мэт мэдрэмж төрүүлэхүйц уур амьсгалтай” гэж тодорхойлжээ.
“Hundred Birds” цомгийг Японы “Rambling Records”-ын нэр дор арванхоёрдугаар сарын 2-нд дижитал хэлбэрээр гаргахаар товлосон байна. Цомогт “Somewhere without a name”, “A Dream That Felt So Real” тэргүүтэй таван уран бүтээл багтжээ.
Magnolian 2015 онд “Someday” синглээр уран бүтээлийн гараагаа эхлүүлж, 2016 онд “Famous Men” EP, 2020 онд “Slow Burn” цомгоо гаргасан Монголын инди рок уран бүтээлч юм. Түүний “The Bride & the Bachelor” дуу “Netflix”-ийн “Outer Banks” цувралд ашиглагдаж байсан бол 2025 онд Хидео Кожимагийн “Death Stranding 2: On The Beach” видео тоглоомд хэд хэдэн уран бүтээл нь багтсан билээ.

