(Заримдаг хийгээд сургамжит санаа)
“Монгол их урлаг” гэдэг ойлголт байна аа, ийм урлаг “Mонгол түүх”-ийн бүхий л туршид байсан, байх ч болно. Түүнчлэн “…Монголын радио хятадаар мэндлэх…” тэр мөчс хүртэл үргэлжлэх нь дамжиггүй (гоц, хурц, сод найрагч Б.Галсансүхийн ёгтлон тунхагласнаар)…
“Монгол Их Урлаг” гэдэг “Монгол хүн”-ий цээжин тушаа байрлах зүрх сэтгэл хэмээх зургаа дахь эрхтэн мэдрэхүйд шууд хүрч очин, шөрмөсгөн амин гол чавхдасыг нь хөндөн оролдож, огшоон уярааж, ихэр татан бадруулахаар бүтээгдсэн урчуудын туурвилыг хэлээд буй хэрэг.
Урлагийн ямар төрөл хэлбэрээр, урлах ямаршуу яруу арга хэрэгсэл хэрэглэсэн хийгээд хэдүй цаг үед, аль газрын хэнбугай зохион бүтээсэн зэргээс энэ нь үл хамаармуй. Гагцхүү “Монгол газар оронд”, “монгол урлагч хүний ур ухаанаар” урлагийн бүтээл болон амилж, төрсөн байх үндсэн нөхцөлтэй…
“…Америкт манай их урлагийн одод бишгүй л ирж байсан ш дээ юун сүртэй юм…” гэх улс энэ хооронд бишгүй таарав. Зарим нь “…Бид анхны драмын жүжгийг америкт тавьсан…” гэх “лидер” гэгдэх хүн нь ч мөчөөгөө өгсөнгүй… Энд нэгэн учир байгаа юм. Олон жилийн туршид (1991 оноос) манай их урлагийн одод энэ нутагт хөл тавьсан нь үнэн. Гэсэн хэдүй ч тэд маань улс төрчдийн золионд аль нэг албан контоорын индэрт (НҮБ-ийн хурлын танхим, Дэлхийн Худалдааны “хоёр өндөр” төв г.м), эсвэл урлагийг зөвхөн “зоосны машин” гэж хардаг, түүнээ согтуу хөлчүү улсын цугладаг хуаранд тайчигч нартай зиндаалан харуулж, тархи ичгүүргүй, ганзага наймаачдын золио болсоор өдий хүрсэн нь нуултгүй ил.
Дээрх хэмжүүрийг баримталбаас Украйн Улсаас угшилт, Герман оронд (ХБНГУ) амьдардаг энэ цагийн жүжгийн зохиолч, театр судлаач шүүмжлэгч, ЮНЕСКО-ийн Олон Улсын Театрын Нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн, хатагтай Нина Мазурын “Меня зовут Эдит Пиаф” (“Би Эдит Пиаф байна” (“Меня зовут Эдит Пиаф” монгол ухаанаар дэглэсэн увидан нь МУУГЗ Б.Баатар) нэг хүн жүжиглэн, дуулж наадахаар зохиогдсон бүтээл болон сэтгүүлч, жүжгийн зохиолч,
МУСГЗ Б.Галааридын “Тэнгэрийн аялгуу” (Найруулагч Д.Сангибат, Хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан, Зураач Ц.Энхтуяа) домгийн сэдэвт, дуу хууртай, хөгжим чимэглэлтэй мөнхүү нэгэн эмэгтэй жүжигчин дуулан, хэлж наадах жүжигсийг АНУ – ын Иллинойс мужийн Чикаго хотын Оок Паарк дүүргийн Мэдисоны Гудам Театрын тайзнаа Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын жүжигчин МУСТА, Олон Улсын Театрын Уралдааны тэргүүн байрын шагналт Цэрэндоржийн Баясгалангийн 2014 оны 12-р сарын 19-ний үдэш монгол хэлээрээ амилуулсан нь түүхэн хийгээд “монгол их урлаг” америкийн “их тайз”-наа анх “хөл гишгэсэн” үйл хэрэг мөнөөсөө мөн юм аа.
Энэ үйлсийг санаачилан өдөөгч нь “Монголын Их Амар Амгалан” Соёлын Академи (“Pax Mongolica” Cultural Academy Ctr) ба хэрэгжүүлэгчид нь тус академийн ажлыг дэмжигч олон арван сайн дурын ажилчид, хоёр орны засаг төрийн офиссууд байлаа.
Эдгээр нэрсийг жагсаавал: Монгол улсаас Ану-д суугаа элчин сайдын яам, Ану-ын Чикаго хот дахь Монгол улсын өргөмжит консулын газар, өргөмжит консулын биет төлөөлөгч Н.Баярсайхан, Улсын их хурлын гишүүн Ц. Оюунгэрэл, Монгол улсын шинэчлэлийн Засгийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театр, Ану маркетинг компани Т.Сэргэлэнцэцэг, Хулан пиано студын төгөлдөр хуурч, доктор Хулан, Umon Tv Захирал Б. Уранчимэг, Чикаго дахь салбарын продюсер, сэтгvvлч Д. Адилзаяа, Chicagomongols.сom Цэрэнбат, Usamongol.com Сугараа, сэтгүүлч Д. Уранзул, Монгол Улсын Соёлын Тэргүүгий Ажилтан Ди Жи Бямбаа, Уламжлалт анагаах ухааны эмч Б.Зогмаа, Дууны найруулагч Ш.Батцэрэн, Драмын жүжигчин МУСТА Х.Оюунсүрэн, Минжээ, Ууганаа, Алтай, Мөөгий эдгээр болох ба энэ бүх хүмүүс, албан байгууллагад олон дахин талархсанаа илэрхийлээд, “нэг зуун мянган ам. долларын төсөл” хэрэгжүүлэхэд өөрсдийн сайн дураар тавиас таван зуу хүртэл ам. долларын. хандив өргөсөн бүх хүмүүст “буян нь дэлгэрэн арвижихын” ерөөл дэвшүүлье !
Аливаа олныг хамарсан үйл хэрэг эрсдэл, үрэгдэл, хэл ам таталдгийн адил “Монголын их урлагийн америкт анх хөл гишгүүлэх” төсөл маань дуулиан, шуугиан бишгүй дагууллаа. Энэ нь ч зүй ёсны хэрэг.
“Шагнал” гэгч аглагт суугаа зарим монгол хүнд “хүний аминаас ч илүү явдал” байж болохыг сонсох төдийгүй, харан гайхшрав. Цагдаа, сэргийлэхэд тулж байж үнэмшив.
Засаг төрийн шагналынхаа учир начрыг хол, удаан, даяанчлан сууснаас начрыг нь ойлголгүй урж, тасдан “барс мэт уурссан” цоо эрүүл юм шиг хүнтэй ч нийтийн индэр тайзан дээр таараатхав. Энэхүү төслийн үеээр олон нийтийн өмнө МУСТА цол хүртсэн хийлч Ж.Хадбаатар, бүжигчин З.Энхзул болон Засгийн Газрын Жуух бичиг гардсан хөгжимчин А.Солонго, Т.Сэргэлэнцэцэг нарт сайн бүхний дээдийг хүсэх нь зүйтэй байх аа !.
Энэхүү төслийг хэрэгжүүлэх ажлын явцад “монголын монгол” хүний этгээд зан авир, “америкийн монгол” хүний үнэмшигч зан дээр “вальс эргэх” гэж оролдохыг ч ажиж амжив. Үнэндээ бол “монголын монгол”, “америкийн монгол” нь өөр үндэстэн, өөр соёлын ангилалд багтах болсоныг, мөн менталитет нь өөр болсон байхыг ч соёлын онолын хувьд олж харлаа. Мэдмээр юм. Мэдсэнээ бусдад дуулгамаар юм билээ…
Энэхүү “Монгол Их Урлаг”-ийг “америкт анхлан хөл гишгүүлэх” үйлсэд гол гавьяа байгуулсан драмын жүжигчин Ц. Баясгаланд “Монголын Их Амар Амгалан” Соёлын Академи “Соёлын Хүндэт Академич” цол олгохоор шийдвэрлэсэнд жүжигчин маань даруу зангаараа “…би энэ өндөр хэргэм, шагналыг хүртэх эрхгүй, болоогүй…” хэмээн олон нөхдийн өмнө микрофоноор учирлан, албан ёсны цол, дипломоос татгалзсан бөлгөө… Монгол Их Урлаг Ертөнц дахиныг бүрхэх болтугай !
“Монголын Их Амар Амгалан” Соёлын Академи санаачилагч Б. Батжаргал
АНУ-ын Иллинойс муж Чикаго-Оок Паарк-Аврора
2015.01.09