ОХУ-аас 20 мянган тн улаан буудай импортлох квот тогтоосон. Энэ асуудлаар “Гурил үйлдвэрлэгчдийн холбоо”-ны тэргүүн Ц.Отгонбаатартай ярилцлаа.
-Хойд хөршөөс улаан буудай импортлох асуудал тарианчдын эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Ингэхэд 20 мянган тн улаан буудай оруулж ирэх шийдвэр хүчинтэй хэвээрээ байгаа юу?
-Хүнс, хөдөө аж ахуйн яам ОХУ-аас 20 тн улаан буудай импортлох шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард бид улаан буудай оруулж ирэх гэтэл газар тариалан эрхлэгчдийн зүгээс “Ургацаа хураатал импортоор буудай оруулж ирэхгүй байх” хүсэлт тавьсан. Тиймээс бид захиалчихсан байсан вагоноо буцааж, бүх эрсдлээ өөрсдөө үүрсэн юм. ОХУ-аас татах 20 мянган тн улаан буудайг нэн яаралтай оруулж ирэх шаардлага тулгараад байгаа. Учир нь ОХУ-ын тал ирэх хоёрдугаар сарын 1-нээс хойш экспортын татвараа 56 ам.доллараар нэмэх шийдвэрт хүрсэн байгаа юм.
-Хэрэв татвар нэмэгдвэл та нарын үйлдвэрлэх гурилын үнэ ч өсч таарна биз дээ. Ингэхэд одоо нэг тн улаан буудайн экспортын татвар ямар байгаа вэ?
-Мэдээж, татвар нэмэгдвэл хэрэглэгчдэд очих гурилын үнэ нэмэгдэж очино. Одоогийн байдлаар ОХУ-ын улаан буудайн экспортын үнэ нэг тн тутамд 200 ам.доллар байгаа. Харин хоёрдугаар сарын 1-нээс хойш 256 ам.доллар болно гэсэн үг.
-Тариалан эрхлэгчдийн зүгээс Хүнс хөдөө, аж ахуйн сайдад шаардлага хүргүүлсэн байна лээ. Өнөө жил ургац арвин авсан байтал гаднаас улаан буудай оруулахыг эсэргүүцэж байсан л даа…
-Урьд жилүүдийнхийг бодвол өнөө жил ургац арвин авсан. Гэхдээ хонины ноосыг нарийн бүдүүн ширхэгтэй нь хольж байж чанартай цамц нэхдэг шүү дээ. Үүнтэй адил гурил дотроо цагаан, бор, ширхэгтэй, нарийн гээд олон янз. Иймд ОХУ-ын өөр сортын буудайг дотоодынхоо буудайтай хольж үйлдвэрлэвэл сайн чанарын цавуулаг өндөртэй гурил болно. Бид ийм гурил үйлдвэрлэж, хэрэглэгчийн таашаалд нийцүүлэхийг л хүсч байна. Тариаланчид иргэдэд мэдээллийг бүрэн гйүцэд хүргэхгүйгээр өөрт ашигтай байдлаар тайлбарлаад байна. Юу вэ гэхээр, энэ удаагийн 20,000тн буудайн импортын квотын гол шалгуур болох 25%-с дээш цавуулагтай буудай импортлох гэсэн зүйлийг хаягдуулж байна.
-Монголчуудын уламжлалт баяр цагаан сар хаяанд иржээ. Бууз, банш, хэвийн боов хийхээс өгсүүлээд гурилын хэрэгцээ нэмэгдэж байна. Энэ үед хэрэглэгчдэд чанартай гурил нийлүүлэх ёстой юм биш үү?
-Харин бид үүнийг л хүсээд байгаа юм. Баяр ёслолоор монголчууд зочид гийчдээ нүүр бардам дайлж, цайлахыг эрмэлздэг. Иймд буузных нь ёроол салаад уначихгүй, хоорондоо наалдаж урсахааргүй гурилыг түлхүү сонгодог шүү дээ. Цавуулаг өндөртэй, чанартай гурилын хэрэгцээ байгаа учраас бид 20 тн улаан буудайг ойрын хугацаанд импортлох зайлшгүй шаардлага тулгараад байгаа юм.
-Эдийн засаг хүндэрчихээд байхад гаднаас улаан буудай авах шаардлага байхгүй гэж тариаланчид үзэж байгаа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ. Ер нь ОХУ-аас буудай импортолсноор манай эдийн засагт яаж нөлөөлөх бол?
-Дотоодын гурил хойд хөршийнхөөс өнгө үзэмжний хувьд хамаагүй сайжирсан. Гурилын үйлдвэрүүдийн технологи ч дэлхийн түвшинд хүрсэн. Өдөрт ойролцоогоор 2000 тн-ыг үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин дотооддоо 1000 тн-ыг л хэрэглэж байна. Тэгэхээр бид хойд хөршөөс улаан буудай импортолж, дотооддоо гурил болгон авч үлдээд, үлдэгдэлээр нь малын тэжээл үйлдвэрлэж, урд хөрш рүүгээ экспортлох боломжтой. Ийм бизнесийн боломжийг гадны улсууд ихэд эрэлхийдэг. Харин манайд байсаар атал хойш нь татаж байна шүү дээ. Манай тариаланчид ОХУ-д 345 мянган төгрөгийн үнэтэй байгаа улаан буудайг гурил үйлдвэрлэгчдэд 550 мянган төгрөгөөр өгдөг. Дээрээс нь улсаас 100 мянган төгрөгийн урамшуулал авч байна. Монголын газар тариалан эх орны чухал хэрэгцээтэй байх ёстой л доо. Гэтэл өөр сортын буудай оруулж ирэх гэлээ, биднээс авсангүй гэж тэд гомдоллодог. Бодит амьдрал дээр очихоор манай тариаланчдад буудай байдаггүй. Энэ бол эсэргээрээ улс төрийн боикет байдлаар бий болчихоод байгаа юм. Харин гурван сая хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэхийн тулд чанартай гурил үйлдвэрлэх шаардлагатай байгаа. Тариаланчид байнга л гурван зуун мянган тариаланчдын эрх ашгийг ярьж байдаг, гэтэл гурил үйлдвэрлэгчид бид гурван сая иргэний өмнө хариуцлага хүлээсэн шүүдээ. Дотоодын гурилын чанар муудаад ирэхээр ард иргэд хүссэн хүсээгүй импортын чанартай гурилыг сонгох нь ойлгомжтой зүйл.
Тодруулбал, бидэнд буудайгаа хямд авах хойд хөрш байна. Импортолж аваад нэмүү өртөг шингээгээд Монголдоо орлого оруулаад буцаагаад импортолчихож байгаа юм. Хятад, Орос хоёр зөвшилцөөд малын тэжээл авах квотоо нээх л юм бол бидний энэ бизнес байхгүй гэсэн үг. Яг энэ торгон мөчид Хятад Оросоос импортлох хүртэл нь ашиглах хэрэгтэй. Гурил үйлдвэрлэгчдийн энэ боломжийг битгий хаагаач ээ. Энэ бол бидний асуудал биш,нийт хэрэглэгчдийн, гурван сая иргэний эрх ашгийн асуудал юм.
Нэг тэрбум хүн амтай Хятад улс бидэнтэй хөрш зэргэлдээ оршиж байна. 105 тн сая үр тариа тариалах боломжтой Сибирийн хамгийн сайн хөрслөг тариалангийн талбайн зам бидэнд ойр байгаа. Бид тэндээс улаан буудай татаж, гурил болгон үйлдвэрлээд, үлдэгдлийг нь малын тэжээл болгон урд хөрш рүүгээ экспортлох боломж байна. Өнөөдрийн байдлаар ургац хурааснаас хойш 20-30 мянган тн малын тэжээл Хятад руу экспортолсон байгаа. Тэгэхээр гурил үйлдвэрлэгч нар татвараа багасга гэж шахахаас урьдаар экспортод гаргах боломжийг нээж өгөхийг хүсч байгаа.
-Ингэхэд импортын улаан буудайд квот тогтоох нь зөв үү?
-Буудайд 20 мянган тонн, гуриланд 10 гаруй мянган тонны квот тогтоочихсон байгаа. Урьд нь хэн дуртай нь гурил оруулж ирээд дотооддоо ч борлуулж, Хятад руу ч гаргадаг байсан. Одоо тийм зүйл байхгүй болсон. Гэхдээ бидэнд хойд хөршөөс түүхий эд импортлоод, урд хөрш рүү тэжээл экспортлох боломж бий гэж дээр хэллээ. Ийм импорт, экспортын багана байхад квот тогтоогоод байх хэрэггүй. Харин гурилын үйлдвэрүүдийн зүгээс 1-р зэргийн гурилын импортыг эрс эсэргүүцэж байна, бидэнд хангалттай нийлүүлэх боломж байгаа тул ийм шийдвэр байж болохгүй ээ.
-ОХУ-аас авч байгаа сортыг Монголын хөрсөнд тариалах боломж бий юу?
-Манай хөрсөнд өөр сортын улаан буудай тарих боломжтой. Гэхдээ бордоо чухал. Тэр бордоог нэг жил хөрсөнд хийгээд тийм тариа ургахгүй. Наанадаж 4-5 жил зарцуулна. Цавуулан өндөртэй гурил олон давуу талтай. Шөлтэй хоолонд урсахгүй, бууз хийлээ гэхэд ёроол нь ховхрохгүй, хэвийн боовонд цэврүүтэхгүй гэхчилэн бүтээгдэхүүний амт нь ч цаанаа өөр. Тийм болохоор манай хэрэглэгчид чанартай гурилыг түлхүү сонгодог болсон.