Өнгөрөгч наадмын өдрүүдэд Сант-Асар арт галрейд монгол, япон уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн боллоо.
Үзэсгэлэнгийн үеэр Монгол дахь япончуудын холбооний гишүүн Шибүяа Масарүтэй ярилцлаа.
–Сайн байна уу. Сайхан наадсан уу. Та Монголд хэд дэх жилдээ амьдарч байна вэ?
-Би 2008 оны зургаадугаар сараас Монголд амьдарч эхэлсэн. Одоо найман жил болох гэж байна.
-Монгол хэлийг маш сайн эзэмшсэн байна шүү.
-Үгүй ээ. Яг ном журмын дагуу сураагүй учраас хааяа жаахан буруу өгүүлбэр хэлчих гээд байдаг юм /инээв/. Гэхдээ монгол хэлийг чадахынхаа хэрээр сурахыг эрмэлзэж байгаа.
-Монголын үндэсний баяр наадам энэ өдрүүдэд үргэлжилж байна. Та хэрхэн баярлаж байна вэ. Монгол наадмын тухай сэтгэгдэлээ хуваалцаач?
-Би өөрөө Монголд амьдраад, монголын түүх соёлыг багагүй судалдсан. Тиймээс монголын баяр наадам, цагаан сарыг ерөнхийдөө мэддэг. Бас монголын түүх, монголын хэдэн зуун жилийн уламжлалыг илүү их таниж, мэдэхийг хичээдэг. Монгол наадмыг хэдэн зууны тэртээгээс монголчууд тэмдэглэж эхэлсэн юм билээ. Надад наадмын нум сум, бөх, хуушаар нь илүү их таалагддаг. Харин хурдан морийг би сайн таниж, мэдэхгүй. Цаашид монголчууд та бүхэн энэ өв уламжлалаа хадгалж, илүү их сайхан наадаасай гэж хүсч байна.
Саяхан Япон-Монголын хамтын хэлэлцээр хийсэн шүү дээ. Тэрнээс шалгаалж, монгол руу япончууд олноороо ирж байна. Тэдэнд хэлмэрч, орчуулагч хийж наадлаа. Мөн гэр бүлтэйгээ ойрхон салхинд гарлаа.
-Монгол дахь япончуудын холбоо гэж юу вэ. Нийт хэдэн гишүүнтэй вэ?
-Монгол дахь япончуудын холбоонд Монгол улсад ажиллаж, амьдардаг, сурч боловсорч буй япон иргэд гишүүнээр байдаг. Манай холбоо монголд анх удаа ирж буй Япончуудад монголын соёл, зан заншлын анхан шатны мэдлэг олгодог.
Мөн тэдэнд хөтөч, орчуулагч хийдэг. Анх удаа монголд ирж байгаа хүмүүс алим, жигнэмэг хаанаас, хэдэн төгрөгөөр авахаа мэддэггүй. Тийм учраас энд амьдарч байгаа япончууд бид нийлээд, тэдэнд туслах холбоо байгуулсан юм. Гэхдээ энэ холбоонд байснаар бид цалинждаггүй. Зүгээр л, нутаг нэгтнүүддээ сайн санааны үүднээс тусладаг гэх үү дээ.
-Монгол улсын хэмжээнд хэдэн япон иргэн амьдарч байгаа вэ?
-Монгол улсад суугаа Японы элчин сайдын яам дээр 400 орчим хүн байнгын оршин суудаг гэсэн судалгаа байдаг. Харин манай холбоонд 189 хүн гишүүнчлэлтэй.
-Манай улсад амьдарч байгаа япончууд ихэнхдээ ямар салбарт ажиллаж байгаа вэ?
-Ер нь бол тэд бизнэс хийх гэж Монголд ирдэг. Түүнчлэн, Япон-Монголын хамтарсан компанийн төлөөлөгч, мэргэжилтэн, эрүүл мэндийн салбарын ажилтан зэрэг ажлаар энд ирдэг. Мөн монгол судлалаар суралцах гэж япон оюутнууд их ирдэг болсон.
-Манай улсын хууль эрхзүйн орчин Япон улсаас хэр ялгаатай санагддаг вэ?
–Анх намайг монголд ирж байхад Улсын их дэлгүүрийн хажууд морьтой хүмүүс явдаг байсан. Харин одоо бол маш өөр болсон. Хотын төв рүү мал оруулж ирэхээ больсон байна.
Энэ үзэсгэлэнд монголд 9 жилийн өмнө ирж байсан чөлөөт уран бүтээлч ирсэн байна. Түүнтэй ярилцаж байхад, “Улаанбаатар хоггүй цэвэр цэмцгэр хот болжээ” гэсэн үгийг нэг бус удаа сонслоо.
Хууль эрхзүйн хувьд байгаль орчин, улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн сэтгэхгүйгээс хамаарч хуулийн хэрэгжилт, биелэл нь хэрэгждэг байх. Монгол долоон жилийн хугацаанд ингэж хөгжиж байгаа юм дахиад 10 жилийн дараа хөгжлөөрөө азид тэргүүлэх, “Азийн бар” улс болохыг үгүйсгэхгүй.
-Таны хувьд ямар ажил эрхэлж байна вэ?
-Би нийтийн байр, орон нууц түрээслүүдэг. Үүнийхээ хажуугаар монголд бизнэс эрхлэхээр ирсэн хүмүүст туслаж, харилцаа холбооны менежэр, зуучлагчаар ажилдаг.
-Дэлхийд өчнөөн улс орон байхад, яагаад заавал Монголыг сонгон ирж амьдарч байгаа чинь сонирхолтой байна л даа. Магадгүй манай улсад таныг татах хүчин зүйл байгаа байх гэж бодож байна. Монгол улсын нийгэм, эдийн засаг, цаг уур танай улсаас харьцагуй хүнд байх. Тийм үү?
–Тэр утгаараа ч тийм л дээ. Гэхдээ би Монголд ирэхээсээ өмнө Зүүн өмнөд азийн орнуудад аялал жуулчлалын компанид ажилдаг байлаа. Тэдгээр улс нийгэм, эдийн засгийн хувьд монголоос хамаагүй ядуу. Усан дээр амьдардаг улс гүрнүүд. Тэднээс монгол улс руу ирсэн чинь Улаанбаатар хамаагүй хөгжилтэй хот санагдсан. Мөн амьдрахад тун боломжийн санагдсан. Нийгэм эдийн засгийн хувьд их тогтвортой, сайхан санагдсан. Тэгж амьдарч байхдаа монгол эхнэр, хүүхэдтэй болсон /хурмийн бөгжөө харуулав/.
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд манай улс эдийн засгийн хямралтай байгаа. Уг хямрал танд нөлөөлж байна уу?
-Нөлөөлж байна. Би монгол эхнэртэй учраас, монгол ах дүү хамаатан садантай болсон гэсэн үг. Тэдний дунд цагдаа, эмч нар бий. Гэтэл баяр наадмын өдрүүдийн өмнөхөн тэдний цалин буугаагүй байна гэж сонслоо. Мөн бизнэс хийж буй найзууд маань хүнд асуудалтай тулгарч байгааг ярьж байна. Мөн банкуудад чанаргүй зээл их гарч байгаа учраас зээл өгөхдөө муу болсон байна. Би бас зээлтэй шүү дээ /инээв/. Тэгэхээр хямралтай тулгарч байна гэж бодож байна.
-Ихэнх гадны хүмүүс монгол эхнэртэй болчихоороо нутаг руугаа аваад буцдаг. Харин таны хувьд хэзээг хүртэл монголд амьдрах вэ. Хааяа эх орноо хааяа санана биз?
-Саналгүй яахав /инээв/. Тэнд аав, ээж ах дүү нар минь бий. Гэхдээ би хүүхдүүдээ том болтол Монголд амьдарна. Яагаад гэвэл, тэд монгол ээжтэй, энд төрсөн. Тийм учраас тэд монгол хэл соёл, өв уламжлал, зан заншлаа сайн суралцах ёстой. Тэднийгээ бие хүн болж, төлөвшсөний дараа Япон руу явах байх.
-Тэгэхээр хүүхдүүд чинь Монгол иргэншилтэй гэсэн үг үү?
-Тиймээ. Тэд монгол иргэншилтэй.
-Монгол бүсгүй япон эмэгтэйгээс юугаараа онцлог болоод монгол эмэгтэйг гэргийгээ болгосон юм бэ?
-Миний бодлоор монгол бүсгүйчүүд их шударга, санасан бодсоноо шулуухан хэлдэг. Бас сайхан сэтгэлтэй. Тэд гомдсон бол гомдолтой байгаагаа илэрхийлдэг. Харин япон бүсгүйчүүд хүн уурласнаа илэрхийлдэггүй. Дотроо ганцаараа бугшаад байдаг. Энэ зан чанар япон бүсгүйд ч биш нийгэм нь тийм. Монгол эмэгтэйчүүд надад тэр чинь таалагдахгүй байна гэж шууд хэлж чаддаг. Манай эхнэрийн энэ зан чанар нь надад таалагдсан учраас дурлаж, хайрласан байх гэж боддог.
-Аав, ээж чинь Японд байдаг гэсэн. Монгол бүсгүйтэй гэр бүл боллоо гэхэд хэрхэн хүлээн авсан бэ?
-Монгол охинтой гэр бүл болно гэхэд тэд анх дургүйцэж хүлээн авсан. Учир нь би айлын том хүү, тухайн үед 24-хөн настай байсан. Тийм учраас өвөө, аавын уламжлалаа дагах ёстой гэж тэд үзэж байсан. Мөн залуухан байсан учраас гэр бүл тэжээж чадвахигүй гэж тэд дургүйцсэн. Харин эхнэрээ гэр бүлтэйгээ танилуулсан чинь их таалагдсан. Тэгээд л гэр бүл болсон доо /инээв/.
-Эхнэр, хүүхдүүд тань Япон хэлтэй юу?
– Үгүй. Эхнэр маань Япон хэл мэдэхгүй. Анх эхнэртэй дурлачихаад, өөрийгөө ойлгуулах, ойлголцохын тулд монгол хэлийг сурсан. Хүүхдүүдтэйгээ ч монгол хэлээр ярьдаг /инээв/.
Б.Дэжид
Эх сурвалж: Shuud.mn