Монголын сэтгүүл зүйн салбарт шинэ бүхний эхлэл суурийг тавилцаж, Тод харуулж буй ETV телевизийн таван жилийн ой тохиож байна. Баярын өдрийг нь тохиолдуулан ETV телевизийн Гүйцэтгэх захирал Т.Ганзултай ярилцлаа.
-Юуны өмнө таван жилийн ойгоо тэмдэглэж буй танай хамт олонд баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. 2010 онд тоон технологиор Full HD форматаар Монголдоо эфирээ цацаад таван жил болжээ.
-Таван жилийн ойн босгон дээр нэгэн баярт мэдээтэй ойгоо угтаж байгаа юм билээ. Танай телевиз хамрах хүрээгээ өргөтгөсөн гэсэн үү?
-Салбартаа бол баярт мэдээ байлгүй яахав. Баярын өдрөө Монгол Улсын нутаг дэвсгэрт өргөн нэвтрүүлэг цацах эрхээ авсандаа баяртай байна.Үзэгчид харин төдийлөн ойлгодоггүй юм. Наадмын өмнө манай телевиз Монгол Улсын нутаг дэвсгэрт хамрах хүрээгээ өргөжүүлж чадсан. Харин одоо тоон телевизийн үндэсний сүлжээгээр эфирээ цацах сонгон шалгаруулалтанд оролцохоор бэлтгэж эхэлсэн. Энд нэр бүхий 18 өргөн нэвтрүүлгийн суваг, 16 кабелийн суваг өрсөлдөж байна. Энэ нь манай салбарын том өрсөлдөөн.
-Ийм эрхтэй байх нь мэдээж нэр хүндийн асуудал. Гэхдээ шалгуур нь их өндөр юм билээ. Танай хамт олон хэрхэн бэлтгэж байна?
– Уучлаарай, хэрхэн бэлтгэж байгаагаа хэлмээргүй байна.Шалгуурын хувьд Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны гаргасан үзүүлэлтүүд байгаа. Жишээ нь 2015 оны III сард гарсан шинэчлэгдсэн нөхцөл шаардлагууд, Засгийн газрын 2014 оны 252 дугаар тогтоолоор батлагдсан Монгол уран бүтээлийн үндэсний хөтөлбөр зэргийг тусгасан нилээн далайцтай хөтөлбөртэй байх шаардлага тавигдаж байгаа. Хүн хүч, ур чадвартай уран бүтээлчдийн оролцоог ч зааж өгсөн тэгэхээр нилээн шалгуур өндөртэй сонгон шалгаруулалт болно. Орон даяар тоон технологт бүрэн шилжиж байгаа энэ үед хийж байгаагаараа л давуу талтай гэж бид харж байгаа.
-Телевизийн ажил гэдэг хамтын бүтээл байдаг. Хамтын бүтээл чанартай, сайн байх нь техник хэрэгсэлтэй салшгүй холбоотой. Улс даяар гарах эрхтэй боллоо. Үүнийг дагаад хүчин чадлаа нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор гарч байгаа байх?
-Тэгэлгүй яахав. I бодлого чиг хандлага, II хүн бол капитал. Энэ нь уран бүтээлчид, III техник тоног төхөөрөмж болон бусад. Энэ бол бусад телевизүүдийн хувьд өөр байж болно. Хамрах хүрээгээ өргөжүүлэх орон даяар эфирээ цацна гэдэг бол маш товчхондоо үзэгчдийг хот, хөдөө гэж ялгахгүйгээр эфирээ зориулах тийм нөхцөл. Тиймээс хүний боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх шаардлага байнга тулгарч байгаа. Бид энэ тал дээр ажиллаж эхэлсэн. Үндэсний хэмжээний телевиз байх тийм ч амар биш нь бидэнд тавигддаг нөхцөл шаардлагаас харагддаг л даа. Хамгийн энгийн жишээ бид долоо хоногийн хөтөлбөрийнхөө 10-аас дээш хувийг хүүхдүүдэд зориулах хэрэгтэй болдог. Гэтэл тэр хүүхдийн хөтөлбөрийг тааруу хийвэл хамгийн шударга үзэгчид муу дүн тавиад төрөлжсөн сувгийн нэвтрүүлгээ сонгоно. Нэг зүйлийг хэлэхэд үнэндээ хүүхдийн нэвтрүүлгийг ивээн тэтгэх байгууллага олддоггүй. Ингээд бодохоор энэ мэт эрсдлийг үүрч чадах телевиз үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулах ёстой болж байгаа. Үүнийг дагаад таны асуусан хүн хүч, техник хэрэгслүүд мөн л яригдаж байдаг тул анхаарахгүй байж болдоггүй.
–ETV телевизийн хамт олон Монголд олон зүйлийн анхдагч, салбартаа тэргүүлэгчдийн нэг гэдэгтэй маргах хүн үгүй болов уу. Хамт олноо товчхон танилцуулна уу?
-Хэрвээ таны нүүр хуудас хүрэх юм бол эсвэл хүмүүс залхахгүй бол би хүн нэг бүрийн танилцуулгыг хийж чадна. /инээв/. Олон магтаалаар хамт олноо булмаар байна л даа. Гэхдээ нэг л зүйлийг би ам бардам хэлнэ. Бид бол нэг баг. Ганцхан энэ ойлголтоос бидний олон чадвар, бүтээлийг харж болно гэж итгэж байна.
Барууны сэтгүүл зүйн хамгийн том ололт гэгддэг зүйл бол хараат бус редакцын бодлого гэж тунхагласан нь бий
-Сэтгүүл зүйн нэг зарчим бий л дээ. Тэнцвэртэй мэдээлэх гэсэн. Зөвхөн телевиз бус хэвлэл мэдээллийн байгууллагыг улс төртэй холбох, хэн нэгний мэдэлд байгаа мэтээр гоочлох нь бий. Тийм ч байгууллага байгаа нь нууц биш. Танай телевизийн хувьд дээр дурдсан сэтгүүл зүйн зарчмыг хэрхэн хангаж ажиллаж байна вэ?
-Нэр хоч зүүж, хэн нэгэнд хамаатай байх тийм сайхан зүйл биш л байх. Би мэдэхгүй болохоор ингэж хариулж байгаа юм. Манай телевиз ямар нэгэн нам, эвсэл, улс төрийн хүчнээс хараат биш. Хэн нэгэнтэй хамаатуулж ярьж байгаа бол уучлаарай энэ бол бидний буруу. Тэнцвэрээ барьж чадаагүй болохоор тэр үзэгчид тийм сэтгэгдэл төрүүлсэн байна гэсэн үг шүү дээ. Барууны сэтгүүл зүйн хамгийн том ололт гэгддэг зүйл бол хараат бус редакцийн бодлого гэж тунхагласан нь бий. Улс төрөөс хараат бусаар үйл ажиллагааг явуулж байгаа телевиз Монголд тэгж тунхаглаж бас болно. Та сэтгүүл зүйн зарчим гэж асуулаа. Энэ тунхаглал бол тэр зарчим чинь юм. Тиймээс ETV-HD телевиз тэгж тунхаглаж чадна.
-Хөлбөмбөгийн ДАШТ-ийг Монголд анх удаа танай телевиз шууд дамжуулан хүргэсэн. Үнэхээр гайхалтай сайхан өдрүүд байлаа. Дэлхийн хэмжээний том арга хэмжээг шууд дамжуулна гэдэг мэдээж амаргүй байсан байх?
-Дэлхийн хэмжээний контент бол дэлхийн хэмжээний шаардлага л тавьдаг. Монгол Улсад эдийн засгийн хямрал нүүрлэсэн учир телевизүүд нь тиймэрхүү чадавхитай байгаа гээд хэзээ ч эрхийг олгодоггүй. Мэдээж үнэ тогтооход тодорхой хэмжээний судалгаа байдаг байх. Харамсалтай тэр судалгаа 2014 оноос зөрсөн гэж би хардаг юм. Биднийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг авч, гэрээ байгуулахад нэг ам.доллар 1380 төгрөгтэй тэнцэж байснаа гэрээний мөнгө төлөлт хийж эхлэхэд 1880 төгрөг хүрсэн. Энэ бол хамгийн наад захын жишээ. Мөн манай томоохон компаниуд 3-5 жилийн маркетингийн төлөвлөгөө гаргах нь ховор юм билээ. ДАШТ-ний эрхийг авсаны дараа Монголын бүх компаниудтай бараг уулзсан даа. Анхны уулзалтаас л энэ нь мэдрэгдэж байсан. Гэхдээ эцсийн дүнд одоо ч хүмүүс 2014 оны ДАШТ-ийг ярьж байна. Энэ л хангалттай.
-Танай хамт олон тив, дэлхийн чанартай тэмцээнийг шууд дамжуулж, мэргэжлийн сэтгүүлчдийн тайлбартай хүргэж байгаад олон нийт үнэхээр талархалтай хандаж байна. Сая жүдогоор монголчуудыг байлдан дагуулж, бужигнууллаа шүү?
-Бид жүдогийн дэлхийн аваргыг Монголын жүдо бөхийн холбооноос онцгой эрхийг нь авч хоёр дахь жилдээ шууд дамжуулсан. Монголчууд бөхийн төрлүүдэд үнэхээр дуртай. Манайхаас гадна гурван ч телевиз дэлхийн аваргыг шууд дамжуулсан. Ялгарах зүйлгүй бол жүдогийн дэлхийн аваргыг дамжуулахгүй байсан гэж би хэлнэ. Дээр ярьсан хүн капитал бол энэ. Манай хамт олны үзэгчийн хайрыг хүлээсэн тайлбарлагчид бий. Тэднийг гаргаж ирсэн баг ч бий. Бидний бас нэг хүчтэй зэвсэг бол олон нийтийн сүлжээ. Энэ талбарт үзэгчид байгаа тохиолдолд бидэнд тэднийг алгасах эрх байхгүй. Тиймээс бид тэдэнд хүрч ажиллаж чадсан учраас бүгдийн анхааралд орж чадсан.
Гэхдээ эцсийн дүнд одоо ч хүмүүс 2014 оны ДАШТ-ийг ярьж байна. Энэ л хангалттай.
-Наадам тэр дундаа хурдан морины уралдааныг танай телевизээр үзэх нь “Амттай хоол идсэн мэт болдог” гэж олон нийтийн сүлжээгээр хүмүүс бичсэн нь олон байсан?
-Хурдан морины уралдааныг шууд дамжуулж байхад тэр сэтгэл хөдөлгөм тайлбарыг сонсохгүйгээр өнгөрөөх нь давсгүй хоол идэхтэй адил гэдэг үнэн. Үзэгчидтэй амьд харилцаа үүсгэх орчин бол сошиал ертөнц болоод байна. Дан магтаал бас ирдэггүй . Маш зөв чиг хандлагатай шүүмжлэлийг бид хурдан хүлээж авдаг. Бид энэ жил таван наадам шууд дамжуулсан. Орон нутгийн үзэгчдэд маш их таалагдсан. Наадам дөнгөж дуусаад дэлхийн контент руугаа орсон.
-Танай агентлаг “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хэрэгжүүлсэн нь нүдээ олсон зөв ажил болжээ гэдгийг монголчууд хэлж байна. Телевизийн цаг наргүй ажлын хажуугаар төсөл хэрэгжүүлнэ гэдэг амаргүй л байгаа болов уу?
-Баялаг бүтээгчдийг дэмжинэ төсөл хөтөлбөр бол хамгийн өргөн хүрээг хамарч байгаа одоогийн цаг үедээ хамгийн том төсөл. Монгол хүн л Монголоо босгоно гэсэн үндсэн том логик харагдаж байгаа. Энэ төслийн Масс агентлагийн ТУЗ-ийн дарга Ч.Даваабаяр санаачилсан. Өөрт байгаа бүх нөөц боломжоороо үйлдвэр эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй гэж тэр хэлсэн. Бидэнд Медиа групп байна. Тэгээд л их ажлын эхлэл тавигдсан. Энэ төсөлд манай группийн ETV, MASS TV, MASS.MN сайт ,INFO TV сэтгүүл, Сошиал медиа хөгжүүлэлтийн газрын нийт 120 гаруй уран бүтээлч оролцсон. Есөн сарын хугацаанд ямар их зүйл хийснийг хэдхэн тоо баримтаар хэлж болно. Баялаг бүтээгчдийг дэмжиинэ төсөл 280 гаруй байгууллагыг сурталчилаад байна. 21 аймагт ажиллаж эхний шатаа эхлүүлсэн нь үр дүнгээ өгч одоо хэн, хаана, юу хийж байгааг хүмүүс ярьж байна. Өвөрхангай 19 суманд яг одоо гурван баг ажиллаж байгаа. Нийтдээ үндэсний үйлдвэрлэгчдээ найман тэрбум төгрөгөөр дэмжсэн гэсэн тооцоо гарсан. Энэ бол манай медиа группээс гарсан бодит дэмжлэг. Энэ төсөл 2016 онд ч үргэлжилнэ. Одоо шүүмжлээд ч хамаагүй Монголын гэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэж сурмаар байна, монголчууд. Тэгж л бид бие биенээ дэмжмээр байна.
-Хөндлөнгөөс харахад танай хамт олон эвсэг, сэтгүүлчид нь хийж буй ажилдаа сэтгэл хангалуун байгаа нь мэдрэгддэг. Энэ нь эмэгтэй удирдагчтай холбоотой гэж ойлгож болох уу?
-Хүмүүс удирдаж байгаа хүнтэй арга барилтай нь холбож үздэг л байх. Гэхдээ миний хувьд аль эрт төлөвшсөн баг дээр ирсэн шүү дээ. Би өөрөө тэр дунд хоёр жил ажилласан.
-Улс орон даяар гарах эрх бүхий телевиз гурван жилийн стратеги төлөвлөгөөгөө гаргасан байх учиртай юм билээ. Танай хамт олны цаашдын зорилго, хийхээр төлөвлөж буй ажлаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Бид дэлхийн контентийг албан ёсны онцгой эрхтэйгээр авна. Тэнцвэртэй мэдээлэл түгээнэ, шууд дамжуулалтаараа ялгарна, 2017 оноос шинэ менежментэд бүрэн шилжсэн байна. Үүнийг л одоо хэлж чадна. Задаргааг нь телевизээ үзээд хараарай. /инээв /
-Танай хамт олонд дахин баяр хүргэе. Монголчуудын зүрх сэтгэлийг байлдан дагуулсан олон сайхан нэвтрүүлэг хийж, салбартаа тэргүүлэгч хэвээр байх болтугай.
-Баярлалаа, манай телевизийг сонгон үздэг үзэгчид болон хамт олондоо баярын мэнд хүргэе.