Далаад оны дундуур Монголд сүрхий зуд болов. Зудыг хэрхэн давах талаар хуралдлаа. Сайдууд, аймгуудын нам, захиргааны дарга нар Улс Төрийн Товчооны гишүүдэд зовлон бэрхшээлээ тоочиж, тусламж гуйж. Зузаан цасан хунгарт бэлчээр битүү дарагдаж, зам харгуй боогдсон тухай мэдээлэлд Цэдэнбал даргын сэтгэл тавгүйтжээ. “Аюулаас хамгаалах фонд” хэмээх сүржин нэртэй хурааж хумьсан хадлан тэжээлийн нөөцөө бэлчээрт гарч чадахаа больсон бүх малдаа хэрэв тавьж өгвөл ганц хоногт дуусах ажээ. Арчаагүй дарга нараа хараад Цэдэнбал бухимдаж,
-Та нар зуд гэж юугаа яриад байна? Юуны чинь цасан бүрхүүл. Юуны чинь боогдсон зам харгуй. Зуд гэгч хувьсгалаас өмнөх хоцрогдсон феодлын үед байсан байгалийн үзэгдэл. Одоо социализмын материал техникийн баазтай социалист Монголд зуд гэж байх ёсгүй. Зөвлөлтийн тусламжаар өчнөөн жил хөгжиж, социализмд орсон улсын коммунистууд зуд гэж ярих эрхгүй. Зудыг бид хөгжлөөрөө тас цохьсон. Зуд бидний хөгжилд ялагдаад үгүй болсон. Та нөхөд үүнээс хойш зуд гэх шалтаг бүү заа. Зуд гэж ярьсан коммунисттой хариуцлага хатуу тооц гэж үүрэгдлээ гэх яриа тарсан юм.
Ингээд доош доошоо зуд гэж бичсэн сонин сэтгүүл, зуд гэж хэлсэн албан хаагч, ялангуяа зуд гэж шалтаг тоочсон малчидтай хатуу тооцоо хийх компанит ажил сүр дуулиантай буулаа. Монгол хэлний үгсийн сангаас “зуд” гэсэн үгийг авч хаях ч ухааны юм зарим хөөрүү нь ярив.
Харин зуд гэсэн ганц үгийг орлуулах үг сонгох гэж дээр доргүй баахан пижигнэв. Янз бүрийн хувилбар зохиох эрдэмтэн мэргэд харин хаа очиж дутсангүй, энд тэндгүй хушуугаа билүүдэж, ухаанаа гайхуулав. Зуд гэсэн үгийг орлох хувилбар олсноо Цэдэнбал даргад заавал үзүүлж, зөвшөөрөл авахгүй бол горьгүй гэж айсан сонины ерөнхий эрхлэгч нар ордон өөд гүйлдэж, бас Бал даргад таалагдсан үг түрүүлж олж магтуулах гэсэн хүмүүс ч хаа сайгүй оносон үгийн эрэлд нууцхан гөрөөлөв. Даяараа багагүй мулгуутаж байж эцэст нь “байгалийн, цаг зуурын, түр зуурын бэрхшээл” гэсэн зургаан үгэн дээр эргэлдэж эргэлдэж тогтов. Тэгж бичиж байхыг тэртээ дээр шүүн хэлэлцээд заавар буулгасан юмдаг уу даа. Батлагдсан зааврын дагуу зуд гэж бичихийн оронд дээрх зургаан үгийг санаа амар угсруулан бичиж эхэллээ. Яваандаа зургаан үг цувруулах дэндүү урт байсан тул арай цөөрч дөрөв болов. Нэгдлийн борлонг коммунист ухамсаргүй малчин байгалийн түр зуурын бэрхшээлд үхүүлсэн учир төлөх ёстой гэж бичдэг боллоо.
Бал дарга мал төллөх үеэр Хар далайд амардаг уламжлалтай байсан бөгөөд явахдаа мал төллөх талаар “заавал биелүүлэх албан даалгавар” гаргадаг байв. Уг албан даалгавраар нэгдлийн дарга нарт онцгой өндөр коммунист шаардлага тавигдана. Шаардлага нь төлийн хорогдлыг тас цохь гэсэн агуулгатай. Төлийн хорогдлыг тас цохихгүй бол жил бүр ЗХУ-д өгдөг олон сая тууврын малаа тоо ёсоор өгч чадахгүйд хүрч ах нарыгаа гомдоохоос гадна 9 саяд хүргэж төл авахгүй бол нийт мал маань 20 саяас хол буучих гээд байв.
Дорноговийн нэг малчин радиогоор ярьж байна аа. Тэр бээр “Өвлийн бэлтгэлээ сайтар хангасан малчин хүнд зуд гэж байх ёсгүй. Зуд бол феодлын хоцрогдол” гэж баахан донгослоо. Эцэст нь сурвалжлагч түүнээс,
-Та зудыг ямар бэлтгэлээр тас цохив? гэж асуухад зудыг тас цохьсон малчин,
-Би хэдэн тампуу адууны хар хомоол түүсэн гэж билээ.
Одооны багачууд намайг дэндүүллээ гэнэ дээ. Тийм дампуурлыг та нар үнэмшихгүй нь зөв. Энэ малчны солиотой юм шиг яриа нь тэнэгтээ бус дарангуйллын аяст тааруулан жүжиглэж, амиа хаацайлж буй ядарсан арга нь тэр. Жүжиглэж зарим нь чадна. Зарим нь чадахгүй, энэ малчин шиг доог болно. Нэг хүнийг тахин шүтэх дэглэмийн үед хар толгойгоо ял зэмээс мултлах гэж аль хөглөхийг тэр гэхэв. Дорноговьд хадлан ургах биш. Зуд хэмээх байгалийн сүр хүчний эсрэг говьчууд адууны хар хомоолоос өөр юугаар ч тэмцэх билээ.
Тэр үед залуу-халуун явсан би нэг хурал дээр энэ малчны ярьсныг нэлээд ёжлонгуй иш татаж, адууны хар хомоолоор зудыг тас цохих юм гэнэ гэж цэцэрхэн дооглов. Тэгтэл маргааш нь намайг намын үүрийн дарга дуудлаа. Орвол намын үүрийн товчооны гишүүд гээд надтай хамт ажилладаг миний зиндааны хэдэн найз нөхөр сууж байв. Намын дарга надад “Өчигдөр чи олны дунд адууны хар хомоолоор зудыг тас цохьсон гэж доог дохуу болгож, маш зарчимгүй алдаатай үг хэл гаргасан” гэж хатуу анхааруулав. Товчооны бусад гишүүд ч хамт ажилладаг намайгаа эсэргүү дайсан мэтээр тун сүрхий эгдүүцэж, тал талаас сүрдүүллээ. Надтай балга тагш юм хувааж хүртдэг, бас нийлж цуурдаг нэг найз маань намын үүрийн товчооны гишүүн болсон юм байж тэдэн дунд сууж харагдана. Намайг хаацайлах бол уу гэсэн чинь өнөөх маань намайг улс төрийн алдаа гаргасан гэж бусдаасаа илүү дайрав. Гэвч тэр маань зайлуул намайг хатуухан загнаж сануулаад өнгөрөөх гаргалгаа зохиож, аврах гэж буй царай нь тэр юмсанж. Хэрэв миний улстөрийн алдааг дээш нь танилцуулбал би балрах байжээ. Хатуу анхааруулсан дарга нар миний тэнэглэснийг цааш нь юм болголгүй дараад өнгөрсөнд өчүүхэн би бээр баярласнаа олон жил хадгалж, намын дарга, товчооны гишүүддээ бөхөлзөж явах замыг сонгосон доо.
Эдгээ манай дарга нарын амнаас “тас цохь”, “зуд гэж байх ёсгүй” гэх мэт үг хэллэг гарахаа больжээ. Энэ чинь маний үеэс дээрдээд л яваагийн шинж. Анзаарагдаагүй ч гэсэн дэвшил явагдаж буйн баталгаа. Эрх чөлөөтэй болсны ачаар доодос бялдуучилж жүжиглэх нь байтугай төр засаг ер хэнийг л бол хэнийг айж эмээхгүйгээр шүүмжилдэг болжээ. Орчин үеэ хааяа ч болохноо өөдөргөөр харж тайвширч байцгаая. Гишгэсэн мөрөө эргэн харъя гэхээр арга буюу Ю.Цэдэнбал даргын үе-тоталитари тогтолцоог хөндөхөөс аргагүйд хүрдэг. Жалга довын охорхон үзэлтэй хүмүүс атгаг авахаас бус ХХI зууны хэн боловч хуучин онол, арга барилаа орхих нь мөн гэж эергээр хүлээн авч надад урам хайрладгийг хэлэхэд таатай байна. Өдгөө биеэ магтаад буй АН, МАН-ын удирдагчид муугаа хойч үед дуудуулж л таарна. Хорвоо угаас тийм араншинтай агаад бидний хүслээс дээгүүр орших хорвоогийн араншинг зөвшөөрөх соёл.
Зуд: Дэлхийд нүүрлэдэг гамшгийн жагсаалтад байгалийн аюултай үзэгдэл “зуд” гэж монгол үгээр бүртгэгджээ. НҮБ-ын хандивлагч орнуудад “зуд” гэж хандахад Монгол улсад гамшиг болжээ гэж ямар ч тайлбаргүй шууд ойлгодог болов. Зуд бол цунами, газар хөдлөх, галт уул дэлбэрэхтэй адил байгалийн давагдашгүй хүчин гэж олон улс нэгдсэн ойлголтод манай Засгийн газрын хүсэлтээр хүрсэн байна. 2000-2001 он дамнасан зудыг НҮБ-ын шинжээчид ирж, “зуд” гэдэг үнэхээр гамшиг гэдгийг тогтоосон. Тэр өвөл 12 аймгийн 192 суманд зуд болж 12 сая мал хорогдсон юм. Хадивлагч орнууд 12 сая ам. долларыг бэлнээр, 18 сая ам. долларын эд барааг зудад нэрвэгдсэн малчдад өгчээ.
Дөч гаруй жилийн тэртээх түүх хуучилъя: 70-аад оны үед тэр үедээ нийслэлийн хамгийн сүрлэг барилга болох улсын их дэлгүүрийг нэгэн шүдэнзний хайрцагны нүүрэнд рекламдсан юм. Гэтэл нэг коммунистын эх оронч хараа хяналтад их дэлгүүрийн зурагтай шүдэнзний хайрцаг өртжээ. Зураач шүдэнзний хайрцагны нүүрэнд БНМАУ-ын худалдааны төв-их дэлгүүрийг зурахдаа тэнгэрт чадмаг хэдэн зураасаар үүл дүрсэлснийг нөгөө коммунист “Цуст дэлхий” гэсэн үсэг болгон уншаад дээш нь матаж, улс төрийн талаар сонор соргогоо харуулсан тухай учир мэдэх хүрээний дунд яриа сэм тархсан юмдаг. Хүн бүр хэрэглэдэг шүдэнзний хайрцагны нүүрэнд эсэргүү санаа шургуулсан нөгөө муу зураачийг НАХ яамныхан баривчилж, шоронгийн ёроолд шидэх гэтэл нөгөөх нь Зөвлөлтийн зураач болж таарчээ. Тэр үед Зөвлөлтийн зураачийг Цэдэнбалд матаад үз л дээ. Матсан бол НАХ-ынхан гоё бүдрэх байв. Зөвлөлтийн зураачийг гүтгэсэн ялаар НАХ-ын нусгай матаач байтугай НАХ яам доргихоо багцаалж, энэ хэргийг доогуураа сэм хуйвалдан нам дарж, алтан хушуу өргөдөг нөгөө матаачдаа олгодог шагналын хэдэн төгрөгийг хассан биз. Юутай ч хорон хэлээ билүүдсэн матаач таг болсон нь загатнасан газар маажиж билээ. Уг шүдэнзийг Зөвлөлтөд үйлдвэрлэсэн юмсанж.
Дараа нь олон сэхээтнийг хөлдөө чирсэн “Гавъяа” хэмээх гайтай найруулалд зураач Доржсүрэнгийн чимэглэл болгон зурсан баавгай болон баавгайнхаа хөл дор дөрвөн бөөрөнхий чулуу дүрсэлснийг “Баавгай нь орос ахыг төлөөлж байна. Дөрвөн бөөрөнхий чулууны гурав нь өрөөсөн талдаа сэтэрхий байгаа нь СССР гэсэн үг болж таарна. Доржготов чи зураач хүний хувьд зураач Доржсүрэнгийн эсэргүү санааг нотолсон баталгаа гаргаж өг” гэж намайг намын хурал дээр сандаргав. Доржсүрэн чулуу зурахдаа өрөөсөн талд нь “С” үсэг шиг сэтэрхий гаргасан нь чулууг цагираг биш бөөрөнхий гэдгийг харуулахын тулд чулуун дээр гэрэл ойсон талыг сэтэрхий үлдээжээ гэж би хичнээн өчөөд “Чи мэргэжил нэгт эсэргүү нөхрөө өмөөрч, улс төрийн талаар туйлбаргүй зан гаргав гэж нэг байгууллагад олон жил хамт ажилласан намын гишүүд намайг нуман тулгуурт оруулж, омойрон давшилсанд хэлэх үг олдохгүй гайхаш барагдаж билээ. Доржсүрэнгээ би эсэргүү хэрэгт худал гэрчлээд яланд уначихсан бол өнөөдөр сэтгэлдээ юу тээж явах сан бол.
“Гавъяа” найрууллын хэлмэгдүүлэлтийг тэр үеийн захиргаадалтад тохоод өнгөрснийг бид мэднэ. Үүнд захиргаадагч нам, засаг гэхээсээ илүү ганцхан Ю.Цэдэнбалын дураар авирладаг ааш араншингийн өчүүхэн сэжүүр гэдгийг ойлгохгүйдээ юм уу, санаатайгаар юм уу олны анхаарлаас холдуулсан юм. Шөнийн ээлжийн ажилчдаа гэр гэрт нь хүргэж явсан автобусыг нэг тэрэг хар эрчээрээ мөргөж, автобус шатаад олон хүн амь сүйдсэн. Шатаж буй автобуснаас нэг буянтай залуу олон хүн чирч гаргаж аварсан байдаг. Асар хурдтай явсан машин ажилчдын автобус цөм мөргөхөд дотуур цус алдсан тэр залуу шатсан автобусны дэргэд, олон хүн аварсандаа тайвширсан юм уу, яасан юм бэ, суугаагаараа хэнд ч анзаарлагдалгүй амьсгал хураажээ.
Эвлэлийн дайчин үзэл суртлаар өв тэгш хүмүүжсэн агаад социалист нийгмээс бойжсон залуу баатар хамт олныхоо төлөө халуун амиа өглөө гэж нас барсан залууг туг болгон мандуулж, ажлаа дүгнүүлэх гэсэн үү, социализмыг магтах гэсэн үү сүржигнэсэн тал бий. Манай нийгмийн шинэ бүтээгдэхүүн, бидний бойжуулсан өв тэгш иргэн гэх мэт. Александр Матрасов шиг монгол баатрыг шалгарсан манлай МАХН хүмүүжүүлсэн хэмээн Нам Засгийн өндөрлөгт сонсогдохоор чанга орилолдсон билээ. Гол гавъяа нь хүнлэг төрсөн залууд байв гэхээсээ илүү түүнийг хүмүүжүүлсэн нам засагт оногдоно гэж далдуур ухуулсан бялдуучлал болж дэвэрсэн юм. Нөхдөө аврах гэж өөрийгөө хэрэгсээгүй тэр залуугийн буян бүдгэрэх ёсгүй. Тийм хүмүүс ямар ч нийгэмд эгнэгт бишрэгдэх учиртай. Гэхдээ амиа зольсон залуугийн гавъяаг мандуулах далимаар “Хувьсгалт залуучуудын эвлэлээр замнасан хүүхэд залуус ийм хүмүүжилтэй болдог юм” гэх суртлыг дэвэргэх санаа цаана нь хүч түрж байсныг хэлэх хэрэгтэй. Энэ суртлаа нийгмийн хөгжлийг чөдөрлөгч хэсэгт ухуулж, нөгөө талаар загвар коммунист залууг хүмүүжүүлснээ намдаа рапортлах гэсэн хувьсгалт хийрхэл 80-аад онд тийхнээрээ оргилж байсан нь энэ эмгэнэлт явдлыг дэвэргэж, сүүлдээ улсын баатар цол нэхэн олгох яриа ч өрнөсөн санагдана. Манайхан юмыг гааруулахдаа гарамгай хойно дэвэрч гарсан.
Гэтэл юу болсон гээ? Автобус мөргөсөн машин нь Оросын цэргийн ангийн машин болох нь аажимдаа тодров. “Орос жолооч автобус мөргөж шатааж” гэдгийг ард түмэн байтугай, сэтгүүлчид, главлитийн төлөөлөгч, тэр ч бүү хэл, МХЗЭ-ийн Төв Хороо ч мэдсэнгүй. Мэдсэн бол хэн хэн нь юу гэж галзуурсан биш ах нарынхаа ариун нэрийг сэвтүүлж, тэр нэг нас барсан жирийн ажилчин залууг мандуулж, улс төрийн хэрэгт өөрсдийгөө барьж өгөхөв.
Хэвлэл мэдээллээр тасралтгүй дэндүү шуугиад байхаар Оросын цэргийн ангийн нэг их том дарга Филатовад гомдол мэдүүлжээ: Бишгүй л гарч байдаг автын осол. Энэ аваарт орос жолооч холбоотой болохоор танайхан ингэж зориуд онцгойлон дуулиан дэгдээв. Та нарыг Хятадын аюулаас аврах гэж хичнээн түмэн орос хөвгүүд амь насаа дэнсэлж буйг тоосонгүй гэжээ.
Ажаа маамаа өвгөндөө хатуурхаа биз. Авгайгаасаа айсан өвгөн маш их хилэгнэж, бүгдэд нь хатуу арга хэмжээ ав гэж бууж гарчээ. Магтуулах гэсэн биш балрах нь тэр. Даргаасаа ухаан тавьдаг тойрон хүрээлэгчид ганц нэг этгээд шийтгэхгүй үлдээчээд дараа нь өөрсдөө бөөрөө гаргуулах вий гэж айсандаа ханцуй шамлан хэлмэгдүүлж эхэлсэн дээ. Гол аймшиг нь ган бат найрамдалд ан цав суулгахыг санаархсан хэрэгт сэрдэгдвээс бөндгөртэй ярьдаг Улс Төрийн Товчоо хаанчилж буй. Аймаар эмзэг асуудал болж хувирав. Дайсан этгээдүүдээс сугарчих зальтай нэгэн үлдчих вий гэж шат шатандаа хатуурхсан. Яагаад гэвэл өмнө нь Төмөр-Очир, Цэнд, Лоохууз нарын хань хамсаатныг үлдээлгүй хамах бужигнааны үеэр зарим нэг нь хонзонт нөхрөө “намын эсрэг бүлгийн гишүүн үлдчихлээ” гэж ольсноор, сугарч хоцорсон дайсан илэрч, түүнээс болж томчуудаас цөлөгдөх дөхсөн гашуун түүх ч бий. Эсэргүүний хань хамсаатан гэх хийрхэл дээгүүрээ хэт сүржигнэвэл доошоо олныг хэлмэгдүүлдэг. Энэ бол монгол гажиг. Өдгөө ч арилаагүй байна. Эдүгээ хэлмэгдлийг сэдрээгчид олноороо та нарын дунд бэлэн явааг мэдэж ав. Нөхдийнхөө халуун амины төлөө өөрийгөө зольсон залуугийн бишрэм мөс чанарт дэврүү сэтгэлээрээ хушуурсан олон уран бүтээлч “Гавъяа” найрууллын золиос болсон билээ.
Хожим энэ хэлмэгдлийг түүхэнд сургамж болгон үлдээхдээ Цэдэнбалын зангаагаар ханцуй шамлан довтолсон уяаны нохдыг өнгөрсөн хойно цаасан дээр буруутгасан болоод шувтрах шив. Дорх нөхдөө харгис хатуу үүргээр гарах гарцгүй болтол дарамталж, энэ хэлмэгдлийг тулган үйлдүүлсэн Цэдэнбалыг буруугүй гэж үзсэн. Айдас удамшдаг юм бол уу, гол буруутнаасаа ардчиллын үед ч гэсэн халгаад “захиргаадагч дэглэм” гэх эзэнгүй юм ноолоод замхруулав. Хэлмэгдэл сэргэж болзошгүй өнөөгийн нөхцөлд энэ бол санаж явах ёстой сургамж. Уяаны нохдыг гол буруутан гэхэд хэцүү. Өндөр сэнтийнээс онхолдож цөлөгдөхгүйн тулд дарангуйлагчаа хамгаалж, ард олноо урж идчих гээд явсан аргагүйдлыг тунгаалгүй бүх бурууг тэдэнд чихэх, дарангуйлагчийн хор хөнөөлийг үндэс ёзоороор нь цэвэрлэхэд хаалт болдог. Гөнөтэй нян үлдвэл яваандаа бугладаг. Энэ мэт урхагтай буглааг жижиг гэлгүй сайн түүж, эмчилбэл нийгэм үндсээрээ ариусах учиртай. Бүх эрх мэдэл нэг хүнд төвлөрөх дарангуйлагч төрүүлдэг. Ю.Цэдэнбал муу хүн байгаагүй. Сайн муугаас бүтсэн личность л байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдлийг төвлөрүүлэхдээ дарангуйлагч төрүүлэв зэй. Ямар ч суутан эрх мэдэл нь хэтэрвэл дарангуйлагч болдог эрсдэлтэй. Сүүлийн үед хэлмэгдэл гэж ярихыг олонтаа сонсоод нэг хүний тахин шүтлэгээс улбаатай дурсамжаа сануулсугай хэмээн зориглов.