Шри Ауробиндо “Амьдрал бүхэлдээ ёог” гэж хэлсэн байдаг. Үнэхээр тийм. Бүх зүйл бясалгал. Бүх зүйл бясалгал болохгүйгээр чи бясалгалыг эзэмшихгүй. Бясалгал хагас хугас байх боломжгүй. Бүрэн дүүрэн байна, эсвэл огт байхгүй байна. Амьдралын чинь нэг хэсэг бясалгал, нөгөө хэсэг нь биш байж таарахгүй. Хаа сайгүй хүмүүс ийм боломжгүйг болгох гэж оролдном. Бясалгал бол амьсгалтай адил. Алхаж, сууж, хэвтэж, унтаж, юу ч хийж байсан чи амьсгалдаг шүү дээ. Хааяа амьсгалаад, хааяа больчихдог юм биш. Бясалгал бол дотоод амьсгал. Агаараар амьсгалдаг шигээ ухамсраар амьсгалахын нэр. Ухамсрын амьсгал эхэлсэн л бол чи махбод төдий байхаа болино. Энэ бол өөр хэмжээс буюу үнэмлэхүй амьсгал. Тийм учраас заримдаг үзэгдэл байх боломжгүй. Хэрэв чи өглөө бясалгал хийгээд дараа нь бясалгадаггүй бол, эсвэл сүмд орохдоо бясалгаад сүмээс гарахдаа мартдаг бол тэр чинь жинхэнэ бясалгал биш. Нэг л орсон бол тэндээ өнөд орших нь бясалгал юм. Энэ үндсэн зарчмыг үргэлж санаж яваарай.
Түүнчлэн бясалгалд ямар ч орцоор орж болно. Бүх ертөнц гүн бясалгалд умбаж буй. Уулс бясалгаж буй. Одод бясалгаж буй. Модод бясалгаж буй. Оршихуй нилдээ бясалгаж буй. Чи аль ч талаас нь нэвтэрч болно. Тийм учраас л ийм олон шашин, ийм олон арга зэмсэг бий. Үнэний зам хэмээн гадна талаас нь загварчлах аргагүй. Жишээ нь, яруу найрагч хүн сүмд явж, багшид шавь орохгүйгээр бясалгалд нэвтэрч чаддаг. Түүний яруу найраг, уран бүтээлч чанар нь орц олом болдог. Ваарчин хүн ваар урлаж байгаад, харваач хүн нумаа татаж байгаад бясалгалд ордог. Ямар ч үйлэнд ухамсарлахуйн чанарыг юүлбэл бясалгал болно.
Энэтхэгийн агуу их арш Кабир нэхмэлчин байсан. Бөс нэхэж байгаад л гэгээрсэн нэгэн. Мянга мянган шавь нартай болсон хойноо ч тэр үйлээ орхиогүй. “Багш минь та ажил хийх хэрэггүй. Бид таныг бүх зүйлээр хангана” гэж шавь нараа хэлэхэд нь Кабир инээгээд, “Та нар гадна талыг л харахаас биш, дотоод үйлийг минь харахгүй байна. Энэ бол зүгээр нэг нэхмэл биш. Миний бясалгал шүү дээ” гэж хариулжээ.
Гора гэдэг өөр нэг арш байсан юм. Тэр бол ваарчин хүн. Эргэж буй хүрдэн дээр ваарны тэнхлэгийг мэдрэхдээ тэр өөрийнхөө төвийг мэдэрдэг байв. Шавар дундаас ваар урган гарах үед түүний дотроос ч самадийн дүр нь ургадаг байжээ. Энэ мэтчилэн ямар ч үйлийг бясалгал болгож болно. Гудамжаар алхаж байхдаа, албан ажлаа хийж байхдаа, эсвэл зүв зүгээр амарч суухдаа ч бясалгаж болно. Бясалгал үйлэнд харгалзахгүй. Харин үйлэнд юүлж буй мөн чанарт л харгалздагийг санаж яв.
Давалгаан устайгаа, дөл галтайгаа шиг ертөнцийн долгис бидэнтэй цуг.
Бид бол оршихуйн далай дахь долгис юм. Үүнийг дотоод гүндээ мэдэрч бясалга. Амьсгал авах, гаргах тутамд яг л давалгаан үүсч, арилж байгаа шиг мэдэр. Амьсгалах бол амьдралын далайд давлахуй юм. Та бид цөмөөрөө давалгаан. Гүн чанартаа нэгэн бүхэл билээ. Хувь чанар бол илбийн үзэгдэл. Бодит харагдавч бодит бус. Тийм учраас шашин бүхэн эгойст хандлагын эсрэг байдаг. Бурханд итгэдэггүй ч шашинлаг хүн байж болно. Гагцхүү би-г баримтлагч хүнийг шашингүй нэгэн гэнэ. Гаутам Будда, Махавир Вардхаман нар Эзэн Бурханд итгэдэггүй байсан. Гэхдээ тэд гэгээрсэн бөгөөд бүхэл чанарыг таньсан хүмүүс. Бурхан бол шашны үндэс биш. Би-үгүй л шашны үндэс. Бурханд итгэх шаардлага би-үгүй сэтгэлд байхгүй. Би-үгүй болбол давалгаанд торохгүй, далайд аяндаа уусах болно.
Энэ аргыг олон янзаар хэрэглэж болно. Амьсгалаа давалгаан хэмээн мэдэр. Давалгаан үүсч, замхрах шиг амьсгал авах, гаргахын хооронд чи хэн бэ? Хоосон чанар –шунъяа юм. Хоосон чанарыг мэдэрвээс бүхий л гуниг зовлон сарних болно. Хуурмаг тулгуур ’би’ –д л шүтэж зовлон оршдог. Би-үгүй хоосонд зовлон яаж байх вэ? Гагцхүү амар амгалан байна. Гэхдээ чи амар амгаланг эдэлж байгаа юм биш, зүгээр л буй чанар өөрөө амар амгалан болъюу. Тиймээс Будда энэ төлвийн талаар “зовлон-үгүй” гэхээс өөр юм ярьдаггүй. Амгалан жаргалангийн талаар ярих юм бол чи түүнийг би-гийн үзлээр хүлээн авч, төөрөх аюултай.
Бидний зовлон чухам юу вэ? Давалгаан өөрийгөө далайгаас тусдаа гэж бодсондоо зовдог. Түүнд өөрийн эрхгүй үхлийн айдас төрнө. Эргэн тойрон давалгаанууд мөхөж, өмнөхөн үүссэн долгис замхрахыг харсаар байж санаа амар яахин байх вэ? Ид оргилж байхдаа ч удахгүй замхрах заяагаа мэдрэн шаналах вий. Хэрэв давалгаан өөрийгөө далай хэмээн мэдэрч чадвал үхлийн айдсаас чөлөөлөгдөнө. Давалгаан мөхдгөөс биш, далай мөхдөггүй. Би ч үхнэ, чи ч үхнэ, харин амьдрал зогсохгүй, оршихуй сарнихгүй. Үргэлжлэн давалгаалсаар байх болно. Давалгаан хэлбэрээс салж, далай болох хэлбэргүй чанараа танин мэдвээс мөнхөд амарлина.
Үхэл мөхлийн айдас бүх зовлонг бүтээдэг. Чи анзаарах сөхөөгүй байж магад, гэхдээ л хором тутам чамайг үхлийн айдас базалнам. Эргэн тойрноо хичнээн ч цайз хэрэм босгосон бай эрт, орой чи тоосон товрог болно. Харгуй замаар алхаж явахдаа гутлынхаа уланд наалдсан тоосыг анзаарч нэг бясалгасан уу? Тэр тоос эрхэмсэг Наполеон, Их Александрын ч хумхи байж мэднэ. Ив ижил тавилан чамайг тосч буй. Чиний бие, эсвэл амраг хонгорын чинь танхил цогцос хэн нэгний гутлын уланд наалдан явахыг төсөөлөөд үз. Үзэгдэл бүхэн хэлбэр. Хэлбэр бүхэн замхрах тавилантай. Гагцхүү хэлбэр-үгүй л өнө мөнх билээ.
Энэ бясалгал хэлбэрээс хэлбэр-үгүйд шилжихэд тус болно. Түүнийг бүх амьдралдаа түгээх хэрэгтэй. Амьсгал тутамдаа сана. Алхаж, сууж, идэж уухдаа ч сана. Хоёр зүйлийг санах хэрэгтэй: Хэлбэр бүхэн давалгаан, хэлбэр-үгүй нь далай. Давалгаан хором тутам үүсэн замхардаг. Хэзээ нэг өдөр чи үхэх биш, өдөр тутам үхэж буй. Хүүхэд нас нөгчихөд идэр нас мэндэлдэг. Идэр нас нөгчихөд өтөл нас мэндэлдэг. Өтөл нас нөгчихөд дараах төрөл мэндэлнэ. Төрсөн өдөр чинь тоо томшгүй төрлийн чинь нэг. Түүнчлэн үхэл чинь анх удаагийнх биш, тоо томшгүй үхлийн чинь нэг. Агшин хором бүрээр төрж, үхэж яваа. Хүний бие дэх эд эс долоон жилийн дотор бүрэн шинэчлэгддэг гэж физиологичид хэлдэг. Далан жил наслахдаа чиний бие арван удаа шинэчлэгдэнэ гэсэн үг. Гэхдээ энэ хувирал гэв гэнэт биш, агшин бүрээр өрнөдөг. Давалгаан нэг ч агшин тогтдоггүй. Үл хөдлөх давалгаан яаж байх вэ? Энэ хөдөлгөөнтэй ижилсэж, өөрийгөө төрөл, үхлийн дунд хашиж ойлгох юм бол чи түгшүүр зовлонгоос хэлтрэхгүй. Бодит мэт харагдах хуурмаг үзэгдэл. Маяа буюу илбэ жилбэ. Далай бол чанадын үнэн юм. Өөрийн дүр, амьдралын хэлбэр бүрийг үүсэн замхрах давалгаан хэмээн санаж, түүний зөвхөн гэрч бол. Өөр юу ч хийх хэрэггүй. Гэрч болсноор давалгаан цаанах далай, хэлбэрийн цаанах хэлбэргүйг нээнэ.
Зэн багш Догэн өлсөж цангахдаа ч “Ертөнц надаар дамжин өлсөж байна. Оршихуй миний дотроос цангаж байна” гэхчлэн хэлдэг байсан. Энэ бол уг бясалгалын санамж юм. Бүгдийг эго-гийн аргамжаас мулталж, оршихуйд даатга. Тэгвээс чамд үйлдэх нүгэл, үүрэх төлөөс үгүй болно. Эго байгаа газар л нүгэл байдаг юм. Нартай цуг мандаж, цэцэгстэй цуг цэцэглэж, бүх ертөнцтэй нэгдэн найрсахыг л самади бясалгал гэнэ. Чамайг шийтгэдэг Бурхан байхгүй. Гагцхүү илбийн занганд орж, өөрөө өөрийгөө зовооном. Жам ёс – Дарма, Дао лугаа найрсах аваас чи амар амгаланг хүртэнэ. Жам ёсыг сөрвөөс чи зовлон гасланг үзнэ. Түүнээс биш, дээд тэнгэрт суудаг хэн нэгэн чамайг яллаж, эсвэл шагнана гэж юу байх вэ? Бурхан шүүгч хийдэг байсан бол хэдийнэ залхаж, солиорох байсан биз. Ертөнц өөрөө өөрийгөө эмхэлдэг. Таталцлын хуультай адил үйлийн хууль байна. Зөв алхах юм бол газрын татах хүч чамд ивээл болно. Буруу алхам хийвэл чи өөрөө л эндэж гэмтэнэ. Энергийг зөв, буруу ашиглахад л учир бий. Өөрийгөө тусдаа бүтсэн давалгаан хэмээн ойлгож, ертөнцийн үнэмлэхүй хууль ёсонд тэрслэхээс өөр зовлонгийн шалтгаан байхгүй…
Сэтгэл хаашаа ч одсон уг орондоо буй.
Бидний сэтгэл юу ч агуулж, хаана ч оршлоо гэсэн бурхан чанараа алдаагүй. Уур унтуу, хүсэл шуналд автсан ч бай энэ л сэтгэл өөрөө үүд хаалга юм. Эгэл ба эгэлгүй сэтгэл гэж тусдаа байхгүй. Эгэл сэтгэл маань эгэлгүй сэтгэл, үнэмлэхүй оршихуйд үндэслээстэй. Буг чөтгөр, бузар нүгэлтэн ч бай Бурханаас ангид биш. Хэн ч оршихуйгаас хөндийрөхгүй. Тэгвэл бид юундаа ингэж шаналж бачуурдаг юм бэ? Бурхан чанарт оршсоор мөртлөө үүнийгээ сэхээрэхгүй явнам.
Сэтгэлд хоёр зүйл бий. Сэтгэлд буй элдэв тусагдахуун хийгээд сэтгэл өөрөө. Үүлс хийгээд тэнгэр мэт. Үүл бүрхсэн үед хөх тэнгэр харагдахгүй. Хааяа үүлэн сиймхийгээр гэрэлтдэг. Гэхдээ үзэгдэх, эс үзэгдэхээс үл хамааран тэнгэр өнө үүрд оршоостой. Чи үүлэнд анхаарлаа уях юм бол тэнгэрийг харахгүй. Тэнгэрт анхаарлаа хандуулбал үүлсийг түр зуурын үзэгдэл хэмээн ухаарч, санаа чилээхээ болино. Тэд ирж л байдаг, буцаж л байдаг. Тэглээ гээд тэнгэрээс ямхын чинээ ч хэлтэлж чадахгүй. Түүний онгон чанарт өчүүхэн мөр үлдээж дөнгөхгүй. Хэрмэл бодол, хийсвэр төсөөллийн дүрийг бүү ойшоо. Тэр бүхний цаанах тунгалаг орон зайг мэдэр. Тэр бол чиний мөн чанар.
Чи угаасаа Будда, гагцхүү үүл мананд хучигджээ. Хучигдаад зогсохгүй түүндээ ээнэгшиж, барьцалддаг. Үүлэн бүрхүүлээ өмчирхөж, хэдий чинээ нэмнэ, төдий чинээ өөрийгөө баяжиж байгаа шигээр сэтгэдэг. Түүний цаана чиний дотоод огторгуй, тунгалаг орон зай халхлагддаг. Үүлнээс үүлэн дунд л амьдрал чинь хөвөрнө. Үүлэн амьдралыг сансар буюу хорвоо гэдэг. Чигээ өөрчилсөн цагт гэнэтийн хувирлыг үзнэ. Тэр болтол ухаарч, хичээж, туршихаас аргагүй. Ус уурших мэт нэг л өдөр зохист хэмэндээ хүрэх цагт агшин зуур тэлж, обьектийн ертөнцөөс халин гарна.
Сэтгэл хаашаа ч одсон уг орондоо буй.
Зэн уламжлалд энэ судрыг гүн увдис болгон ашигладаг. Жирийн сэтгэл бол бодь сэтгэл гэж Зэнд өгүүлдэг. Хоол идэж байхдаа ч, унтаж амарч байхдаа ч, худгаас ус зөөж байхдаа ч чи Будда. Үүлэнд авталгүй, тунгалаг хоосон огторгуй хэвээрээ үйл үйлдэх аваас чиний бодь чанар өөрөө тодорно. Гэтэл бид хоол идэхдээ мянган бодолд автдаг. Бие робот шиг үйлдэл хийж, сэтгэл хаа сайгүй алдуурч явдаг.
Хэдэн өдрийн өмнө нэг оюутан энд ирсэн. Шалгалт нь дөхсөн учраас надтай уулзахаар шийджээ. “Надад үнэхээр хэцүү байна. Би нэг охинд сэтгэлтэй болсон юм. Найз охинтойгоо байх үедээ шалгалтандаа санаа зовж, харин хичээлээ давтах үед найз охин минь бодогдоод болохгүй юм. Юу ч хийсэн надад зовиур шаналал болоод байна” гэж билээ.
Ийм зовлон ганц тэр залууд биш, хүн бүхэнд нүүрлэжээ. Ажил дээрээ байхдаа чи гэртээ байж, гэртээ байхдаа ажил дээрээ байдаг. Энэ бол сэтгэцийн эмгэг. Хүн бүхэн ийм эмгэгтэй болчихжээ. Зэн ёсоор бол гэртээ байгаа бол гэртээ л бай. Худгаас ус зөөж байгаа бол усаа л зөө. Тэгээд гүйцээ. Энгүүн үйл чинь Буддагийн зам. Зэн багш нараас “Та ямар бясалгал хийдэг вэ? Ямар садхана (бүтээлийн арга) үйлддэг вэ?” гэж асуувал, “Бид ядрахаараа унтдаг, өлсөхөөрөө хоол иддэг. Үүнээс өөр садхана байхгүй” гэж хариулна. Хоол идэж байхдаа хоолоо л идэж, зүгээр сууж байхдаа зүгээр л сууж, өнгөрсөн болоод ирээдүй рүү үсчилгүй, энэ агшиндаа байх юм бол чи Будда болно.
Сэтгэл чинь хэсэн тэнүүчлэх аваас зогсоох гэж битгий оролд. “Аялмаар байвал аялж л байг. Би өөрөө үүл биш, тэнгэр шүү дээ” гэж өөртөө хэл. Тэнгэр гэдгээ мэдрээд байх юм бол манан будан аяс аясаар сэмэрч, үүлэн чөлөө улам бүр тэлнэ. Эрт, орой нэг өдөр, нэг агшинд чиг тусгал дотогшоо эргэж, мөнх дагшин тэнгэр болсноо харна. Дагшин чанараа нэгэнт танисан хойно будант хорвоод эргэн орохдоо чи эрхт эзний ёсоор орно. Тэр үед ертөнцийн гоо сайхан ч бас чиний өмнө нээгдэнэ.