Дэлхийн шим мандалд амьдрал үүссэн цагаас байгалийн араншинг удамших хувьслын зүй тогтлоор шалгаран давж үлдсэн хоёр сая гаруй төрөл зүйлийн амьтдын дотроос хүн төрөлхтөн ухамсарт сэтгэлгээ, оюуны хөгжлөөрөө онцгойрон тодроод; гал манан, зэвсэг хийж, хувцас өмсөн, зэрлэг амьтныг гэршүүлж ахуйгаа бүтээлчээр тордохын сацуу шүтээн бүтээж, бүжиг дэглэж, хэл зохиож, заншлыг дадуулж, оюунаа ухамсартайгаар хөгжүүлэн өрнүүлж ирсэн хүмүүн гэгчийн үүсэл, өнөөг хүртэлхи хөгжил замналын түүхэн явцад урлаг соёл ямагт онцгой үүрэг гүйцэтгэж иржээ.
“Хүн бол нийгмийн амьтан” гэдэг нь хамтаар орших бүтэц тогтолцоо, хуульзүйд бус харин угаас хүний эе зохистой хамтран аж төрөх хүсэл, шаардлага, зарчим нь хайр, хүндэтгэл, үнэнч, шударга ёс, энэрэнгүй үзэлд тулгуурладаг. Иймээс ч эдгээр нь соёлын язгуур, нийгмийн нийтлэг үнэт зүйлс болж, улмаар дэлхийн улс үндэстний түүх, амьдралын хэв маяг, уламжлал, итгэл үнэмшил, мэдлэг, сэтгэлгээ, гоозүй, ёсзүй, үнэт зүйлс нь зөв аж төрөх ёс буюу соёлын өвөрмөцийг бий болгожээ. Хүмүүнд урам онгод, авъяас билиг угаас байж, харин түүх соёлын хөгжил, тасралтгүй боловсрон төгөлдөрших уламжлал заншлын дүнд анхан цагийн ая эгшгийн дохио төдийгөөс үүссэн дуу хөгжим, хөдөлгөөн хэмнэлийн дохио буюу бүжиг, тэмдэг дүрсийн дохио буюу дүрслэхүй, өгүүлэхүйн тэмдэг дохио буюу хэл яриа нь улам бүр төгөлдөршсөөр урлагийг зүйл бүрээр хөгжүүлсээр ирсэн билээ.
Соёл нь хүний төрж өсөх, төлөвших суурь болж, энэ хөрснөөс төлжигч хүмүүний сэтгэл оюун, авъяас билгээр бүтээгдсэн нь урлаг болмуй.
Соёл, урлагийн өв уламжлал туурвиагүй, бүтээдэггүй улс үндэстэн гэж үгүй. Бүтээхүйн учир нь хүмүүний дотоод мөн чанар, оюуны хэрэгцээнд буй. Энгийнээр хэлбэл урлаг нь сэтгэлийн илэрхийлэл, сэтгэлд үүсэн бүрэлдэж, уран сайхнаар төлвийг олоод өөр нэгний сэтгэлд хүрдэг мэдрэмж, харин хүрэх арга зам, хэлбэр төлөв нь ямар байхыг уран бүтээлчийн авъяас онгод, сэдэл шийдэл, бүтээлч санаа, бодит гүйцэтгэл мэднэ. Урлаг нь онолын хувьд “хүний сэтгэл хөдлөлийн хэрэгцээ” буюу “гоозүйн болон ёсзүйн мэдрэмжийг өдөөн сэрээж, эдгээр мэдрэмжээ хуваалцах арга зам, бүхий л хэрэглээг гоозүйн үнэлэмжтэй болгох хэрэгсэл, сэтгэлзүйн болон бие махбодыг илааршуулах дам хэрэглүүр, хүмүүний оршихуйг танин мэдэх, амьдралын утга учрыг нээх оролдлого” юм.
Хүн сэтгэлийн амьтан ажгуу. Сэтгэлийн амьтныг хүмүүн болгогч нь урлаг, соёл ажгуу.
Хүн урлагийг бүтээх үндсэн шалтгаанууд нь “амь зуухаас гадна өөрийн эе зохирол, тэнцвэр, хэмнэлийн байгальлиг зөнг бүтээлчээр хөгжүүлсэн”, “өөрсдийн оршин буй орчлон ертөнцтэй холбогдох шижмээ танин мэдэхийг оролдсон”, “аливаа тогтсон дүрэм журмыг гажуудаар зөрчин, тэмдэг, утга, агуулга, хэлбэрээр өөрийн төсөөллөө чөлөөтэй илэрхийлсэн”, “олон үе дамжин боловсорсон соёлын утга санааг бэлгэдэлт болон зан үйлийн арга замаар илэрхийлсэн явдал” гэнэ. Толь бичигт тайлбарласнаар уран бүтээлч гэж “ур чадвар, оюун төсөөллийн үр дүнд гоо зүйн үнэлэмж бүхий бүтээл туурвигчийг хэлнэ”, “Гоозүйн үнэлэмж, мэдрэмж шаардсан өндөр ур чадвартан” гэж тодорхойлсон бөгөөд уран гайхамшгийг туурвих, сэтгэлийг хөдөлгөх увдис билгээрээ түүхийн аль ч цаг үед онцгой үзэгдэж байв. Урлагийн өв, соёлын хөмрөгийн сор бүтээлүүдийг шашны захиалгаар, хааны зарлигаар, засгийн захиргаадалтаар, цаг үеийн дуудлагаар, өөрийн дураар хийсэн ч бай, энэ нь инад чанартаа уран бүтээл туурвих аян шалтаг, сэдэл, бүтээн туурвих ахуйн хийгээд сэтгэлзүйн нөхцөл боломжийг бүрдүүлж, чинад төлөвтөө уран бүтээлчийн авъяас билгээр бүтсэний учир урлагийн сод туурвил нь цагийн саалтанд бүдэгрэлгүй, үеэс үед шагшигддаг билээ.
Уран бүтээлч гэдэг нэрийг хэн дуртай нь олж авч, бусад ажил мэргэжлийн адил онол, дадлагаар эзэмшиж болдоггүй, өөрийн төрөлхи авъяас билэг, онцгой чадвар, хичээл зүтгэлээр төрдөг онцлогтой. Авьяас гэж: “Хүмүүнийг бусад амьтдаас ялгадаг гол шинж нь сэтгэл-оюуны үнэт чанар бөгөөд энэ нь…оюун санааны бүтээлч эрх чөлөө мөн. Авьяас нь хүмүүний төрөлх чанараар илрэх гоц мэдрэмж, бүтээлч эрх чөлөө бөгөөд төрөлхийн шинжтэй учир удамшин дамждаг, хөдөлмөр зүтгэлээр тэтгэгдэх бүтээл туурвилын эхэн дээд мэдрэмж, чадварын цогц мөн” (Ж.Долгорсүрэн “Аман соёлын арга билгийн шүтэлцээ” 2000) Энэ л авъяас гээч нь уран бүтээлчийн туурвилыг үүтгэж, түүхнээ нэр нь баларсан ч бүтээлээрээ мөнхөрсөн билэгтнууд, алдар цуугаа бүтээлтэйгээ дархалсан суутнуудыг хүн төрөлхтний оюуны болоод эдийн гайхамшигт эрдэнэсийн өв санг бүтээхэд хүргэв. Аль ч нийгэмд урлагийн уламжлал, залгамж халааг тасралгүй үргэлжлүүлэх онцгой авъяас, ой тогтоолт, ур дүйтэй хүнийг тусгайлан сургаж мэргэшүүлдэг. Өнгөрснөөс одоог хүртэлхи аль ч цаг үед гоц авъяас, сод чадавхи, нөр хөдөлмөрөөр бүтсэн соёл, урлагийн энэ их хөмрөгт багтах сод, шинэлэг, онцгой бүтээл туурвих бүтээлч ховор төрдөг учир уран бүтээлч нь онцгой авъяастан юм.
Бидний Монголчуудын хувьд өнгөрсөн зуунаас “Ур+лиг” буюу “ур төгс" хэмээн нэрлэх болсон урлагийг эртнээс “уран сайхан” хэмээж, энэ нь урнаар бүтээн туурвиж сайхныг цогцлоон бүтээх, уран сайхан зүйлээр мэлмийгээ баясгаж, сонороо мялаан, сэрж мэдэрч, таван мэдрэхүйгээрээ гоо зүйн таашаал хүртэх үйлийг бүхэлд нь илэрхийлсэн утгатай байв. Өрх бүр үйлдвэрлэгч, гар урлаач байсан Монголчууд хүн бүрийг “Үйлэнд уран, үгэнд цэцэн, номд мэргэн, нойронд сэргэг” байх ёстой хэмээн сургаж, эр хүнийг “Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай” байхыг эрхэмлэж, харин уран бүтээлч гэдгийг “уран гартан” гэдэг үгтэй дүйцүүлэн ойлгож “дархан хүн бурхан ухаантай” гэж хэлцэн ирснээс гадна алдартай дууч, ерөөлч, магтаалч, ардын билэг авъяастан нь хаадын ордонд залагдаж, хишиг шан хүртэж, нутаг усандаа цолгорон ам дамжин магтагдаж, хууч ярианд домоглон мөнхлөгдөж иржээ.
Зургийн тайлбар: Зураач Ү.Ядамсүрэн Морин хуур тоглож байгаа улаан дээлтэй урт цагаан сахалтай өвгөнийг дүрсэлсэн
Эртний хадны сүг зураг, Хүрэл зэвсгийн үе, Хүннү, Эзэнт гүрний эд өлгийн дурсгалыг алгасан хэдхэн зууны тэртээхи биет өв дурсгалыг үзэхэд л Монголчуудын бүтээл дандаа “нэр үл мэдэгдэх” уран бүтээлчийн туурвил байхаас бус суурин иргэншлийнхэн шиг хийсэн бүтээсэн эд зүйлдээ нэр дурдсан байх нь ховор. Тухайлахад 1930-аад оны хэлмэгдүүлэлтэд өртөлгүй үлдсэн Богд хааны ордон музейн сан хөмрөг л гэхэд, Монголын сүүлчийн хааны ордонд сор болон залагдсан эд өлгөөс Манжийн хааны бэлэг сэлтийн хэдхэн үзмэрт бүтээгдсэн газар, оныг дурдсан байхаас бус бусад үлдсэн 8000 гаруй тооны монгол урчуудын бүтээлд он цаг, нэр ус үгүй, бүтээгдсэн цаг хугацааг ч тодорхойлоход бэрхшээлтэй. Мөн бусад музейд буй үзмэрүүд ч бүтээсэн эзэнгүй “нууцлагдмал” байх ба цөөн хэдэн үзмэр л товлосон эзэнтэй, бүтээгчийн нэр тодорхой байх нь нэг хоёрхон зууны цаадтайхи буюу үе дамжин өвлөгдсөний учир бүтээсэн дархчуул, урчуулын нэр мартагдалгүй ам дамжин үлдсэнийх байдаг. Тэр байтугай Монголын уран зохиолын анхны бичмэл дурсгал “Монголын Нууц Товчоо”-г бичиж үлдээсэн он цаг байхаас бүтээсэн, бичиж буулгасан “уран бүтээлч”-ийн нэр үгүй. Харин дэргэдийн шадар хүмүүсийн бичиж буулган үлдээсний ачаар “Догшин ноён хутагт Данзанравжаагийн яруу найраг”, дэлхийд ганц хаданд хадмал уран зохиолын өв “Цогтын хадны бичиг”зэрэг нь нэр бүхий өдгөөг хүртэл өвлөгдөн үлджээ.
Ийн өгүүлэх ахул, цөөн хэдэн бичгийн сурвалжид нэр дурдагдан үлдсэн Аргусун хуурч, Чаби хатан, цөөн хэдэн түүхч зохиолчоос бусдаар биет болон биет бус өвийн гайхамшигт туурвилууд, баатарлаг туульс, үлгэр домог, аман зохиол, уртын дуу ч мөн бүтээсэн “уран бүтээлч” нь тодорхойгүй. Монгол ардын уртын дуу одоогоор 3000 гаруй тоологдоод байгаагаас мөн л хэдхэн дуу нь “домгийн” эзэнтэй. Үүнээс үзэхүл, Монголчууд уран туурвилыг хэн бүтээв гэдэг нь чухал бус, харин бүтээл нь ард олонд хүрч, баясган цэнгүүлэх, ариусган гэгээрүүлэх, ойлгон ухааруулах нь илүүтэй чухал байсных гэж үзэж болох мэт. Угаас нүүдэлчин ахуйн онцлог, гүн ухааны сэтгэлгээ, аж төрөхүйн уламжлал, туулж өнгөрүүлсэн түүхэн замнал нь Монголчуудыг үр хойчдоо “Эрхэм баян эрдэм, адаг баян эд хөрөнгө”, “Баян хүн нэг шуурганд” хэмээн сургаж, алдар нэр, эд хөрөнгө бус амьдралын туршлага, эрдэм мэдлэгээ өвлүүлэхийг л эрхэмлэх үзэлтэй болгожээ. Энэ нь дайн дажин, нүүдэл суудлын хөлд үрэгдэж алдагдах ахуй амьдралын онцлог, бичиг цаас тэр бүрий хөтөлдөггүй учир байдал, хаад ноёд, сүм хийдийн захиалгаар туурвин үйлдэх явдал, мөн “эд нь хэврэг, эзэн нь мөнх” гэж үзэх шүтлэг, бэлгэдэлт сэтгэлгээ гээд олон шалтгаантай. Ийнхүү өнө эрт цагаас онцгой авьяастан, ардын билигтнүүд бүтээн туурвиж, уран чадвараа үеэс үед шавь сургалтаар дамжуулан өвлүүлж ирсэн уламжлал өнгөрсөн зуунд халагдаж, олон шатны сургууль, мэргэжлийн урлагийн байгууллага үүсгэн, мэргэжлийн түвшинд “урлаг”-ийг үүсгэн хөгжүүлж, мэргэжлийн “уран бүтээлч” бий болсноор л зохиогч, бүтээлийн эзэн тодорхой тэмдэглэгддэг болж, улмаар оюуны өмч, зохиогчийн эрх гэх мэт уран бүтээлчтэй холбогдолтой асуудлууд гарч ирсэн билээ.
Харин өрнө болоод дорнын суурин соёл иргэншилд уран бүтээлч гэдгийг хэрхэн үзэж байв? Дорно дахинд, тухайлбал эртний хятадын Байлдаант улсуудын үед хаад ноёд хүрэл туурвилыг хараандаа авч, тэдний захиалга, хяналтан дор бүтээл туурвидаг байсан бөгөөд уран бичлэг нь чухал авъяасд тооцогддог, хожим дөрвөн зүйл урлаг буюу “ятга тоглох, уран бичих, зураг зурах”-ыг язгууртны эзэмших зүйлд оруулж байв Харин Вэдийн сургаалаас эхтэй соёл бүхүй Энэтхэг Жагарын оронд жүжиг, уран зохиолыг “оюун билэг” (bhava) болон “охь шим” (rasa) хэмээн томъёолж байсан нь “оюуны шимээр бүрдсэн охь” хэмээх санаа бөгөөд энэ нь бүжиг, хөгжим, театр, уран зохиол, хөрвүүлэг, тоглолт бүхий л төрөл зүйлд хандах гоозүйн чиг баримжаа болж, хөгжиж иржээ.
Харин өрнөддэхин, эртний Грект баатарлаг тууль, түүх, хайрын шүлэг, яруу найраг, эмгэнэлт зохиол, магтуу, найрал дуу, бүжиг, инээдмийн жүжиг, одон орныг ивээгч 9 дагиныг шүтдэг байсан ба уран зураг, баримлыг ихэд дорд үзэж, боолын хөдөлмөр, хар ажил гэж үздэг байлаа. “Art” буюу урлаг хэмээх үг нь угтаа мөн л латин хэлний “ур чадвар, арга барил” хэмээх утгатай үгнээс үүссэн нэршил бөгөөд “гоо сайхан” хэмээх утгыг давхар илтгэнэ. Дундад зууны өрнөдэхинд“дүрэм, уран илтгэл, диалектик сэтгэлгээ, тооны ухаан, геометр, одон орон болон хөгжим” зэрэг долоон зүйлийг тусгай боловсролоор сурч “уран бүтээлч” болдог байснаашинжлэх ухааныг ялгаж, сэлэм урлах, зураг зурах, ханын чимэглэл хийх зэрэг бүхий л бүтээлийг “урлаг”, “уран бүтээлч” дотроос бөс нэхэгч нарын “гар урчууд” уран зураач, барималчдаас илүү үнэлэгдэж байв. XVI зуунд Сэргэн мандалтын үе эхлэн уран зураг, уран барилга, баримлыг “урлаг”, бусдыг нь ‘craft’ (eng: Урлал, мэргэшил) гэх болж, тусгай сургуулиуд бий болон, XVIII зуунд уран зураг, баримал, уран барилга, гоёл чимэглэлийн урлагийг дуу хөгжим, бүжиг, яруу найраг, утга зохиолтой хамтатган “гоо сайхан, утга уянга төгөлдөр” илэрхийлэлтэй “Гоё урлаг” (Fine arts) хэмээх болов.
Зургийн тайлбар: Зураач Норман Роквелийн “Өөрийн гурвал хөрөг” бүтээл-Artist Norman Rockwell Triple Self-Portrait
Уламжлал ёсоор “Уран бүтээлч” гэдэг нь “Дээд урлаг” буюу зураг, уран зураг, баримал, жүжиг, бүжиг, зохиол, кино, шинэ хэрэгсэл (нью медиа буюу орчин үеийн технологийн шийдэл), гэрэл зураг, хөгжим зэрэг чиглэлээр өөрийн төсөөлөл, авъяас, ур чадвараа ашиглан гоозүйн үнэлэмж бүхий бүтээл туурвигч. Урлаг судлаачид, шүүмжлэгчид нь “уран бүтээлч бол тодорхой дэг сургуулиар урлаг бүтээгч” гэж үздэг бол гоёл чимэглэл, хэрэглээний урлаг бүтээгчдийг гар урчууд гэнэ. Сэргэн мандалтын үед зураачдыг илүү өндөр түвшнийх зэргээр зиндаалдаг байсан нь эдүгээ ач холбогдолгүй асуудал болсны сацуу жинхэнэ уран бүтээлчээс арилжааны, ашиг хөөгч зугаацуулагчдыг ”үзүүлбэрч” (artiste) гэж нэрлэх нь зарим талаар доромж утгаар ч хэрэглэгдэх нь буй.
Эдүгээ олон улсын түвшинд өндөр ур чадвар шаардсан,бүтээлч сэтгэлгээ, үзэгчийн гоо зүйн мэдрэмжийг төрүүлдэг төрлүүдийг “Урлаг”, бүтээгчийг нь “уран бүтээлч” гэж нэрлэж байгаа ч, орчин цагт “Уран бүтээлч”-ийг маш товчоор “урлаг гэгдэх үйл ажиллагаанд оролцогчийг хэлдэг” гэж томъёолох болсон төдийгүй “Ямар нэгэн хэрэгслийг ашиглан өөрийгөө илэрхийлэгч” ч гэж үзэх болсон нь сонирхолтой. Бүр тодруулбал, “ямар нэгэн уран сайхны дадал үйлд бүтээлч, шинэлэг, чадварлаг байхыг хэлнэ” ч гэж тодорхойлсон нь байна. Харин дэлхийн дүрслэх урлагийн түгээмэл нэвтэрхий толь “Урлагтай амьдрахуй” (Living with Arts) нэн орчин үеийн (контемпорари) уран бүтээлчдийн үүргийг: “Хүнд зориулж “орон зай” бий болгодог; “Энгийн эд зүйлсийн этгээд сонин хувилбарыг бүтээдэг”; “Бичлэг хийж, дурдатгал үүсгэдэг”; “Үл таних зүйлийн биет хэлбэрийг бий болгодог”; “Мэдрэмж сэрэхүйн биет хэлбэрийг буй болгодог”; “Бидний хараац, төсөөллийг сэргээн шинэчилж, юмсыг өөрөөр харахад тусалдаг” гэж тодорхойлсон нь бидний дасал болсон уламжлал, урлагт хандлах хандлага орчин үед нэн өөрчлөгдөж буйн тод жишээ болно.
Эрт үеэс өнөөг хүртэлхи урлагийн түүхэн замнал энэ мэтээр олон үзэл хандлагаар хөгжихдөө урлагийн увдис шид огт өөрчлөгдөөгүй атал үүрэг, уран бүтээлчийн эзлэх байр суурь олон чиг баримжаагаар өөрчлөгдөн хувьсаж ирлээ. Хүний түүхэн дэх хүй нэгдэл, хаад феодалын үе, хөрөнгөтний нийгэм, эв хамтын ёс, ардчилал хүний эрх, даяаршил (globalization), дангааршлын (homogenization) үед ч урлагийн итгүүлэн бишрүүлэх увдисыг шашин сурталд, сэнхрүүлэн уриалах, удирдан дагуулах чадлыг төр засаглалд, зугаацуулан баясгах шидийг мөнгөний эдийн засагт ашиглаж ирсэн байна. Үүнчлэн үзвэл:
Нийгэм бүрэлдэн төлөвшөөгүй хүйгээр нэгдэн амьдрах балар цагт хадны сүг зургийг далдыг ивээгчид хандсан жатга дохио, анхны бүжгийг ангийн тэнгэр, галын эзнийг баясгах урамс, анхдагч дуу хөгжмийг байгалийн хүчнийг аргадах аялгуу болгон бүтээсэн үеэс инагш уран бүтээлчид сэтгэлийн дээдийг номлогчид байсаар иржээ. Учир нь хүмүүний гоозүйн туйлын үнэлэмж, төгс оршихуйн төлөөх эрмэлзлийг илэрхийлэн, хэцүү, мууг даван гарах сэтгэлийн урам зоригийг асаадгаараа шашин, урлаг хоёр адил талтай. Хүмүүний ур чадвараас хэтийдсэн үнэмлэхүй сайхныг бэлгэдлийн ёгт утга, дохио тэмдгээр хураангуйлан дүрслэн чадаж, ертөнцийг төгөлдөржүүлэх, сайн сайханд итгэх хүслийг нэвт шингээсэн уран туурвилаар сэтгэлийн гүнд хүрч, муу муухайг жигшүүлж, сайн сайхныг бишрэн тэмүүлэх, аливааг ухааруулан ариусгах чадалтай. Түүхнээ мөнхөрсөн эртний Герегийн Артемисийн сүм, Египетийн сац суваргууд (пирамид), Микеланжелогийн Сикстиний сүмийн зураг, Занабазарын “Язгуурын таван бурхан”, Бетховений 9-р симфони, Бразилийн Есүсийн хөшөө тэргүүтэн нь цөм хүмүүний шашин сүсэг, гүн итгэл бишрэлээс үүдэж, ариун бурхдыг цогцлоон авралын дээдийг номлож, хүний сэтгэлийг ариусгах зорилгоор бүтээгдсэн байдаг. Эртнээс Аристотель тэргүүтэн мэргэд “урлаг бол катарсис (κάθαρσις) буюу ариусгал”, уран сайхан урлагийн хүчээр хүний айдас, зовлонг арилгансэтгэлийг ариусгана гэхчлэн номлож байв. Иймээс ч уран бүтээлч бол нэгэн талаар шашны зүтгэлтэн юм.
Хүний нийгмийн түүхнээ ноёлогч анги ялгаран гарч, хаад засгийн эрх барих болсон цагаас уран гартнууд хааны ордны дэргэд харъяалагдаж иржээ. Аль уран сайхныг бүтээн туурвих ур чадвартай авъяас билэгтэн хааны ордонд заларсан ч, хорио шоронд суусан ч ялгалгүй, хаад язгууртныг баясгах, хамаг олныг дагуулах урлагийг бүтээж байв. Хаад язгууртныг баясгах“хааны ордны хишигтэн”, зарлиг тушаалын золиос ч болж, дорд ардад хүртээлгүй “язгууртан” боловсрол, “ямбатай” зугаа ч болж, эрхэм тансаг байдлыг нь илтгэх, эрх сүрийг бадруулж, цог жавхланг дуурьсгах үүргийг ч урлаг, уран бүтээлч хүлээж байв. Эдүгээ ч төрт улсын сүлд тэмдгийг бүтээж, төрийн далбааг мандуулж, төрийн дууллыг сүр жавхлантай эгшиглүүлдгийн учир, дэлхийн хөгжилтэй ижилсэн “даяарших”-ын зэрэгцээ үндэсний өвөрмөц онцлог, өв уламжлалаа хадгалан баяжуулж, “дангаарших” үүргийг хүлээж, үндэсний дархлааг хадгалахын учир уран бүтээлч нь төрийн зүтгэлтэн ажээ.
Хүн бол нийгмийн амьтан, харин нийгэм гэдэг бол бүхэлдээ харилцаа юм. Хүмүүсийн харилцан ойлголцож, хамтдаа оршихуй нь соёлыг үүтгэдэг бол харилцааны хамгийн яруу илэрхийлэл нь урлаг болой. Хүнийг бүү хэл амьтдыг уяраан уйсгах чадалтай урлагийн шидийг эрхшээж, хүмүүний сэтгэлийн баяр гуниг, бахдал эмзэглэл, хайр харуусал, ухаарал гэмшил, энэрэл эгээрлийг уран яруугаар хөрвүүлэн бүтээж, хөндөн илтгэж, амьдралыг солонгын өнгөөр сүлэгч сэтгэлийн тэр эгшиг хэмнэлийг хүргэгч сэтгэлийн зардас, сайн сайханд тэмүүлэх бодол мэдрэмжийг туурвин түгээгч өртөө улаач, хүмүүний биесээн ойлгох харилцааны элч юм аа. Ийн учир урлаг амьдралыг өнгөлөг өөдрөг болгож, хүнд амьдралын баяр баясал, амьдрах эрч хүч хайрлаж, уйтгар гунигийг тайлж, урам зориг төрүүлэн урагш алхаж, өөдлөн дэвжихэд хөшүүрэг болдгоороо нийгэмд “локомотив” зүтгүүрийн үүрэгтэй, энэ буулганд уран бүтээлчид л орж зүтгэж, урагшлуулдагийн учир уран бүтээлч нь нийгмийн зүтгэлтэн юм.
Хэдэн арван мянганы тэртээх хадны сүг зургаас өртөөлөн өнөөг хүртэлхи хүмүүний бүтээн туурвисан бүхэн тухайн цаг үеийнхээ гайхамшигтай гэрч болон үлддэг. Урлагийн бүтээл нь тухайн нийгмийн тусгал, хөгжил бүтээлийн баримт болохын зэрэгцээ туурвигчийн, тухайн үеийн олон нийтийн сэтгэлгээ, хүсэл тэмүүллийг ч харуулж байдаг учир түүхэн цаг үеийн нийгмийн хөгжил, сэтгэлзүй, хүн судлал, нийгэм судлал, соёл судлал, хүмүүнлэгийн ухаан, гүн ухаан, гоозүй, угсаатанзүй, хэлзүй зэрэг шинжлэх ухааны хэрэглэгдэхүүн, тухайн цаг үеийг тодорхойлох судлагдахуун болдог учир чухамдаа түүхийн мэдлэг, түүхэн сурвалж, соёлын өв мөн тухайн хүний өөрийн намтар нэг дор цогцолдог гэнэ. Ийм ч учраас Пабло Пикассо “Бийр, будагтайгаа байхад өдрийн тэмдэглэл хэрэггүй” гэж хэлсэн байдаг биз ээ. Урлаг нь аливаа үйл явдлыг баримтжуулахын зэрэгцээ түүхийг ойлгоход дөхөм болдог. Урлагт соёлын үнэт зүйл, итгэл үнэмшил, өвөрмөц чанар шингэдэг учир олон улс үндэстнийг өөрийн соёлоо хадгалж хамгаалахад хувь нэмрээ оруулж, бидний амьдралд тохиолдож буй зүйлсийг он цагийн урсгал дарааллаар тэмдэглэн үлдээж байдаг учир ард түмний төдийгүй хувь өөрийн намтар түүх, туршлагыг харилцан мэдэж, ойлголцоход хэрэгтэй. Тэрчлэн одоо цагийг төдийгүй өнгөрсөн үерүү ярган түүхэн үнэнийг уудлан хүүрнэж, тэр байтугай ирээдүйд болох үйл явдлыг ч ёр билиг, сэрэл мэдрэмж, мэдлэг туршлагаараа түрүүлэн буулгаж зөгнөн өгүүлж байдгаараа уран бүтээлч бол түүхч юм.
Урлагийн итгүүлэн ятгах чадварыг эн тэргүүнд ашиглагч нь аливаа засаглал бөгөөд ард түмнийг өөрсдийн үзэл баримтлалын чиг баримжаанд итгүүлж, нийтээр нь нэг зүгт дагуулан хөтлөх үүргийг урлагаар гүйцэтгүүлдэг. Арилжааны бизнест ч мөн урлагийг ийм үүргээр өргөн ашигладаг бөгөөд урлаг нь тодорхой нэгэн үзэл бодол, бодит хүн, эд зүйлийн тухай “урдаас төлөвлөсөн” итгэл үнэмшлийг олгож, харин уран бүтээлч нь үзэгч олон нийтийн “тархийг угаах” чадамгай суртал ухуулагч юм.
Мөн аливаад “төлөвлөж” итгүүлэхийн эсрэгээр, урлаг хийгээд уран бүтээлч нь ийм улстөрийн буюу мөнгөний машиныг өөрчлөх, хөмрөн унагах хүч ч болж чаддаг. Үүний жишээнд 20-р зууны эхэн үеийн улстөрийн шинэчлэл хийхэд уриалсан авангард (Avante-Garde) буюу “хошуучлан хамгаалагч”, дадаизм, сюрреализм, конструктивизм, хийсвэр илэрхийлэл зэрэг дүрслэх урлагийн урсгалууд болон модернист уран зохиол, постмодерн болон контемпорари урлаг, элдэв урсгалууд бүгд нэг хэвшмэл сэтгэлгээг өөрчлөх, сэрэл мэдрэмж, сэтгэлгээ, илэрхийллийн өвөрмөц арга барил, содон хурц шийдлийг дэвшүүлэх, соёлын ялгааг ярилган шинэлэг нийтлэг үнэт зүйлийг бий болгохзорилгоор нийгэм, соёлын ертөнцийг цочроон гарч ирсэн бөгөөд бүгд нийгмийг унтаа байдлаас сэрээх, улстөр нийгмийн шинэчлэл уриалан дуудсан учраас уран бүтээлч бол шинэчлэгч юм.
Нийгмийн гажуудал, дарангуйллын засаглал, хөрөнгөтний мөлжлөг, баян хоосны ялгаа, эрх тэгш бус байдал, шашин шүтлэг, хүйс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хийгээд дайн дажныг эсэргүүцэх, нийгмийн бусармаг явдлыг илтгэн шүүмжлэх, тууштай эсэргүүцэх, бодит үнэнийг илчлэн олон нийтийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах, хүний эрх тэгш байдал, шударга ёсыг тунхаглах, сайн сайхныг тогтоохын төлөө уран бүтээлчид бүтээл туурвилаа бүтээн, цочмог, зоримог, эрс шийдэл бүхий бүтээлээрээ олон нийтийн анхаарлыг татаж, өөрчлөлт, шударга ёсны төлөө тэмцэгч дуу хоолой болдгийн учир уран бүтээлч нь шүүмжлэгч, ардчилагч юм.
Уран бүтээлчид өөрсдийн туурвилаараа дамжуулан нийгмийн ёс бус явдал, анхаарууштай асуудлыг хөндөж, шоглон шүүмжилж, үзэгч олонд ухааруулах үүргээ түүхэн хугацааны туршид гүйцэтгэж, эдүгээ хүний эрхийн зөрчил, байгалийн бохирдол, дэлхийн дулаарал, хүний наймаа зэрэг нийгмийн ноцтой асуудлуудыг уран бүтээлээ дамжуулан сөхөн тавьж байна. Энэ нь ялангуяа нэн орчин үеийн (контемпорари) дүрслэх урлагийн бүтээлүүдэд онцгой илэрч байгаа ба эдгээр эмзэг сэдвийн дотор хорт хавдар, тураал, таргалалт зэрэг эрүүл мэндийн асуудлуудыг олон уран бүтээлчид хөндөн тавихын зэрэгцээ сэтгэлзүйн болон бие махбодын өвчнийг анагаахад урлагийг ашиглаж, мөн зөв амьдрах, нийгэмших хувь хүний төлөвшлийг урлагаар дамжуулан олгох нь нийтлэг хандлага болоод буй. XVIII зуунаас эхтэй урлагийн эмчилгээг эдүгээ албан ёсоор нь “сэтгэлзүйн, зан авирын буюу сэтгэцийн эмгэг, бие махбодын хөгжлийн бэрхшээл буюу бие эрхтний өвчин эмгэгт нэрвэгдсэн хүмүүсийг анагаах зорилгоор урлаг туурвилыг ашиглах, урлаг бүтээх явц ба урлагийн бүтээлд хандах хандлагаар өөрийгөө хөгжүүлэн төлөвшүүлэх, итгэл үнэмшлийг дээшлүүлэх, хүмүүн хоорондын харилцааны ур чадварыг хөгжүүлэх, өвчин эмгэгийн шинж тэмдэг, үр дагаврыг арилгах, сэтгэлийн хямралыг арилгах, аливаа асуудлыг шийдвэрлэх, амьдралын баяр баяслыг олж авахад тусалдаг” гэж тодорхойлсон бөгөөд урлагийн эмчилгээ нь бүх насныхны бие махбодын, сэтгэлзүйн болон сэтгэл хөдлөлийн эрүүл байдлыг ханган сайжруулах зорилготой сэтгэлзүйн эмчилгээ мөн гэж хүлээн зөвшөөрөгдсөн байна. Уран бүтээлч нь урлагийн увдис чадлаар гашуудлыг тайлж, гунисныг сэргээж, шаналлыг мартуулж, өвдсөнийг анагаах сэтгэлийн болоод бие махбодыг анагаагч эмч юм
Хүмүүний хамтаар орших ёс, нийтлэг хүсэл эрмэлзлийг нэгтгэн зангидаж, сэтгэлийн утсыг хөндөж, нэгэн зүгт уриалдаг нь урлагийн ид чадал. Энэ ид чадлыг эзэмшсэн уран бүтээлч нь уран туурвилаараа худал хуурмаг явдал, урвалт, өш хонзон, аминч бодол, хорон муу санаа бүхнийг жигшүүлж, сэтгэлийн эрхэм чанар хайр, хүндэтгэл, үнэнч, шударга ёс, энэрэнгүй үзлийг магтан дуулж, нийтлэг үнэт зүйл болгон ухааруулан ойлгуулж, итгүүлэн үнэмшүүлж байдаг. Мөн урлаг нь хүмүүний аливааг даван туулах сэтгэлийн хатыг хайрлаж, уламжлал заншлаа хайрлан хүндэтгэх сэтгэлийг бий болгож, урам зоригоор тэтгэж, бусадтай харилцах арга эвийг олгон, амьдрахуй ухааныг төлөвшүүлж байдаг учраас өнөө цагт урлагийн боловсролыг амьдрах ухааны чухал хэрэгсэл болгон ашиглах болсон билээ. Үүгээрээ уран бүтээлч бол сурган хүмүүжүүлэгч юм.
Эдүгээ нэн орчин үеийн урлагт дэвшилтэт технологитой холбон туурвисан, өөрийн хүсэл сонирхол, үзэл бодлоо хэнээс ч үл хамааран дураар илэрхийлсэн бүтээлүүд олноор гарах болсон учир урлагийг тухайн уран бүтээлчийн өөрийн орон зайгаа тунхаглах “чөлөөт бүс” гэж нэрлэж байгаа ба уран бүтээлчийг өөрийн үзэл баримтлал, сэрэл мэдрэхүй, бодол сэтгэмжээ илэрхийлэхүйц дурын судалгаа шинжилгээ, туршилт, бүтээцийг дурын арга зам, боломж, барилаар хийдэг “чөлөөт туршигч” гэж болно.
Хүн амын шигүү суурьшил, хөрөнгөтний зах зээлийн олон дутагдалтай талын нэг нь хэт өрсөлдөөн, хэт уйсал гэлтэй. Нийгэм хэмээх аварга том машинд багтаж, нэг хэвийн аж амьдралд уйдаж залхсан олон нийтийг зугаацуулах, шинэ содон зүйлээр баясгангаа ашиг олзыг ихээр олох арга замд урлагийг эн түрүүнд ашиглаж иржээ. Эдгээрийн дотор жинхэнэ авъяастан ч буй, дүр эсгэх хуурамч уран бүтээлч ч буй, сурган хүмүүжүүлэх утга агуулгатай нь буй, самуун явдлыг сурталчилсан нь ч буй, хоосон баясгахаас өөр өгөөжгүй хөнгөн зугаа ч буй, уран бүтээлчдийн дотор авъяастай нь ч, ашиг олох авхаалжтай нь ч, алдар нэр хөөгч ч, алиа салбадай, утсан хүүхэлдэй болсон нь ч бий. Аль аль нь эцсийн дүндээ уйсал, зугаагаа гаргах, элдэв этгээд авирт шохоорхох хүний төрөлхийн сониуч араншинг сатааруулан баясгаж л буй явдал агаад дурдах ахул эртний Ромын мэсчин боолуудын тулаан, инагш одой, гаж биетнүүдийн циркийн үзүүлбэр, баячуудын зэрэг зиндаагаа тодотгох хүсэл, элдэв маяглалаар өдөөгдөн хөгжсөн хувцас загвар, үйлдвэржилтийн хувьсгалын дараахи олноор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах зар сурталчилгааны эрчимжилт, кино үйлдвэрлэл, видео тоглоом, шоу тоглолт, цахим технологийн дэвшилд тулгуурласан интерактив бүтээгдэхүүн гээд хэрэглээний болон зугаа цэнгээний олон салбарыг хамруулж болох энэ том мөнгөний машины олон нийтийн сэтгэлзүйд нөлөөлөх хүчийг анзаарахгүй, дурдахгүй өнгөрч боломгүй үлэмж үйлдвэрлэл болон нэгэнт хувирчээ. Үүний сайн талуудыг олонтаа дурдаж болох ч саар талууд ч мөн бишгүй олон байгаа нь “жинхэнэ урлагийг л эрхэмлэгч” урлаг судлаачдын “эс тоон” өнгөрч боломгүй асуудал болоод байгаа ба “жинхэнэ уран бүтээлч”, “ашиг хөөгч үзүүлбэрч”, “хуулбарлагч” нь хэн ч байсан, урлагийн сэтгэлийг баясган цэнгүүлэх үүргийг мөнгөний машин болгон ашиглаж буй зугаацуулагч юм.
Хэдийгээр жинхэнэ урлаг хүнийг ямагт өөдрөг эрчмээр цэнэглэж, сайн сайханд хөтөлдөг, харин олз ашгийн хойноос хөөцөлдөгч арилжааны урлаг нь зарим талаар хүний төрөлхийн сониуч, саваагүй зан хийгээд адгууслаг, харгис араншинг өдөөн хатгаж, олноор нь хошууруулж мөнгө олох сонирхолтой байдгаараа ялгаатай хэдий ч, уран бүтээлчид өөрсдөө бизнес, менежментийг үзэж судлах ёстой байсан гэж үзэж буй болон олон нийтийн дунд явуулсан нэгэн судалгаагаар үзэгч, олон нийт энэ айхтар чанарын ялгааг огт сонирхдоггүй, зөвхөн анхааралд нь өртснийг үзэж сонирхдог[i] гэсэн нь тун эмзэг хариулт юм. Учир нь үзэгчид дараа нь өөрт болоод бүхий олонд учирч болох үр дагавар, сөрөг нөлөөг урьдчилан мэдэх аргагүй учир “буруу хүмүүжил, гаж зан авир, сөрөг нөлөө” авчрах үр дагавар бүхий урлагаас илүүтэй нийгмийн сайн сайхны төлөөхи жинхэнэ урлагийг хүртээмжтэй хүргэх, үзэгчдийг бэлтгэх, цар хүрээ, хүртээмжийг сайжруулах шинэлэг менежемент, арга хэлбэр шаардлагатайг харуулж байгаа юм.
Дэлхий даяаршиж, мэдээлэл технологийн эринд дэлхийн ард иргэд тэр чигээрээ нэвтрэн орсон өнөө үед “урлаг гэж юу вэ? уран бүтээлч гэж хэн бэ?” гэдэг асуултууд улам бүр төвөгтэй болж, үйлдвэрлэл, гар урлал, ахуйн хэрэглээ, тэр бүү хэл урлаг хүртэл машинжиж, компьютераар өндөр ур чадвар шаардсан сийлбэр хийж, зураг зурж, хөгжим зохиож, яруу найраг бичүүлэх боллоо. Ингэснээр онцгой авъяастан, технологийн мэргэжилтэн, жирийн сонирхогчийн хоорондох ялгаа улам балархайшиж, зохиогчийн эрх, оюуны өмчийн асуудал хурцаар тавигдаж, оюуны хулгай, үнэгүй хэрэглээ зэрэг бусдын авъяас, хөдөлмөрийг ашиглах нь ч дурын асуудал болж байна. Хэн ч хаанаас ч олон нийтэд хандах, харилцах, хүссэнээ хийж, бүгдэд түгээх нь хэн хүний хурууны үзүүрт буй нэг талаар хөгжингүй, нөгөө талаар хяналтгүй “ээдрээтэй” цаг болчихсон учраас “Хутга мэс засалчийн гарт авралт зэмсэг, алуурчны гарт хөнөөлт зэвсэг болдог” шиг урлаг хэмээх энэ гайхамшгийг сайн талаар нь хөгжүүлбэл хүн ардыг нийтээр нь хүмүүжүүлэн төлөвшүүлж, урамшуулан уриалж, саар талаар нь дагуулбал нийгмээр нь хөмрөх ч аюултай бөгөөд хүн олныг сайн руу дагуулах уу?, саар руу түлхэх үү? гэдэг нь азын ч гэмээр, адын ч гэмээр ийм хүчийг эрхшээсэн уран бүтээлчийн ухамсраас шууд шалтгаацах асуудал болсон байна.
Нийгмийн дэвшил, улс орны хөгжлийг нийгмийн сэтгэлзүй, хувь хүний оюун санаа, ёс суртахууны хөгжлөөр хэмжиж, нийгмийн харилцаанд ардчилал, хүний эрхийг эн тэргүүнд тавьж буй өнөө үед дураар авирлах(анархизм), таашаалыг эрхэмлэх(гедонизм) зэрэг нийгмийн сэтгэлзүйн сөрөг хандлага ч үзэгдэж буй. Харин сэтгэлзүйн хамгийн сайн ерөндөг нь урлаг бөгөөд саар бүхнийг жигшүүлэн сайн бүхэнд дагуулах чадалтай уран бүтээлч нь соён гэгээрүүлэгч байх ёстой билээ. Энэ нь урлагийг ухамсар зорилготойгоор зориудаар бүтээх гэсэн үг бус харин ямарваа нэгэн улс төр, эдийн засаг, хувийн ашиг сонирхлоос ангид байлгаж урлагийг “урлаг” чигээр нь байлгаж, жинхэнэ бүтээл туурвихад л биеллээ олдог уран бүтээлчийн “үүрэг” юм. Агуу сэтгэгчид, эрдэмтэн мэргэд, суутнууд л энэ л тухай бишгүй олныг сургасан байдаг.
О.Роден: “Гагцхүү дотоод сэтгэлийн үнэн илэрсэн газар л урлаг төрнө”,
Лев Толстой: “Урлаг бол таашаал, ая тух, зугаа цэнгэл бус, харин агуу бодос, амьдралын чухал эрхтэн”, Энри Грид: “Урлаг бол хүн, бурхан хоёрын хамтын бүтээл юм. Хүний оролцоо бага байх тусмаа бүтээл агуу байдаг”, Францын зохиолч Ран Кокто “Урлаг бол ухамсар болоод далд ухамсрын гэрлэлт”, В.Инжиннааш: Хүмүүний сэтгэлийг хөдөлгөж эс чадваас Хөнгөн бийрийг хөшиж юун хиймүй” , “Урлаггүйгээр амьдрагч бол хагас зэрэмдэг нэгэн” , “Урлаг бол амьдралын эрч хүч, илэрхийлэл”, “Урлаг ямар хэлбэртэй ч бай, гагцхүү урагш нь хөдөлгөх хүчийг шингээсэн гоо зүй, сэтгэл хөдлөлийн нэгдэл байх ёстой”, “Зөвхөн гараа хөдөлгөдөг бол хар ажилчин, гар, тархиа ашигладаг бол гар улаач, харин гар, тархи, сэтгэлээрээ бүтээдэг бол уран бүтээлч”…
Гагцхүү уран бүтээл бүр “урлаг” биш, уран бүтээлч бүр “суут авъяастан” биш нь хяслантай. Урлаг нь , ухаан бодлыг эерэгээр ятган сэнхрүүлэх (surrestive) үүрэгтэй, оюун санааг эрчмээр сэлбэн цэнэглэх (compensational) чадалтай, зөн совинг сэрээх, уран сэтгэлгээг өрнүүлэх (heuristic ) нөлөөтэй бөгөөд онгод авъяасаас үүдэж, уран чадвар, онцгой мэдрэмжээр бүтсэн урлагийн бүтээл л цаг хугацаанд элэгдэхгүй, үнэ цэнээ алдахгүй, сэтгэлд хүрэх увдис чадлаа хадгалан мөнхрөхийн учир уран бүтээлч нь амьд бүхний далд ухамсарт нөлөөлөх ховсын чадалт урлагийн оргүй хоосноос “амьд” бүтээл төрүүлэгч зүтгэлтэн мөн юм.
Микеланжело нэгэнтээ “Сийлээгүй гантиг бүтээлчийн бодол нэг бүрийн хэлбэр төрхийг агуулдаг” гэсэн билээ.
[i] 2003-2013 онд явуулсан урлагийн салбарын судалгаагаар “уран бүтээлчид олон салбарт ажиллахыг эрмэлзэн, онцгой, жинхэнэ урлаг арилжаа, ашгийн хойноос хөөцөлддөггүй гэж бодохоо ч больсон” (Bridgstock, 2013; Ellmeier, 2003) төдийгүй “мэргэжлийн уран бүтээлчид бизнес, менежментийн ур чадварыг хамгийн түрүүнд сурах ёстой байж гэж үздэг” (Бодлого төлөвлөлтөт үндэсний урлаг төсөл [SNAAP], 2011; Tepper & Kuh, 2010), мөн төрийн бодлого боловсруулагчид, засаг баригчид нь уран бүтээлчдийг эдийн засгийн өсөлт, шинэ санаачлагад тэргүүлэгчид гэж үзэх нь нэмэгдэж байгаа(Bohm & Land, 2009; DCMS, 2006, 2008; Florida, 2012; Hesmondhalgh & Baker, 2010; Lloyd, 2010; Iyengar, 2013), мөн урлагийнхан л дотроо “дээд жинхэнэ урлаг”-ийн төлөө зүтгэгч бүтээлчид, ашиг олох зорилгоор бүтээл үйлдвэрлэгч арилжааныхан гэж хоёр хуваагддаг болохоос олон нийт ийм ялгааг хайхардаггүй, зөвхөн сонирхлоо л дагадаг” гэжээ.
Нийтлэлч Г.Дэлгэрмаа