В.Нэргүй
Дуу бүхэн өөрийн амьдралтай. Тэрхүү дууны амьдралыг дуучин хүн л бий болгодог билээ. Цаг хугацаа улиран одовч сэтгэлд уяатай, уянгатай олон сайхан уран бүтээл өнөөгийн бидний дунд хоногшин үлдсэн байдаг. Мөн шинээр олон сайхан уран бүтээлч, уран бүтээлүүд төрөн гарсаар байгаа билээ. Өнөө цагийн дууны ертөнцөд өөрийн өнгө төрхөө олж олон сайхан дуугаараа бидний сэтгэл хийгээд сонорыг мялааж яваа дуучны нэг бол Б.Эрдэнэхүү билээ. Энэ залуутай хэсэгхэн хөөрөлдсөнөө эрхэм уншигч тантай хуваалцъя.
-Монгол Улсын гавьяат жүжигчин Өлзий-Оршихийн “Үүлэн цэнхэр хангай”-г өвлөж өөрийнхөөрөө дуулж буйг тань олонтаа сонссон. Энэ дууг сонгох болсон шалтгаан нь юу вэ?
-Энэ гайхамшигтай дууны үгийг Ардын уран зохиопч, Соёлын гавьяат зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн өөрийн эхнэр Баасангийнхаа төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Эг-Үүрт явж байхдаа бичсэн байдаг. Аялгууг нь Төрийн шагналт Чинзориг хийсэн. Мөн Өлзий-Орших ах Хөвсгөлд аялан тоглолтоор явж байгаад үзүүр нь шөвх цаст уулсыг хараад анх сөгдөж, залбирч дуулсан гэж ярьдаг юм билээ. Тэгэхээр энэ сайхан уран бүтээлийг дуулах их хувь зохиол надад байсанд би их баярлаж явдаг. Энэ дууг Монгол Улсын гавьяат жүжигчин Төвшинтөгс багш минь надад анх санал тавьсан. Багш хүн шавийнхаа дотоод ертөнц, хоолойны өнгө төрх гээд бүх зүйлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч чаддаг байх. Тиймээс ч багш минь надад “Үүлэн цэнхэр хангай”-г дуулах их хувь хүртээсэн байх. Энэ дууны үгийн шид бүхэн, аялгууны нугалаа, хэмнэл бүхэн үнэ цэнэтэй санагддаг.
-“Галын хурд” гэж сайхан дууг чинь мэдэх юм байна. Өөрийн чинь уран бүтээлийн нэгээхэн хэсэг морьтой холбоотой байдаг. Морины тухай дуу дуулах сайхан биз?
-Сэтгэлээс нэг юм огшоод ирдэг. Сайхан морь унасан эрх хүн сайхан, хийморлог харагддаг. Үүнтэй л ижил морь дуулж яваа эр хүн өнгөтэй, өөдрөг харагдана шүү дээ. Би хүүхэд ахуйдаа хурдан морь унаж өссөн. Тиймээс морины дуу дуулахгүй байхын аргагүй байх. Улсын наадмаар хурдан морь үзэж суухад, эсвэл хурдан морины талбайд байж байгаад морь барианд ороход өөрийн эрхгүй нүдэнд нулимс дүүрдэг. Энэ бүхэн монгол хүний нандин чанарын нэг байх. Тиймээс ч би зон олондоо морины тухай сайхан уран бүтээлүүдийг хүргэх мөн олон сайхан хурдан буяныг мөнхрүүлэхийг хүсдэг.
-Өөрийг чинь бэлгийн мориор адуужсан гэх яриа байдаг. Энэ үнэн үү?
-Өнгөрсөн жил Цогтбаяр бид хоёр гурван аймагт “Хөдөө нутаг сайхан“ нэртэй тоглолт хийсэн юм. Сүхбаатар аймагт тоглолт болох үед үзэгчид дундаас малчид босч таван сайхан адуу бэлэглэсэн юм. Түүнийг л манайхан бэлгийн морьдоор адуужсан гэж егөөдсөн байх. Одоо хүртэл өнөөх малчид адуугаа аваач ээ гээд л утасаар ярина шүү дээ. Нэг сайхан өдөр очиж авна даа. /инээв/
-Дуучин хүн дуулсан дуугаараа бас нэг санааг давхар илэрхийлдэг гэж үг бий. Өөрийн чинь хувьд тийм зүйл байгаа л байх. Ер нь өнөөгийн нийгэмд эмзэглэж явдаг зүйл байж л байгаа даа?
-Тэгэлгүй яах вэ. Би Төв аймгийн Заамар сумын унаган хүүхэд. Манай нутагт маш олон уурхай ажиллаж байна. Тэр бүхэнд байгаль дэлхий хэцүү харагдах болсон. Тиймээс би уран бүтээлч хүний хувиар “Уул санаа алддаг” хэмээх уран бүтээлээ гаргаж түүнийхээ клипний зургийг нутагтаа авсан. Энэ бүхэнд минь “Малчин” телевизийн захирал Жаргал сайхан ах их тус дэм болсон. Үнэхээр л эрдэнэсийг нь аваад хаячихсан хоосон хар нүх бүрийг харсан хүн эмзэглэхгүй байж чадахгүй шүү дээ. Тэр бүхнийг харахад надад уул ус минь санаа алдаж байгаа юм шиг санагддаг.
-Уран бүтээлийн ганзага нийлсэн олон сайхан уран бүтээлч бий биз?
-Байлгүй яах вэ. "Малчин" телевизийн захирал Жаргал гэж ах байна. Мөн яруу найрагч Баянмөнх, "Симба" хамтлаг, дуучин Төрмандах, Цолмонбаяр, Цогтбаяр, гээд олон сайхан уран бүтээлчтэй хамтарч ажиллаж, найзалж нөхөрлөж явдаг. Мөн тэднээсээ зөвлөгөө авах үе ч их бий.
-Ямар ямар шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Цомог хэзээ гаргах вэ?
-Ардын жүжигчин Самбуугийн “Малчин аав” гэж нэг сайхан дууг дуулж байна. Мөн “Сүүн орчлонгийн гэгээ”,“Нутаг түмэн” гэх зэрэг хэд хэдэн шинэ уран бүтээл дээр ажиллаж бйагаа. Нэг өдөр Ардын жүжигчин Самбуу ах намайг дуудаад “Малчин аав” гэж миний нэг дуу байдаг юм. Чи л дуулж чадах юм шиг санагдаад байна гээд үгийг нь өгсөн. Ахмадуудынхаа дуулж байсан дууг дуулна гэдэг их хариуцлага, бас их хүндлэл хүлээдэг юм шиг надад санагддаг.
-Баянбулагийнхныг танай ангийхан дуулсан гэж сонссон. Тэгэхээр бүгдээрээ Монгол Улсын гавьяат жүжигчин Ерөөгийн шавь гэсэн үг үү?
-Тийм. “Баянбулагийнхан” киноны дуу шүү дээ. Ерөө багш минь залуудаа энэ дууг дуулж байсан. Бидний багшийнхаа гавьяатын найранд барьсан бэлэг. Мөн багшийнхаа амьдралаар баримтат кино хийж өгсөн. Миний хувьд хоёрхон багштай хүн шүү дээ. Нэг нь Төвшинтөгс гавьяат. Энэ хоёр хүний л ач буянаар өдий зэрэгтэй яваа гэж боддог. Хүүхэд байхдаа би “Бурхан бумбын орон”,”Сүүдэр цармын цэцэг” гэж хоёр дууг нь үргэлж сонсдог байсан. Тэгээд л СУИС-д оронгуутаа Төвшинтөгс багшийн шавь болсон. Ерөө багш бол үр хүүхдээсээ бидний ялгадаггүй. Хувийн амьдрал ахуйд минь санаа зовниж, чимээгүй болчихвол сураглана, утасдана. Ийм л гайхамшигтай хоёр хүнээр бахархаж явдаг даа.
-Танай ангиас олны танил ямар ямар дуучид байна?
-Дорноговийн "Симба" хамтлаг, Кивигийн Ука гээд нэрлээд байвал олон сайхан уран бүтээлчид бий.
-Анхны уран бүтээл гэвэл ямар дуугаа нэрлэх вэ?
-“Аав минь” гэж аавын тухай их сайхан дуугаар анхны уран бүтээлээ эхэлж байлаа. Завханы театрт ажиллаж байгаа Нэргүй гэж эгчтэй хамт сурч байсан. Тэр эгч маань анх энэ дууг санал болгосон. Панограмм хийлгэчихсэн тэгээд “Намуун” студид хоолойгооо бичүүлээд нэгдүгээр курсийн оюутан байхдаа анхныхаа дууг гаргаж байсан.
-Хүүхэд байхдаа дуулдаг байсан уу?
-Миний аав соёлын төвийн эрхлэгч хийдэг байсан. Хөгжимчин хүн. Би Төв аймгийн Заамар суманд төрсөн тэндээ 10 жил төгссөн. Багаасаа л аавыгаа дагаж урлаг гэж юу байдгийг мэдэрч өссөн. Намайг хүүхэд байхад аав минь дуулуулдаггүй байсан. Шилжилтийн нас өнгөрөөд наймдугаар ангийн хонхны баяр дээрээ л анх дуулж байлаа. Тэр цагаас хойш өнөөг хүртэл л дуугаа дуулж явна. Цаашдаа ч олон жил дуулна даа.
-Манай уншигчдад гэр бүлийнхээ талаар танилцуулаач?
-Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын хүргэн. Хүү охин хоёртой. Том нь хоёрдугаар анги бага нь дөрвөн настай. Бага маань аавынхаа улаан пен. Аавынхаа дуу бүхнийг мэднэ Өсөх-Ирээдүй гэдэг. Харин охиныг минь Баасанжаргал гэдэг.
-Өөрийгөө сайн аав гэж боддог уу?
-Үгүй. Сайн аав байхыг л хичээдэг. Хоёр хүүхэд маань том болоод л хэр сайн аав байсныг минь хэлэх байх.
-Урын сандаа хичнээн дуутай байна. Өөрийн чинь дуунууд найран дээр л их дуулагдаж байгаа анзаарагддаг?
-Нэг үеэ бодвол уран бүтээлийн минь ургац өссөөр л байна. Тийм малчид дууг минь их сонсч байна. Тиймээс хурим, найранд их дуулагдаж байгаа. Энэ бүхэнд “Малчин” телевизийн хувь нэмэр их байгаа байх. Ер нь дууг минь сонсдог, дуулдаг ард түмний дунд төрсөндөө би өөртөө их баярлаж явдаг юм. Ер нь дуу гэдэг хүн бүхний сэтгэлийн хамгийн том тайтгарал, ухаарал гэж би боддог.