Эмэгтэйнхээ орлого, мэдлэг чадвар, бие даасан байдал зэргээс нь сайн гэгч нь зүүгдээд өөрөө бэлгэдлийн чанартайгаар “залсан бурхан” мэт гэртээ суух хүсэл эрмэлзэл эрчүүдэд түгээмэл болоод байгаа нь сүүлийн нэг жилийн турш сайтад маань ирсэн захидал, сэтгэгдлүүдээс нэвт үнэртэж байна. Зүүгддэг залуус өөрсдөө үүнийг мэдэж байгаа эсэх нь дараагийн асуудал. Харин яагаад хүйсийн үүргийн тэнцвэр алдагдаж, гэртээ эзэн суух хүсэлтэй эрчүүд цөөрөх болов?
Тохиолдол 1: Заяа эгчийгээ нөхрөөсөө салаад түрээсийн байранд амьдрах болсон талаар дуулснаасаа хойш өөрөө байртай болсныхоо дараа л хүнтэй сууна гэсэн бат бодолтой болжээ. 5 жилийн турш илүү цагаар шургуу ажилласныхаа хүчинд байрны урьдчилгаа хурааж чадав. Охин хүүхэд өөрийн гэсэн юмтай байсан нь дээр гэж боддог гэрийхэн нь ч түүнийг дэмжиж, урамшуулж байлаа. Хагас жилийн дараа Тулгаатай танилцжээ. Тэр хоёрыг сэтгэл нийлж хамтдаа амьдрахаар шийдвэрлэхэд Заяа түүнийг өөрийнхөө байранд нүүгээд ирэхийг ятгаж чадав. Эхэндээ Тулгаа эрэгтэй хүн юм чинь өөрийн аваагүй гэрт амьдрах нь тиймхэн байна гэсэн боловч Заяад хувийн өмчиндөө эзэн суух нь амар тайван санагдсан тул “Бэлэн байр байхад заавал шинээр авч яах юм бэ” гэсээр цугтаа байж эхэллээ.
Нэг жил хамт амьдарлаа. Тулгаа өрөөнийхөнтэйгөө таарамж муутай гэсэн шалтгаанаар ажлаасаа гарч гэртээ байх болов. “Чиний цалингаар ч гэсэн болоод байхад би заавал дургүй газраа ажиллаж яах вэ дээ?”. Тэр ингэж хэлжээ. Үүнд нь ч нэг их юм бодоогүй байж байтал тэр ажил хайна гэж компьютер дээр суугаад PC тоглосоор өдрийг бардаг болов. Гадуур явж янз бүрийн юм хөөцөлдөхөд хэрэгтэй гэж Заяагаас мөнгө авах нь олширлоо. Тэгж тэгж нэг ажилд орсон ч одоохондоо шинэ ажилтан учраас цалин муу байна гээд Заяагаас мөнгө авдаг нь хэвээрээ хэрнээ хамт олны тэмдэглэлт өдөр гэсэн нэрээр гадуур гарах нь ихэсчээ. Бие давхар болсон Заяа өндөр ачаалалтай ажлаасаа чөлөө авахаар болж одоо л нөхрөө түших цаг ирлээ гэтэл Тулгаа энэ хооронд аль хэдийнэ өөрөөс нь бат “зүүгдсэн” байв.
Нэг орой Заяа түүнийг амьдралынхаа төлөө зүтгэхийг ятгахад “Надад анхнаасаа л зүтгэх шаардлага байгаагүй. Энэ гэрт чинь бүх юм нь бэлэн байсан ш дээ” гэж Тулгаа уцаарлаж гэнэ. “Үр хүүхдээ тэжээх чадваргүй юм бол миний гэрээс яв” гэж түүнийг ганц л удаа хэлэхэд нь Тулгаа жинхэнээсээ явчихаж. Уг нь Заяагийн анхны зорилго биелсэн байв. Хэрэлдэж салах дээрээ тулахад тэр биш эрэгтэй нь гэрээсээ явж, өөрөө бүхнийг бат араанд нь хийсэн гэдгээ эмэгтэй хүний хувиар нотлон харууллаа. Гэхдээ энэ үед тэр бүхнийг өөрөө хийхээс өөр аргагүй бие давхар эмэгтэй болж хоцорсон байв.
Тохиолдол 2: Мөнхөө Зулаатай анх танилцсан цагаасаа л хуучинсаг үзэлтэй хүн биш гэдгээ үргэлж хэлдэг байв. “Эмэгтэй хүн яагаад заавал гэрийн мухар сахиж, хоол ундтай зууралдах ёстой юм. Би л лав дэмждэггүй”. гэх мэтээр ярьж, үүнийг нь сонссон Зулаа олзуурхаж, эртнээс бодож мөрөөдөж ирсэн карертаа хүрэхээр зүтгэлээ. Мөн өмнөх найз залуу нь хоол хийх дургүй эхнэртэй болохгүй гээд салсан учраас одоо л ашгүй нэг санаа нийлэх сайн залуутай учирлаа гэж тэр боджээ. Болзооныхоо зардлыг аль мөнгөтэй яваа нь гаргаж байя гэсэн Мөнхөөгийн санаачлагыг ч дэмжив. Учрал бүхэн нь романтик, хөгжилтэй, сайхан санагдаж байлаа. Сайхан сэтгэлтэй, өглөгч, халамжтай, эмэгтэй хүн карьер хөөхийг дэмждэг, гэрийн ажилд ч муугүй, хүүхэмсэг биш, илүү дутуу зангүй гээд түүний сайн талуудыг тоочиж баршгүй санагдаж, талархалтай хандаж байснаас утасных нь төлбөрийг нь төлж, машинд нь бензин хийж өгдөг болсноо ч анзаарсангүй. Эгчид нь, хамаатных нь ахад, өрөнд орсон найзад нь хэрэгтэй хэмээн хэд хэдэн удаа мөнгө асуухад нь хайртын маань хувьд чухал хүмүүс шүү дээ гээд татгалзалгүй өгөв. Сүүл рүүгээ энэ байдал нь арай хэтэрч байгаа юм шиг санагдаж уурлахад “Би эсвэл чамайг гэрт чинь түгжчихээд, өөрөө гадуур явж өөр эмэгтэй эргүүлэх байсан юм уу? Над шиг тохитой томоотой эрчүүд харин ч ховор” гэж ихэрхэхэд нь Зулаа юу ч хэлж чадсангүй. Нэг удаа Мөнхөө цалингаараа өөртөө хоёр сая таван зуун мянган төгрөгний үнэтэй пүүз авсан гэсээр орж ирлээ. Түүнээс энэ хугацаанд нэг ч удаа бэлэг авч үзээгүй Зулааг гомдоллоход “Чи өөрөө хэрэгтэй бүхнээ авчихдаг ш дээ. Харин би энийг авах гэж 3 сар мөнгөө хураасан юм” гээд пүүзээ ахин дахин арчилж тордон додигор суув. Пүүзнээс ч дорд үзэгдсэн юм шиг санагдсан Зулаад жинхэнэ эр хүний эрэлд ахин гарах ёстойгоо ухаарлаа.
Гэхдээ одоо ямар эрийг хайх болж байна аа?
Эр хүн ангаа агнаж , эмэгтэй хүн галаа манадаг тогтолцоог эвдэх гэсэн феминист оролдлогууд тасралтгүй хийгдсэний үр дүнд бүсгүйчүүд үнэхээр өөртөө илүү итгэлтэй, өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, дайчин болсон. Харин энэ хооронд нь эрчүүдэд хандсан “Эхнэр чинь яаж ч хүчирхэг болсон, чи гэрийн эзний үүргээ мартах ёсгүй” гэдэг мен-ист дуу хоолой байсангүй. Эрчүүдэд эмэгтэйчүүдийн давшилж эхэлсэн ертөнцөд зүгээр л дасан зохицохоос өөр арга үлдээгүй юм. Тэгээд л жаахан залхуучууд нь бүгд “зүүгддэг” эгнээнд элсчихжээ. Одоо бид чинь яана вэ? Улам, улам л чадалтай болж муусайн эрчүүдэд амьдралынхаа нэг хувийг ч найдахаа болиод тэднийг зөвхөн “хүүхэд хийгч эс” болгон хувиргамагцаа, хааяа нэг биеэ үнэлэгч хөлсөлдөг ганц бие гэр бүлийг бүтээх үү? Эсвэл албаар сул дорой мэт жүжиглэж, нөхрөө хуурамчаар шүтэн бишрээд өөрчлөлт гарахыг нь найдан хүлээх үү? Аав ээжүүд нь хүртэл охидынхоо боловсролд илүү анхаарч, хөвгүүдээ анхаарлаас гадуур орхих болсон нэгэн үеийн үр нөлөө өнөөдрөөр гарч байгаа аж. Бүсгүйчүүд яахын аргагүй өндөр боловсролтой, чадварлаг болжээ. Эрчүүдээр дутахааргүй болж. Эмэгтэйчүүдийн сэтгүүлүүдэд 1990-ээд оны үед бичих зүйл мундахгүй их байлаа. Харин одоо үүний үр дагавраар нялцгай биетэй эрчүүд олноороо төрж байгааг хараад юу бичихээ олохгүй байгаа сэтгүүлүүд олон. Карьер хөө, гэхдээ тийм ч их хөөгөөд хэрэггүй гэх үү? Утгагүй ч юм аа даа.
Нэгэнт бид өөрсдийгөө хэчнээн мундагаар мэдэрч, гартаа бүхнийг атгасан ч ихэмсэг бардам зан маань нэг л өдөр дуусч нөмөр нөөлөг, хайр халамж олгох эрэгтэй хүнийг хүсэх өдөр байгалийн хуулиар ирж л таарна. Гэтэл нөмөр нөөлөг гэдэг нь ар гэрээ авч явах санхүүгийн баталгаат байдалтай цаад утгаараа заавал холбогдчихдог нь үнэн. Яг тэр үедээ ирээд эргэн харахад өөрийг нь үүрээд явж байх ёстой залуу өөрийнх нь араас аль хэдийнэ “зүүгдчихсэн” байдаг. Нэгэнт надаас “зүүгдчихсэн” хүнийг авч явахгүй бол болохгүй гээд л жаахан хүү шигээ арчлаад явах юм бол жинхэнэ сүйрүүлж байгаа нь тэр. Тиймээс зоригтойгоор сэгсэрч хаяцгаая. Тэгээд өөрөө түүнд үүрүүлдэггүй юм аа гэхэд гараас нь хөтлөөд ядаж зэрэгцэн алхъя л даа. Эсвэл бүрмөсөн түүнийг орхиод, дараагийн харилцаан дээрээ яаж анхнаасаа өөртөө зүүж авалгүйгээр, тэгсэн мөртлөө мөрөөдлөө алдалгүй, амбицтайгаар давшлах вэ гэдгийг л бодох ёстой болж байна. Нэг бол C хувилбар, өөрийн өөрчилж чадах цорын ганц эр хүн болох нуган үрээ өнөөх “Эмэгтэй хүн яаж ч хүчтэй, алдар нэр, өндөр орлого хөөлөө гээд тэр чамд гэр бүлийнхээ амгалан тайван байдлыг нууцхан найдах л болно” гэдэг үзэлд багаас нь сургасан нь дээр ч юм уу…
Эх сурвалж: www.goolingoo.mn