АН-ынхан олонх болоод байсан 2012-2016 онуудад зарим газрыг нэгтгэж, нэршлийг өөрчилсөн. Харин энэ удаагийн парламент АН-ын хийсэн энэ бүх өөрчлөлтийг эргүүлж байна. Үүний нэг нь Улс тунхагласны баяр буюу жил бүрийн 11 дүгээр сарын 26-ыг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрөөс хасч нийтээр тэмдэглэх баярын өдөрт оруулах өөрчлөлт болгох явдал юм. Өөрөөр хэлбэл та бид жил бүрийн 11-р сарыэ 26-нд амардаг байсныг дахин сэргээх гэж байна. УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нар энэхүү саналыг гаргаж УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Улмаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс асуулт, санал, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарсангүй. Иймээс УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нэгэнт гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон 11 гишүүний 9 нь буюу 81.8 хувь нь дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэн хуулийн төслийг батлуулахаар тогтов.Дөнгөж сая уг асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн бүх нийтээрээ амрах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүдийн олонх нь үзсэн юм.
“Монгол улсын үндсэн хуулийн 1.1-д Монгол улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах улс мөн гэж заасан байдаг. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж хамжлагат ёсыг халсан нь Монголын түүхийн асар том үйл явдал. Анхдугаар Үндсэн хууль батлагдсан нь нийгэм эдийн засгийн олон ололтыг манай улсад бий болгон батжуулсан төдийгүй Монголын газар шороо, хөрсөн доорх баялаг, ой мод, ан амьтан зэргийг ард түмний өмч гэж зарлаж байжээ. Түүнчлэн Азид анх удаа Монгол Улс сонгох сонгогдох эрхийн асуудлыг хуульчлан эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх явдлыг хангаж өгсөн юм. Дэлхийн бараг бүх оронд үндсэн хуулиа баталсан, улсаа тунхагласан өдрөө нэн тэргүүнд тавьж үндэсний баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэдэг. Манай улс Улс тунхагласны баярын өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон ёслол төгөлдөр тэмдэглэж ирсэн уламжлалтай бөгөөд 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд өнгөрөөх болсон нь түүхийн чухал үйл явдлыг ач холбогдлыг багасгаж, түүх уламжлалыг бүдгэрүүлэх алдаатай шийдвэр болсныг ард иргэд шүүмжлэн, эрдэмтэн судлаачид байр сууриа илэрхийлсээр байна. Тусгаар тогтнол, түүх уламжлал, үндэсний бахархал бол өнөөгийн бидний дээдлэн авч явах ёстой үзэл санаа юм. Тийм ч учраас хүн төрөлхтний нийтлэг чиг хандлагыг даган Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн өдрийг цаашид нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох нь зүйтэй” гэж хууль санаачлагчид тайлбарлаж байсан.
Үүнтэй холбогдуулан улсын төсьөөс ямар нэгэн мөнгө төгрөг гарахгүй ажээ.
А.Баярмаа