“Гомбажавын Жигжидсүрэн бид хоёр олон жил бие биедээ ил далд, зөв сэтгэлтэй явж, хамт уран бүтээлээ туурвиж, сэтгэл бодлоо хуваалцаж иржээ. Энэ хугацаанд хэн хэнээ “долоож” нялуурч явсангүй. Хэлтгий үг сольж байсангүй. Хүндэтгэх хайрлахын шалтагт багтаж байлаа. “Алтан шонхор” кино хийх үедээ намайг киноныхоо редактороор авч явсан мөртлөө аятайхан тохуурхаж “Тэвэнгээ” хэмээх баатрын дүрд “хүчиндэн” тоглуулж, монголын кино урлагт нүдний доог болгосон алдаа Жигжидсүрэнд минь буй.
Г.Жигжидсүрэн анхны бүтээл “Анхны алхам” киногоороо монголын кино урлагт шивнэж биш хашгирч орж ирсэн найруулагч. Анхны алхмын зохиомж нь урьд өмнө байгаагүй энгийн хүүрнэл, эгэл амьдралыг өгүүлсэн монгол киноны анхны эгэл алхам байсан. Найруулагчийн ажил нь ч тийм “дэлбэрэлт” байсан хэмээн “Миний тархинд амтагдсан Г.Жигжидсүрэн” гарчиг дор Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн Г.Жигжидсүрэн найруулагчийн “55:22 Шүүдэр шийний хүүхдүүд” номд өмнөтгөл тэрлэжээ.
Ардын жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч, Д.Нацагдоржийн шагналт зохиолч Гомбожавын Жигжидсүрэн өнөөдөр “55:25 Сүүдэр шийний хүүхдүүд” номын хуримаа хийн, кино урлагийн ховор алдартнуудыг нэг дор хуран чуулууллаа.
Г.Жигжидсүрэн: Кино архивд байсан протоколууд ихэнх нь алга болсон нь том гэмт хэрэг юм
Найруулагч Г.Жигжидсүрэнтэй номын хурим дээр цөөн хором ярилцсан юм.
-Таны ном нэрнээсээ л сонирхол татлаа. “55:25” тоогоор юуг илэрхийлсэн юм бэ?
-Монгол кино үйлдвэр гэж байх үеийн дэлгэцийн бүтээл 300 гаруй кино байдаг. Түүнээс би 55 киног сонгон авч энэ номондоо дотор талаас нь бичсэн учиртай. Өөрөөр хэлбэл эдгээр бүтээлийн талаарх олны нийтийн тэр бүр мэдэхгүй уулзалт, хуралдааны протоколууд, гадна дотнын шүүмжүүд орсон. Энэ талаасаа би уншигчдад сонин болно гэж бодож байгаа. Би чинь монголын кино урлагтай амьдралаа холбоод 60-аад жил болж байна. Монголын кино урлаг өнгөрсөн жил 80 жилийн ойгоо тэмдэглэсэн. Би бараг эндээс 60-аад жилийн түүхийг нь мэдэж байгаа болохоор надад нэгдүгээрт сонирхолтой хоёрдугаарт уншигчдад сонирхол татах болов уу гэж бодож хийсэн. Энэ номоо хоёр жил бичсэн. Энэ номонд киноны зураг авалтын үеийн баахан хар цагаан өнгөт зургууд нэлээд орсон. Хамгийн эртний гэрэл зураг гэхэд л 1938 онд найруулагч Т.Нацагдоржийн хийсэн “Норжмаагийн зам” кино шүү дээ. Хамгийн сүүлийн дэлгэцийн кино бол манай Солонгогын хийсэн “Хааны сүүлчийн хатан” энэ хоорондох үеийг л оруулсан. Энд өнөөдрийн монголын кино урлагийн сор болсон бүтээлүүд багтсан гэхэд цуурсан хэрэгт орохгүй байх.
-"Сүүдэр шийний хүүхдүүд" гэдэг нэрийг сонгосон учир нь?
-Монголчууд чинь айхтар мундаг ухаантай хүмүүс. Анх кино нэвтэрч гарч эхлэхэд манай үзэгчид сүүдэр ший үзнэ гэдэг байсан. Сүүдэр ший бол кино л гэсэн үг. Хүүхдүүд гэсний учир нь дэлхийн агуу найруулагч “Би өөрийнхөө хийсэн бүтээсэн киног өөрийнхөө үр хүүхдүүд гэж бодож араас нь харж санаа тавьж явдаг” гэж. Найруулагч хүн бүр тийм л байдаг. Эндээс сүүдэр шийний хүүхдүүд гэж нэр бүтсэн.
-Энэ номыг бичихэд архивын материал хэр олдоцтой байв?
-Архивын материал олох их хэцүү шүү дээ. Энэ номыг бичих нь хоёр жил гарсан. Харин цуглуулснаа ярих юм бол бараг 55 жил биз дээ. Кинонд ажилснаасаа л хойш бүх зүйлээ л цуглуулж байлаа. Архивын тухайд Буянт-Ухаад оччихсон заримыг нь шатаасан ч зарим нь улсын архивт байгаа. Нэг зүйл та нарт сонин байж магадгүй. Би номондоо материал хайж явахдаа Соёлын яамны, Монгол кино үйлдвэрийн уран сайхны зөвлөл, коллеги, төв хорооны үзэл суртлын хэлтсийн протоколуудыг хайж нэлээд явсан. Гэхдээ үүнийг би ноцтой зүйл гэж бодож байгаа. Кино архивд байсан тэр протоколууд ихэнх нь алга болчихсон 2-3 киноных л байгаа юм. Уг нь тухайн үед бид кино дуусахаар бүх бичиг хэргээ бүрдүүлээд зузаан хавтас л өгдөг байлаа. Түүнд кино зохиолоосоо эхлээд хамгийн сүүлд баталсан тогтоол хүртэл багтана. Мөн түүнд энд тэндээс унаа гуйсан, жүжигчин гуйсан тэр албан бичгүүд багтдаг байсан. Гэтэл тэр нарийн албан бичгүүд алга болсон байх юм. Энэ бол том гэмт хэрэг. Надад тэр авсан болов уу гэдэг сэдэл бол байна. Түүнийг одоо хэлээд яах вэ. Энэ хэргийн эзэд одоо байж л байгаа. Дараа дараагийн үеийн судлаачдад энэ их хайран байхгүй юу.
Би өөрийн хийсэн кинонуудынхаа протоколуудын нэг хувийг авч үлдэж байсан. Зарим нэг кино протоколуудыг хүнээс хайсан олсон тийм зүйл бол бий. “Түмний нэг” киноны хоёрдугаар анги “Хүний мөр” киноны протокол хэвлэлд гарсан. Гэх мэтчилэн их л чимхлүүр олон жил сар үрсэн ажил байлаа.
-Та номын нээлт дээрээ шинэ киноны ажлын талаар цухас дурдсан. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Б.Лхагвасүрэн бид хоёр шинэ киноны талаар яриад байгаа юм. Ирэх намраас л хийх санаатай. “Уул” гэдэг нэртэй. Би үүнийг нэлээд сонирхол татсан өвөрмөц кино болно гэж бодож байгаа. Гэхдээ энэ кино юуны тухай гэдгийг хэлэхэд эрт байна. Их л сонин кино болно доо.
Энэхүү номонд Монголын анхны кино болох “Норжмаагийн зам”-аас эхлэн “Цогт тайж”, “Ардын элч”, “Нүгэл буян”, “Тунгалаг тамир”, “Бүлээн нурам, “Алтан өргөө” зэрэг 1936 оноос эхлэн Монгол кино үйлдвэр гэж байх үед бүтээгдсэн дэлгэцийн 300 орчим уран сайхны киноноос 55 киног нь сонгон авч дурдсан байна.
Тэрээр номынхоо өмнөтгөлдөө “Тан хэчнээн гашуун ч гэлээ анагаах увидастай байдгийн адилаар амьдралд гашуун үнэнийг хааяа сонсох нь хүмүүний ухаарлыг сэргээдэг ажгуу. Ийм нэгэн бодол өвөрлөж, би энэхүү номоо бичихээр зориглосон юм” хэмээн өгүүлжээ.
Монголын кино урлагийн түүхийг нэгтгэж бичсэн ном, зохиол маш ховор байдаг. Тэрээр “Монголын киноны нэвтэрхий толь” анхны номоо хань Д.Цэцэгээтэйгээ хамтран 2005 онд туурвисан бөгөөд ийнхүү 10 гаруй жилийн дараа өөрийн хоёр дахь номоо уншигч олны хүртээл болголоо.
"Анхны алхам", "Хатанбаатар", "Хүн чулууны нулимс", Бүлээн нурам", "Амин мөр" зэрэг 25 уран сайхны кино, "Их Нацагдорж", "Сэнгийн Эрдэнэ", "Хүннү гүрэн" баримтат уран сайхны цуврал, "Аймшигтай нүүдэл" зургаан ангит кино, "Дархан хилийн соргог манаа", "Төв сайхан нутаг", "Тэнгэрийн хөвүүн", "Очирваань шүтээн мину", "Учиртай гурван толгойг учирлахуй", "Салхич шувууны нүргээн", "Гэрч", "Чөлөөлөх дайн" зэрэг 40 гаруй баримтат кино бүтээсэн кино найруулагчийн номын хуримд уригдсан зочид сэтгэлийн үгээ хэллээ.
Ё.Отгонбаяр: Кино урлагийн түүх ингэж бүтээгдэж байгаад баяртай байна
Түүхийн ухааны доктор, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайд Ё.Отгонбаяр: Би өөрөө үзэгчээс цаашгүй хүн байсан ч сүүлийн үед дэлгэцийн урлагтай холилдож хутгалдан түүхийн ном зохиол туурвиснаасаа хойш түүнийгээ кино болгох санаатай оролдоод яваад байгаа. Кино бол үзэхэд амархан ч хийхэд их хэцүү байдаг юм билээ. Өнгөрсөн жил тэрээр надтай тааралдаад энэ номыг бичиж байгаа гэхэд нь би “Та бичихгүй бол өөр хэн бичих билээ. Кино урлагийн түүхийн гэрч болсон энэ хүн бичихгүй бол өөр хэн биччихэв дээ гэж хэлж байсан. Цаашдаа олон ийм сайхан ном төрөн гарах болтугай. Манай тайз, дэлгэцийн урлагийн том сор болсон кино урлагийн түүх ингэж бүтээгдэж байгаад баяртай байна. Танд номын цагаан буян арвижих болтугай гэсэн ерөөл дэвшүүлье.
Б.Лхагвасүрэн: Байгаа хэдэн киног эмхэтгээд түүх намтартай, бүтээгчтэй нь хийсэн энэ ном бол их сайхан түүхэн бичвэр
Хөдөлмөрийн баатар, зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн: Өнөөдөр Жигжидсүрэн аархаж явсан цагтаа бичсэн бүтээлүүдээ эмхтгэн монголын киноны тухай сайхан номыг Цэцэгээгийн асрамжийн газарт бичсэнд их баяр хүргэмээр санагдаж байна. Их сайхан өдөр юм. Энэ дотор монголын кино үйлдвэрийн уран сайхны зөвлөлийн хурлын протокол байгаа. Түүнд би гурван удаа орж гурван удаа хөөгдөж гарч байсан болохоор их сайн мэддэг. Тэр үед үгээ хэлэх шиг хэлээд бүтээлээ бүтээсний дараа хайрлах шиг хайрладаг үнэн цаг байжээ. Дараа нь бид кино гарсны дараа бүгдээрээ л баярлацгаадаг. Ямар ч сайхан үнэн байсан юм бэ дээ. Өнөөдрийн монгол орон сая 500 мянга гаруй квадрат метр талбайтай жүжгийн тайз болжээ. Гол дүрүүд нь бол олон хулгайч, луйварчинтай, олон худлаа хүнтэй, ухаантай болох гэсэн солиотой хүмүүстэй тийм сайхан жүжгийг орон даяар тавьж буй энэ үед ийм сайхан ном гаргаж буйд би их талархаж байна. Дамбадаржаагийн зам руу явж байхад зам дагуу 3-4 цагаан байшинд киноны архив гэж байлаа. Тэрэн дотор байсан бүх хальс ардчиллын эхэн үеэр байхгүй болсон. Тэгсэн миний нэг найз дархан “Гурван хайрцаг киноны хальс авахаар хоёр мөнгөн аяга болдог юм” гэж хэлсэн. Тэр хальснуудыг бүгдийг шатаагаад хайлуулаад мөнгөн аяга болгосон доо. Бидний бага залуудаа үзэж байсан гадаадаас орж ирсэн кинонууд болон монголын кинонууд. Тэгэх нь байтугай бүүр хожим бид хоёрын хийсэн “Араатан” гэдэг кино нэг жижигхэн мөнгөн аяга болсон, одоо болтол олдоогүй. Би зургаан буудалд явж байгаад нэг айлын хашааны хажуугаар өнгөрөхөд тэр айл хашааны ёроолоо киноны хальсны таг, ёроол хоёроор битүүлсэн байсан. Тэгсэн нэг таган дээр нь “Сатко-Гуравдугаар бүлэг” гэж миний бага залуудаа үзэж байсан киноны нэр байхад жигтэйхэн харуусах сэтгэл төрөх шиг, киноны архив гэдгийг тэгж устгасан даа бид. Мөнгөн аяга болчхоогүй байгаа хэдэн киног эмхтгээд түүх намтартай, бүтээгчтэй нь хийсэн энэ ном бол их сайхан түүхэн бичвэр болжээ гэж би Жигжидсүрэндээ баярлаж байгаа. Монголын киночид , кино урлагийн зөвлөл гэдэг бол үгээ үнэн хэлдэг дараа нь үнэн голоосоо баярлаж чаддаг улс байжээ. Өнөөдөр би тийм хүмүүсийг эрээд ч олохгүй байна.
П.Цэрэндагва: Зэмлэл магтаал хоёрыг зэрэг даахад надад нөлөөлсөн хүний нэг нь миний багш
Найруулагч Г.Жигжидсүрэнгийн ууган шавь нарын нэг Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва: Миний сэтгэл их хөөрч, баярлаж, догдолж байна. Учир юунд вэ гэхээр багшийн маань хоёр дахь номын хурим болж байна. Юутай ч багштайгаа хамт байгаад баярлаж байна. Зэмлэл магтаал хоёрыг зэрэг даахад надад нөлөөлсөн хүний нэг нь миний багш юм. Манлай баатарт тоглоход миний авьяас билгээс илүү тэр цагт шавьдаа итгэсэн итгэл байсныг хэлэхийг хүсч байна. Надад Манлай баатрын дүр оногдсон өдрөөс хойш “Энэ сайхан киног яйран болгочих вий” гэсэн яриа нэхэл мэт намайг дагасан. Харин хажууд минь миний багш, хамтран тоглогч Л.Эрдэнэбулган нар нөмөр болж байсан юм.
Эх сурвалж: Eagle.mn