Монголчуудын аугаа өв соёлуудын илэрхийлэл болсон "Морин хуур" хөгжим Европ тивд нутагших, эгшиглэх, алдарших нэгэн сайхан үлй хэрэг болсон тухай таатай мэдээллийг уншигчиддаа хүргэх гэж байна. Тодруулбал Австри улсын Вена хотын Ф.Шубертын нэрэмжит Консерваторийн оюутан, Морин хуурч Б.Санжаажав Монгол үндэсний морин хуур хөгжмийг тус сургуулийн сургалтын системд нэвтрүүлж, морин хуурын дөрвөн жилийн сургалттай бакалаврын зэрэг олгох анги нээлгэхээр болжээ. Энэхүү үйл хэрэг нь баталгаажиж тус Консерваторийн захирал хатагтай Даниела Эггтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Морин хуурч Б.Санжаажав нь ХБК-ийг морин хуурч мэргэжлээр төгссөн бөгөөд эдүгээ тус сургуульд урлаг судлалын чиглэлээр суралцахын зэрэгцээ морин хуур хөгжмийг дэлхийд нэр хүндээр тэргүүлэгчдийн эгнээнд жагсдаг тус сургуулийн сургалтын системд багтаахын тулд өөрөө дөрвөн жилийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сургуулийн сургалтын хөтөлбөртэй нийцүүлэн боловсруулж төсөл болгон танилцуулжээ. Ингээд төслийг Консерваторийн сургалтын алба, Удирдөх зөвлөл удаа дараа хуралдан хэлэлцээд дөрвөн жилийн сургалттай бакалаврын зэрэг олгох анги нээх шийдвэрийг 2017 оны хоёрдугаар сард гаргажээ. Ийнхүү Монголчуудын аугаа өв соёлуудын илэрхийлэл болсон "Морин хуур" хөгжим тун удахгүй Европ даяар эгшиглэх нь ээ.