Эрт цагаас дэлхийн бараг бүх л овог аймаг, улс гүрнүүд өөр өөрсдийнхөө аж төрөл, зан суртахуунд нийцүүлэн нар, сарны хөдөлгөөнд үндэслэн цагийн эргэлтийг тооцоолж, бүтэн нэгэн жилийг гүйцээгээд хуучин оноо энх үдэж, шинэ оноо мэнд угтсан баяр ёслолыг үйлдэж иржээ.
Одоо ч дэлхийн улс үндэстнүүд жилд нэг л удаа энэхүү эрхэм хүндтэй баярыг тэмдэглэсээр. Харин монголчууд жил тутам 3 удаа шинэ жилийн баярыг тэмдэглэж байгаа нь хүн бүхний мэдэх Цагаан сар, Наурыз, Ёолк буюу Сүлд модны баяр юм. Угтаа шинэ жилийн эдгээр баяр нь өнөөгийн дэлхий ертөнцөд ноёлож байгаа Будда, Христ, Ислам шашны зурхайн ухааны тооцооллоор буй болсон баярууд юм. Гэхдээ тэртээх 13 дугаар зууны үеэс аль ч шашин соёл, өв уламжлалд хүндэтгэлтэй хандаж ирсэн өвөг дээдсийнхээ уужим талбиу ухааныг монголчууд одоо ч уламжлан, нэгэн жилд гурван удаа, гурван өөр шашны шинэ жилийн баярыг нүсэрхэн тэмдэглэж байгаа нь энэ билээ.
Эдгээрээс Ёолк нь манай уламжлалд төдийлөн холбоогүй боловч 1921 оны хувьсгалын нөлөөгөөр Зөвлөлт Орос Улсаас Монголд нэвтрэн нутагшаад он жилийн уртад бид бүхний хүсэн хүлээдэг баярын нэг болжээ.
Христын шашинтай орнуудад оны сүүлчээр Гацуур, нарс, жодоо тэргүүтэн мөнх наст моддыг чимэглэн, шинэ жилийн баяраа тэмдэглэдэг байсан уламжлал Германы соёлын нөлөөгөөр дамжин 19 дүгээр зуунд Орост түгэн дэлгэрчээ. Оросоор гацуурыг Ель гэх бөгөөд шинэ жилийн баярт зориулж, чимэглэн зассан гацуураа Ёлка буюу гацуурхан хэмээдэг байжээ. Ёлка нь монголд ирээд Ёолк болсон юм.
Улсынхаа тусгаар тогтнолын баяраас ч илүүтэй догдлон хүлээдэг, түүнээсээ ч илүү өргөн тэмдэглэж баярладаг Ёолк хэмээх Оросын шинэ жилийн баяр хэдийд анх монголд орж ирсэн юм бэ? Энэ баяраар хэн, хэрхэн баярлаж байв?
Герман зэрэг барууны орнуудад суралцаж байсан залуу сэхээтнүүд орос эхнэрүүдээ дагуулан, Зөвлөлтийн сургагчидтай нийлж, зохиолч Д.Нацагдоржийн гэрт 1931 оны 12 дугаар сарын 31-ний үдэш цуглан, 1932 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 02 цаг хүртэл наргиж, шинэ оноо угтан хундага тулгаж байсныг монголчууд анх Ёолк тэмдэглэсэн явдал хэмээн онцлон үзэх нь бий.
Харин сүүлийн үеийн судалгааны ажлын үр дүнд ёолкыг 1931, 1932 оноос ч өмнө буюу 1924, 1925 онд Монгол төрийн хэмжээнд анх ёсолж, олон нийтээр тэмдэглэж өнгөрүүлж байсан нь баримтаар нотлогдож байна.
1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгаа тунхагласнаас улбаалан улс оронд олон шинэчлэл хийгдсэний нэг нь сар, өдрийг тоолох билгийн тооллын уламжлалыг халж, өрнө дахины Григорийн тоолол хэрэглэх болсон явдал юм. Тэрхүү Үндсэн хуулийг баталсан Улсын Анхдугаар Их хурлаас Монгол Улсын 14-р оны 11 сарын шинийн 1-ний өдрөөс буюу 1924 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн аргын тооллыг хэрэглэхээр тогтоосныг Засгийн Газар нийтээр зарлан тушаажээ. Гэхдээ төр баригч засаглалын алдар нэрээр жил тоолдог дорнын уламжлалыг хадгалан 1911 оноос эхэлсэн Монгол Улсын оны цол, тооллыг хэвээр үлдээж, Монгол Улсын 14 дүгээр он хэмээн үргэлжлүүлэн тоолжээ. Өөрөөр хэлбэл, 1924 оны сүүлчээс оныг дорнын аргаар, сар, өдрийг өрнөдийн маягаар тооцоолох болсон бөгөөд 1924 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг Монгол Улсын 14 дүгээр он, 12 сарын 27 хэмээн эрлийздүү хэлэх болжээ.
Тийнхүү Үндсэн хуулийн дагуу сар, өдрийг европ жишгийг баримтлан тоолсноор 1924 оны 12 дугаар сарын 31-нд Монгол Улсын 14 дүгээр он яахын аргагүй төгсөж, 1925 оны 1 дүгээр сарын 1-нд Монгол Улсын 15 дугаар он яалт ч үгүй эхэлсэн юм. Нэгэнт төрийн албан ёсны цаг тооллоор шинэ он эхэлсэн учир түүнийг ёслон өнгөрүүлэх нь зайлшгүй байжээ. Тэр ч ёсоор болох юм болдгоороо болж.
Энэ тухайд “Ардын цэрэг” сонинд нийтэлсэн “Шинэ жилийн ёслол” гэсэн мэдээнд:
“Энэ 15 дугаар он нэгэн сарын нэгний өдөр өглөө эрт үзвээс Ардын Засгийн Газар ба олон яам, албаны газраа их төлөв улаан өнгийн улсын шинэ далбааг хийсгэсэн бөгөөд Ардын Засгийн газраа олон албан хаагчид хуралдан бужигналдаж буй. Гэтэл 10 цаг болмогц Ардын цэрэг их жагсаалаар Ардын засгийн газрын өмнө хүрч ирээд дөрвөлжлөн жагсмагц, Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Ардын Засгийн Газрын эрх баригчид, албан хаагчид, бас нам, эвлэлийн гишүүд бүгдээр мөнхүү жагсаалын дэргэд хүрч очсон төдийгөөс Улсын Бага Хурлын Тэргүүлэгчид ба Ардын Засгийн Газрын эрх баригчид, Зөвлөлийн засагт Холбоот Улсын элчин нар цэргийн жагсаалын дотор орж, нэгэнт жагсан ёсолсон анги цэргүүдийн тус тусын өмнө хүрч, амрыг асуугаад, төв дундад зогссоны дараагаар Улсын Бага Хурлын Тэргүүлэгч Гэндэн бээр Улсын их хурлаас Ардын цэрэгт өргөмжилсөн их тугийг барьж, энэхүү 15 дугаар оны нэгэн сарын нэгний өдөр Улсын их хурлаас энэхүү тугийг ардын цэрэгт өргөмжилсний учир сэлтийг сонсгон хэлж, мөнхүү тугийг барьсанд Цэргийн яамны сайд, жанжин хамаарсан Цэенпэл хүлээн авч, ардын цэргийн төлөөнөөс хариу баярыг хүргэн гүйцэтгэсэн дараагаар жагсаалыг тарааж, их тугийг цуварсан жагсаалын тэргүүнд дэрвэлзүүлэн одов.
Бас мөнхүү ёслолд цугларагсад Ардын Засгийн Газар орсон ба мөн Ардын Засгийн Газраа шинэ жилийн зочилго цай барьж, ёсолжээ.
Жич: Мөнхүү үдэш Зөвлөлийн засагт Холбоот Улсын төлөөлөгчийн газар ба бас бус өөр газар буюу Залуучууд энэ тэр баяр бүрнээ бололцон ёсолсон нь бас ч өргөн хэмээмүй. Энэ нь даруй манай улсын шинэ улиралд орсны нэгэн их тэмдэг мөн ч боломой” хэмээн бичсэн байдаг.
Улсын Их Хурлаас тогтоон баталж, Засгийн Газраас олон нийтэд зарлан тушаасан учир нийтээр 1924 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс аргын тооллыг мөрдөх болсонтой холбогдуулан билгийн тооллын 1 дүгээр сарын 1 буюу хаврын эхэн сарын шинийн 1-нд ёсолж байсан уламжлалт шинэ жилийн баяр болох Сар шинийн баярыг аргын улирлын 1925 оны 1 дүгээр сарын 1-нд ёсолсон тохиолдол ч гарсан байна.
Тухайн үеийн Хан Хэнтий Уулын аймгийн Зотолхан Уулын хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнцагаан сумынхан ноёд баяд, тайж ард, лам хар, эр эм ялгалгүй нийтээрээ 1925 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр золголт хийж, шинэлцгээжээ. Оросоос орж ирсэн Григорийн он тооллыг дагасан ёолк хэмээх шинэ жилийн баяр байдгийг мэдээгүй байсан тэр цагийн монгол түшмэд төрийн албан ёсны цаг тооллоо баримтлан монгол шинэ жилийн баяр Цагаан сараа урагшлуулан тэмдэглэсэн ийм нэгэн түүхийг буруутгах үндэсгүй юм. Өнөөгийн япончууд ёолкыг дашрамдуулан уламжлалт шинэ жилийн баяр “Шёо гацү” баяраа хийж байгаатай адил явдал тэгэхэд болж, үүнийг нь ч тухайн үеийн монголын эрх баригчид том жижиггүй сайшааж байсан аж.
Нэгэнт аргын тооллоор ажил хэргээ явуулах болсон учир 1925 онд батлан мөрдсөн монголын анхны Хөдөлмөрийн хууль болох “Аливаа хүчин үнэлэгчдийн дүрэм”-д Шинэ жилийн нэгэн буюу жил бүрийн 1 дүгээр сарын 1-ний өдөр ажил хийхгүй амрах сайн өдөр мөн болохыг зааснаас хойш монголчууд ёолкоор 1 өдөр амардаг хууль хэвшин тогтсон түүхтэй.
Орос ёолк 1925 оноос монголд ийнхүү нутагшиж эхэлсэн боловч бид бүгдийн хүүхэд насны гэгээн дурсамжид мөнхөрсөн цан хүүрэг татуулсан, цагаан сахалтай Өвлийн өвгөн маань бүр хожуухан манай оронд зочилсон аж.
1946 оны сүүлчээр Улсын Багшийн Дээд Сургуулийн хурлын танхимд болсон МАХН-ын Төв Хороо, Засгийн газрын 1947 оны ёолконд өвлийн өвгөн болсноос эхлэн Төв ёолконы Өвлийн өвгөний дүрийг олон арван жил бүтээж, Монголын ард түмний зүрхэнд Өвлийн өвгөний дүрийг гагнасан БНМАУ-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн гуай “Улаанбаатарын мэдээ” сонины 1985 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн №2 (4962) дугаарт өгсөн “Өвлийн өвгөнийг сурвалжилсан минь” ярилцлагад Улсын төв театрынхаа шинэ жилийн баярт Монгол Улсын Ардын жүжигчин Д.Чимид-Осортой ээлжлэн Өвлийн өвгөн болж байсан, 28 настай залуухан хархүү Засгийн газрын шинэ жилийн баярын анхны өвлийн өвгөн болсон талаараа дурссан байдаг.
Түүнчлэн Д.Чимид-Осор гуайн бичиж, Ардыг Гэгээрүүлэх яамнаас 1946 онд нийтлүүлсэн “Сурагчдад зориулсан шог үзэгдэл” хэмээх жүжиглэх урлагийн бяцхан сурах бичгийн өмнөх үгэнд:
“Эл үзэгдлүүдийг Улсын хөгжимт драматик театрын Сургуулийн багш бөгөөд Улсын гавьяат жүжигчин Чимэд-Осор голчлон зохиож өөрийн сургуулийн сурагчдад 1946 оны ёолк дээр тоглосон нь нэлээд сонирхолтой болсныг хамт тэмдэглэж, тус улсын доторх олон сургуулиуд ба тэдгээрийн уран авьяастан сурагчдын тоглоход бага боловч тус болох болов уу гэж найдна.
Жич эл үзэгдлийг ёолкийн үед тоглосон учир үзэгдэл болгон дээр ёолкийн өвгөн “өвлийн өвгөн”-тэйгээр бичсэн юм. Иймд заавал өвлийн өвгөнөөр тоглуулна гэх явдалгүй бөгөөд ямар нэгэн настан хүн байж болохыг тэмдэглэе” хэмээсэн байдаг.
Театр хэзээд олон түмнийг түүчээлэн дагуулагч оюун санааны төв байдаг учир тэр цагийн Төв театрын шинэ жилд анхлан монгол Өвлийн өвөө амилж, түүнээс улбаалан 1947 оны шинэ жилээс төрийн ёолкон дээр театрын өвлийн өвөөг урин залах болсон нь тэр ажээ.
Ардын Жүжигчин Д.Гомбосүрэн гуайн дээрх дурсамж, “Сурагчдад зориулсан шог үзэгдэл” товхимлын өмнөх үг, бусад аман мэдээ, дуртгалаас анзаарахад Ардын жүжигчин Д.Чимид-Осор гуай 1940-өөд оны эхэн үеэр Төв театрын ёолконд өвлийн өвгөний дүр бүтээж, түүнийгээ бусдадаа зааж сургаж байсан зэрэг нь түүнийг Монголын анхны өвлийн өвөө гэдгийг илтгэдэг. Харин Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай Төв театрын ёолконы өвлийн өвгөнөөр өөрөөсөө 6 насаар ах Д.Чимид-Осор гуайтай ээлжлэн тоглож байгаад 1946 онд Төрийн ёолконы анхны өвлийн өвөөгийн дүрийг бүтээснээс хойш энэхүү хүндэт албаа он удаан бахархам хааж, тэр л төрхөөрөө монголчуудын сэтгэлд хоногшин үлдсэн билээ.
1940 онд “Х.Чойбалсангийн Үндсэн хууль” батлагдаж, Монгол Улс хөрш Зөвлөлт Холбоот Улсаа үг дуугүй даган явах болсон, Дэлхийн II дайны үеийн Зөвлөлтийн үзэл суртлын ажлын нөлөөгөөр монголд оросын соёлын нөлөө хүчтэй нэвтэрсэн, улмаар их дайнд хоёр орон хоёул ялалт байгуулсан зэрэг 1940-өөд оны эхэн хагасын өрнүүн явдлууд монголд өвлийн өвөө зочлох үүд хаалгыг цэлийтэл нээсэн юм.
Угтаа орос зүгийн шинэ жил манай Сар шинийн баяр шиг ураг төрөл, айл гэрийн халуун баяр боловч бүгдийг нийтийн болгож, бүхнийг дундаа хувааж, хамтаар хүртэх учиртай социалист номлолоос болоод хуучны монголд албан газар, аж ахуйн байгууллага, сургууль цэцэрлэг бүхэн хамтаараа ёолк хийж, бултаараа бут баярладаг болов.
Хүүхэд болгоныг, хүн бүхнийг алагчлалгүй, гэхдээ ганц удаа баярлуулах албатай Өвлийн өвөө монголд хөл тавингуутаа л коммунизм байгуулахын төлөөх социалист уралдааныг дүгнэн шагнал гардуулагч мэргэн шүүгч өвөөгийн дүрд хувирсан гэдэг. Эхэндээ зөвхөн түрүүлсэн томчуудад бэлэг гардуулж байснаа сургууль болгоноор зочлон очиж, заавал ч үгүй онц сурлагатан, сайхан дуулдаг, гоё бүжиглэдэг, мундаг барилддаг, хурдан гүйдэг шилдэг хүүхдүүдийг онцолж бэлэг өгөөд, дагуулж очсон алиалагчаараа арч муутай заримыг нь дурандуулан ичээж зовоодог заншил тогтоов.
Монголчууд бид 1990 оны Ардчилсан хувьсгалын үр дүнд олж авсан эрх чөлөөгөө ёолкоор жинхэнэ мэдэрч, дур дурандаа, дов довондоо, сав савандаа ардчилсан уралдаанаа дүгнэн, Оны тэргүүний, манлай, шилдэг өргөмжлөлтнүүдээ тодруулж, бүгдээр баясан хөөрөх болсон нь өнөөдөр ч үргэлжлэн байна. Ёолконоос хойш төд удалгүй залгадаг монголын уламжлалт шинэ жил – Сар шинийн баяраар дахиад бүтэн жилийн сайчуудаа шалгаруулж, бөөн будилаан хутгана.
Ардчиллын буянаар монголд хүүхдийн эрхийг ихэд дээдлэх болсон тул Өвлийн өвөө хүүхдүүдийг ялгаварлахаа болиод бяцхан жаалуудад сургуулийн, ангийн, ах дүүсийн, гэр бүлийн шинэ жилээр удаа дараалан ундаа чихэр тэргүүтэн ууж идэх уут уутнаар нь өгч, социализмын шархыг нөхдөг болсон гэнэ лээ.
ЁЛКА хэдийгээр харь гаралтай баяр боловч ийнхүү монголчуудын сэтгэлд гэгээн дурсамж үлдээдэг, хүүхэд насыг нь хөглөдөг, ирлэж хурцалдаг, урам зориг хайрладаг сайхан баяр ёслол болон хувирч, ЁОЛК болон монголжсон түүх ийм буюу.
Түүхч, Тайжууд Х.Мөнхбаяр