Энэ жил 16 дахь удаагаа зохион байгуулах гэж буй “Хонг Конг- Азийн кино хөрөнгө оруулалтын форум”-д Монгол кино төсөл анх удаа шалгарчээ. Тус форумд шалгарсан 25 төслийг албан ёсоор зарлахад Монголын найруулагч О.Баасанжаргал, продюсер Б.Өсөхбаяр нарын хамтран бүтээсэн “Үйлийн үрийн цоорхой” төсөл Монгол улсаас анх удаагаа шалгарсан байна. Уг шалгаруулалтад дэлхийн 13 орны 360 гаруй төсөл өрсөлдсөнөөс Монгол, Камбож, ОХУ-ын уран бүтээлчдийн төсөл анх удаа шалгарчээ. Ингэснээр Монголын кино уран бүтээлчид олон улсын хэмжээнд өрсөлдөн, кино төсөлд хөрөнгө оруулалт босгох, нэр хүнд бүхий продакшин компаниудтай хамтран ажиллах боломж нээгдэж байгаа ажээ.
“Хонг Конг-Азийн кино хөрөнгө оруулалтын форум” нь Азийн хамгийн нөлөө бүхий кино санхүүжилтийн платформд тооцогддог бөгөөд жил бүр 30 гаруй орны 1000 гаруй тэргүүлэх хөрөнгө оруулагчид, продюсерүүд, дистрибьютерүүд, худалдан авагчдыг чадварлаг кино уран бүтээлчидтэй холбон, тэдэнтэй хамтран ажиллах гүүр нь болж өгдөг байна. Өнгөрсөн жил буюу 15 дахь удаагийн форумд кино уран бүтээлчид 204600 ам.долларын сантай 14 шагналын төлөө өрсөлджээ.
А.Сүрэн