Венецийн дүрслэх урлагийн 57-р олон улсын биеннальд оролцоод ирсэн “Хөх тэнгэрийн доор төөрөгсөд” үзэсгэлэн энэ баасан гарагт буюу нэгдүгээр сарын 26-нд 976 урлагийн орон зайд нээлтээ хийж, олон нийтийн хүртээл болох гэж байна. ARTNET NEWS сэтгүүлээс дэлхий дээр хамгийн нөлөөтэй, өндөр нэр хүндтэй дүрслэх урлагийн наадмуудыг жил бүр эрэмбэлэн жагсааж зарладаг ба Венецийн биенналь байнга тэргүүлсээр ирсэн байдаг. Монгол улс өнгөрсөн жил энэхүү чухал үзэсгэлэнд 2 дахь удаагаа тус биенналийн ерөнхийлөгч Паоло Бараттагийн урилгаар оролцсон юм.
Монгол улсын төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж, уран бүтээлч О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нарын хамтарсан “Хөх тэнгэрийн доо төөрөгсөд” үзэсгэлэнг Венецид 6 сарын туршид нийт 100.000 гаруй улс төр, бизнесийнхэн, урлаг судлаачид, сонирхогчид, уран бүтээлчид ирж үзсэн ба олон улсын хэвлэлд 150 гаруй мэдээ, нийтлэл, жиргээ гарсны дотор Art Radar, One Art Nation, Oxford, Asian Art Newspaper, About Time, Artslife, Flash Art зэрэг 20 орчим олон улсын сэтгүүл нийт 100 гаруй үзэсгэлэнгээс заавал үзэх үзэсгэлэнгийн тоонд жагсаасныг харахад Венецийн биеннальд Монгол улсын павильон тун амжилтай оролцсоныг гэрчилнэ.
“Хөх тэнгэрийн дор төөрөгсөд” үзэсгэлэнг 2017 оны Венецийн дүрслэх урлагийн биеннальд Монгол улсаас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч, Монгол Улсын Их Хурлын Гишүүн Цэндийн Мөнх-Оргилын санаачилгаар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос Art Space 976-ын дэмжлэгтэйгээр 2018 оны 1-р сарын 26-аас 2-р сарын 9-ний хооронд зохион байгуулж олон нийтийн хүртээл болгоно.
Байршил: Art Space 976, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жамьян гүний гудамж, Чойжин суит 1-р давхар (Blue Sky зочид буудлын замын урд, ICC Tower-ын баруун талд)
Холбогдох утас: 99051127, 94051127
Имейл: [email protected]
Вэб: http://mongolia-pavilion-venice-biennale.com
Б.ЭНХ